Хойд Солонгосын “Муур ба хулгана” тоглоом

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын “Муур ба хулгана” тоглоом

Хойд Солонгосын “Муур ба хулгана” тоглоом

Хойд Солонгос НҮБ-ын хоригийг үл ойшоож, өөр улсад бүртгэлтэй хөлөг онгоц ашиглан, түлш шатахууны хэрэглээгээ хангасаар байгаа.

Хойд Солонгос ба дэлхийн улс орнуудын энэ “Муур ба хулгана”-ын тоглоомын цаана Хятад ба Орос гэсэн хоёр гүрэн далд хэлбэрээр оролцсоор байгаа гэх шүүмжлэл, таамаглалыг олон улсын шинжээчид хэлсээр байна. 

Пуужингийн болон цөмийн хөтөлбөрөө зогсоох асуудлаар Пхеньянтай хэлэлцээрийн ширээний ард суухыг НҮБ чухалчилдаг. Үүний тулд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Хойд Солонгосын эсрэг удаа дараа хориг арга хэмжээ авч, эдийн засгийн хоригоо жилээс жилд чангатгасаар ирсэн.

Гэвч Хойд Солонгос НҮБ-ын хориг арга хэмжээг үл хайхран Танзани, Тонго зэрэг Африкийн орнууд, мөн Номхон далайн Палау улсад бүртгэлтэй хөлөг онгоцыг ашиглан задгай тэнгист ачаа тээвэрлэсээр байгаа аж. Үүнийг нотлох хэд хэдэн баримт бүхий АНУ болон Өмнөд Солонгос, АНУ-ын Зэвсэгт хүчний мэдээллийг Японы засгийн газрын эх сурвалж мэдээлжээ.

Хөлөг онгоцууд Хойд Солонгосын нүүрсийг ОХУ, Хятад тэргүүтэй улс оронд хүргэх ажлыг гүйцэтгэдэг, эргээд түлш, шатахуун зэрэг газрын тосны бүтээгдэхүүнийг Хойд Солонгост нийлүүлдэг аж.

2017 оны арваас арванхоёрдугаар сарын хооронд Хойд Солонгосын хөлөг онгоцнууд Зүүн Хятадын тэнгис болон Өмнөд Хятадын тэнгист өөр хөлөг онгоц руу ачаа бараа сэлгэн ачсан тохиолдол цөөнгүй гарсныг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин мэдэгдсэн байна. Гадаад улсад бүртгэлтэй тэдгээр хөлөг онгоц байршил болон аяллын хурдыг мэдээлдэг автомат тодорхойлох систем /AIS/-ээ унтраасан байдаг аж.

Энэ бүхний ард Орос, Хятад гэсэн хоёр том гүрэн далд хэлбэрээр Хойд Солонгостой сүлбэлдэн хуйвалдаж байгааг батлах аргагүй, гэхдээ шатахуун, боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүн Хойд Солонгосын хөлөгт шилжүүлэн ачсан хэрэгт тэд холбоотой гэх хардлага, таамаглал бий гэж Japan Times мэдээлжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн есдүгээр сард Хойд Солонгосын эсрэг авч хэрэгжүүлэх эдийн засгийн хориг арга хэмжээг өргөжүүлэх тогтоол баталсан. Ингэснээр задгай тэнгист Хойд Солонгосын хөлөг онгоц руу ачаа, бараа шилжүүлэн ачих, нийлүүлэхийг хориглосон юм. Түүнчлэн Хойд Солонгост нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг 90 хувиар танах шийдвэр гаргасан билээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж