Чөлөөт бөхийн хүнд жингийн өрсөлдөөн сэргэжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн хүнд жингийн өрсөлдөөн сэргэжээ

Чөлөөт бөхийн хүнд жингийн өрсөлдөөн сэргэжээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч долоо хоногт Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол бөх тэр дундаа чөлөөт бөхийн тамирчин олимпийн их наадмаас анх медаль хүртсэний 50 жилийн ой, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий 40 жилийн ойн нэрэмжит болсон тус тэмцээнд 25 байгууллагын 300 гаруй тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд өрсөлдсөн юм.

Дэлхийн бөхийн холбооны шинэчлэгдсэн дүрмээр явагдсан улсын аварга шалгаруулах тэмцээн гурван өдөр болж, дүнгээ гаргасан.

Өмнөх жилүүдэд тэмцээний урд өдөр жингийн үзлэгийг авдаг байсан бол энэ жилээс эхлэн тэмцээн болох өдрийн өглөө тамирчид жингээ үзүүлдэг болсон байна. Мөн тамирчидад хэрэгтэй витамин, эко усыг “Монос” группээс бэлтгэн өгчээ. Тэмцээнийг Дэлхийн бөхийн холбооны баталгаажсан “TAISHAN” фирмийн гурван дэвжээг ашиглан зохион байгуулсан байна.

Олимп, дэлхийн аваргын медальтнууд олноор барилдсан “Хангарьд”-ын дэвжээнд онцлох бөхчүүд олон байлаа. 

Ц.ЧИНЗОРИГ 61 КГ-ЫН ЖИНД ТОДРОВ

Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд дэлхийн аваргын хошой хүрэл медальт гавьяат тамирчин Э.Бэхбаяр жиндээ торолгүй түрүүлсэн. Тэмцээний нээлтийн үеэр түүнд “Эрдэнэт” үйлдвэрээс гурван өрөө байрны батламжийг гардуулан өгсөн юм.

Э.Бэхбаяртай шигшээ барилдаанд спортын мастер Ц.Чинзориг барилдсан. “Мэргэд хангай” клубын тамирчин Ц.Чинзориг эхний барилдаанд улсын хоёр удаагийн аварга Т.Түвшинтулгыг цаг дуусахаас өмнө оноог тэнцүүлж, ялалт авснаар ордонд байсан үзэгчдийг шуугиулаад авсан.

Эхний өдөр барилдаанд Э.Бэхбаяр 61, Б.Бямбадорж 70 кг-д, Д.Гомбодорж 79 кг-д, Л.Төртогтох 92 кг-д аваргалсан.

Энэ удаагийн УАШТ-ий медалийн анхны эзнээр эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Орхон аймгийн тамирчин Б.Халиунаа тодорсон. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд “Хасумегастарс” багийн Б.Дөлгөөнийг ялж, нутгийн үзэгчдээ баярлуулаад авсан.

Эхний өдрийн онцлох тамирчин бол олимпийн хүрэл, дэлхийн хошой аварга, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг байсан бөгөөд тэрбээр бүх өрсөлдөгчөө цэвэр ялснаар улсын аваргын зургаа дахь түрүүгээ хүртсэн. Өнгөрсөн онд П.Орхонд ялагдаж, дэлхийн аваргыг өнжсөн С.Батцэцэг энэ жил 65 кг-ын жинд барилдлаа.

Г.МАНДАХНАРАНГИЙН БАГШ ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЭВ

Тэмцээний хоёр дахь Ц.Цогбадрах 57 кг-д, Г.Мандахнаран 74 кг-д, Б.Зоригтбаатар 97 кг-д түрүүлж, улсын аварга болсон. Тэднээс Б.Зоригтбаатар анх удаа улсын аварга болохдоо энэ жингийн хүчтэй өрсөлдөгчийн нэг Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт П.Өсөхбаатарыг ялж, шуугиан тарьсан. Тэр дундаа энэ удаагийн УАШТ хүнд жин олон сайхан барилдаан гарсан юм.

Үүнээс гадна дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга, “Рио 2016” олимпийн наадмын шагналт V байрын эзэн Г.Мандахнаран 74 кг-д түрүүлж, улсын аваргын түрүүгээ дахин нэгээр нэмсэн. Тэрбээр нийт долоо дахь түрүүгээ хүртсэнээс гадна дөрвөн өөр жинд түрүүлсэн анхны эрэгтэй бөх болсон хосгүй амжилтыг “Хангарьд”-ын дэвжээнд гаргасан.

Г.Мандахнаранг шигшээ барилдаанд З.Сумъяабазартай барилдах үеэр дасгалжуулагчийн суудалд Ц.Цогтбаяр багш суухыг хүссэн ч дүрмийн дагуу шүүгчид зогсоосон. Учир нь Дэлхийн бөхийн холбооноос дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын дасгалжуулагчийн эрхийг гурван жилээр хасах шийдвэр гаргаад байсан. Харин тэд дасгалжуулагчийн суудалд суухыг хүсэж, Дээд шүүхээс хүчингүй болгосон бичгийг холбооны шүүгч болон нарийн бичгийн даргад гардуулан өгсөн юм. Гэсэн ч шүүгчид дүрмээ баримталж, дасгалжуулагч Ц.Хосбаярыг суудалд суулгасан. Энэ мэтчилэн хоёр дахь өдрийн барилдааны үеэр чөлөөт бөхийн холбооны дотоод асуудал үзэгчдийн өмнө дахин хурцдаж, багш нар бухимдлаа илэрхийлсэн юм.

Мөн эмэгтэйчүүдээс дэлхийн аваргын гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа 72 кг-д, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Ш.Түмэнцэцэг 68 кг-д түрүүлж, дараагийн Батцэцэг гэж нэрлэгдээд буй Алтанцэцэгийн Батцэцэг 57 кг-д аваргын алтан медалийг хүртсэн.

ДАШТ-ИЙ МЕДАЛЬТНУУД ОЛНООР ДЭВЖЭЭНД ГАРЛАА

Тэмцээний сүүлийн өдөр олон сонирхолтой барилдаан гарсан. Тэр дундаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай барилдаж, медаль хүртсэн олон гавьяатууд багтсан юм. Тэдний дунд Б.Номин, С.Ням-Очир, П.Өнөрбат нарын дэлхийн медальтнуудаас гадна улсын аварга бөхчүүдийн тоонд зүй ёсоор нэрлэгддэг Н.Лхамгармаа, Б.Нэмэхбаяр, Д.Хүдэртулга нарын шилдэг тамирчид медальгүй буцсан нь өрсөлдөөн ямар байсныг илтгэнэ.

Гавьяат тамирчин Б.Номин хүрэл медалийн дагах барилдаанд эмчийн магадлалаар дэвжээнд гараагүй юм. Харин С.Ням-Очир 65 кг-д, О.Үйтүмэн 86 кг-д Н.Золбоо 125 кг-ын жинд аваргын алтан медалийг хүртсэн.

65, 125 кг-ын жинд хамгийн олон бөх буюу 30 бөх барилдсан юм.

Эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн аваргууд сүүлийн өдөр тодорсон бөгөөд эдгээр жинд хамгийн цөөн бөх буюу зургаан бөх барилдсан.

Дэлхийн аварга П.Орхон 62 кг-д түрүүлж, улсын аваргын гурав дахь түрүүгээ хүртсэн бол хашир туршлагатай А.Чанцалнямаа 76 кг-д аваргын алтан медалийг хүртсэн. Чөлөөт бөхийн спортоос холдож чадаагүй А.Цанцалнямаа хоёр хүүхэд төрүүлсэн ч дэвжээндээ дахин ирж, улсын аварга цолыг анх удаа хүртлээ. Тэрбээр өөрийн гол өрсөлдөгч дэлхийн аваргын хүрэл медальт, улсын 11 удаагийн аварга Б.Одончимэг, Азийн наадмын аварга Г.Наранчимэг нарыг цэвэр ялсан.

Багийн дүнгээр эрэгтэйчүүдийг “Алдар” тэргүүлж, “Хасу-Мегастарс”, “Аваргууд” бол эмэгтэйчүүдийг мөн “Алдар” тэргүүлж, “Хасу-Мегастарс”, “Женко” баг тамирчид удаах байрт орлоо.

2018 оны улсын аваргын шилдгүүдээ тодруулсан чөлөөтийнхөн энэ онд болох олон улсын тэмцээнд оролцох л үлдлээ.

 

 Гэрэл зургийг Монголын чөлөөт бөхийн холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж