БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна

БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна

БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 15-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхав.

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д айлчилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улстай тогтоосон “Иж бүрэн түншлэлийн харилцаа”-г “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрээр Монгол, Солонгос хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд өргөжүүлж, иргэдийн солилцоог тэлэх эрмэлзэлтэй байна гэв. Манай хоёр улс ардчилал, чөлөөт зах зээл зэрэг үнэт зүйлс нэгтэй болохыг Ерөнхийлөгч Мүн Жэ Ин онцлоод Зүүн Хойд Азийн бүс нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөө байдгаараа манай хоёр улс адил гэдгийг тэмдэглэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхны гадаад айлчлалаа “гуравдагч хөрш” БНСУ-аас эхлүүлсэндээ баяртай байгаагаа илэрхийлж, БНСУ-тай харилцах харилцаа Монгол Улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлдгийг нотлов. Монгол Улс ардчилал, зах зээлийн системд шилжсэн цагаас эхлэн БНСУ тууштай дэмжиж ирснийг дурдав. Энэ удаагийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, иргэдийн солилцоог бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Мөн ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Засгийн газар 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож буйд талархал илэрхийлж зээлийг Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг шийдвэрлэхэд ашиглах хүсэлтэй байна гэв.

Талууд хоёр улсын иргэд алсдаа харилцан визгүй зорчдог болох чиглэлээр харилцан хүчин чармайлт гаргах, Азийн супер сүлжээ зэрэг бүс нутгийг хамарсан томоохон төслүүдэд хамтран ажиллах талаар ярилцав.

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Зүүн Хойд Азийн бүс нутагт явуулж буй өөрийн санаачилсан “Шинэ Умардын бодлого”-оо тайлбарлаж, Евразийн зүрхэнд орших Монгол Улстай улам нягт хамтран ажиллах нөөц боломж их байгааг цохон тэмдэглэв.

Ирэх зургаадугаар сард зохиогдох Зүүн Хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын V Бага хуралд БНСУ-аас төлөөлөгч оролцохыг урив.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Пёнчан 2018” Өвлийн олимп дэлхийн улс түмний энхтайван, эв нэгдлийн баяр болоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсч, Өвлийн олимпийг зохион байгуулах нэр хүндтэй үйлсэд нь БНСУ-ын Ерөнхийлөгчид амжилт хүсэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж