Европын холбоо татварын орчин нь татвараас зайлсхийх, шударга бус давуу тал олгодог орнуудын хар жагсаалтад орсон 17 орноос Монгол, Панам, БНСУ, Арабын Нэгдсэн Эмират, Барбадос, Гренада, Макао, Тунис зэрэг найман орныг хасах асуудлыг хэлэлцэх гэж байна.
2017 оны арванхоёрдугаар сард Европын холбоо дээрх улсуудыг татварын асуудлаарх стандартыг мөрдөөгүй, татварын зорилгоор мэдээлэл солилцох, хамтран ажиллахаас татгалзсан, татварын асуудлаарх харилцан туслах олон улсын гэрээ конвенцэд нэгдээгүй гэсэн шалтгаанаар хар жагсаалтад багтаасан билээ.
Хар жагсаалтад багтсан 17 орны найм нь Европын холбоонд татварын орчноо сайжруулах арга хэмжээ авч, олон улсад мөрддөг стандартыг хэрэгжүүлэхээ амласны дараа дээр нэр дурдсан орнуудыг хар жагсаалтаас гаргахаар ярилцаж байна.
Монгол, БНСУ зэрэг дээр дурдсан найман улсыг хар жагсаалтаас гаргах тухай асуудлыг маргааш /2018.01.17/ Европын холбооны сайд нарын уулзалтын үеэр хэлэлцэн, ирэх долоо хоногт Брюссельд болох сангийн сайд нарын уулзалтаар эцэслэн шийдэх аж.
Харин хар жагсаалтад багтсан бусад орнуудын асуудал бүрхэг хэвээр үлдэж байна.
Нэр дурдсан найман орныг хар жагсаалтаас гаргах тухай саналыг Европын холбооны гишүүн 28 орны татварын шинжээчдээс бүрдсэн ажлын хэсэг дээрх орнууд татварын олон улсын стандартыг хэрхэн мөрдөж, татварын орчноо сайжруулах ямар арга хэмжээ авч байгаад дүн шинжилгээ хийсний дүнд гаргажээ.
Европын холбооны сангийн сайд нар хэрэв дээрх саналыг хүлээн авбал нэр дурдсан найман орныг хар жагсаалтаас гаргаж, саарал жагсаалтад оруулах ажээ.
Энэ нь татварын орчноо сайжруулж, ил тод байдлыг хангахад Европын холбоотой хамтарч ажиллахыг зөвшөөрсөн орнуудын жагсаалт юм байна. Саарал жагсаалтад одоогоор 47 орон багтдаг гэнэ.
Европын холбооны татварын хар жагсаалтад Люксембург, Мальт, Ирланд, Нидерланд зэрэг татвараас бултагчдын диваажин болсон орнуудыг оруулаагүй нь асар их шүүмжлэл дагуулсан.
Европын холбоо хар жагсаалтад багтсан орнуудын заримыг жагсаалтаас гаргах асуудлыг хэлэлцэхээр болсон нь магадгүй дээрх шүүмжлэлтэй холбоотой ч байж мэдэх юм.
Эх сурвалж: Reuters