Хятад асар том агаар цэвэршүүлэгч цамхаг босгожээ

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

Хятад асар том агаар цэвэршүүлэгч цамхаг босгожээ

Хятад асар том агаар цэвэршүүлэгч цамхаг босгожээ

Хятадын эртний нийслэл Сиань хотод 100 метр өндөр агаар цэвэршүүлэгч цамхаг босгожээ.

“Дэлхийн хамгийн том агаар цэвэршүүлэгч” гэгдэх уг байгууламжийг ашиглалтад оруулснаар ойр орчмын агаарын чанар мэдэгдэхүйц сайжирч байгаа гэж төслийг хариуцан ажилласан зохион бүтээгч нь ярьсан байна.

Хятадын Шинжлэх ухааны академийн Эх дэлхий, хүрээлэн буй орчны институтын судлаачид Шаньси мужийн Сиань хотод босгосон агаар цэвэршүүлэгч цамхгийн үйл ажиллагааг ажиглах, турших ажлыг хариуцаж байгаа аж. Судалгааны багийг ахалж буй эрдэмтэн Цао Жуньзигийн хэлснээр цамхгийг ажиллуулж эхэлснээс хойш хотын агаарын чанар 10 кв.км талбайд мэдэгдэхүйц сайжирсан бөгөөд агаар цэвэршүүлэгч цамхаг өдөрт 10 сая шоо метр цэвэр агаар үйлдвэрлэж байгаа гэнэ. Цамхгийн үр нөлөөг хянахын тулд ойр орчимд агаарын чанар шалгах 10 гаруй хянах төхөөрөмж суурилуулсан байна.

Агаар цэвэршүүлэгч цамхаг босгох ажлыг Шинжлэх ухааны академийн санаачилгаар 2015 оноос эхлүүлсэн бөгөөд барилгын ажил өнгөрсөн жил дуусчээ. Сиань хотын Чанань дүүрэг дэх хөгжлийн бүсэд байгуулсан цамхгийн зорилго нь бага зардлаар өндөр үр дүнтэй аргыг олох явдал гэнэ. Төслийн зардлын талаар мэдээлэл өгөөгүй байна.

Туршилтын үр дүнг ирэх гуравдугаар сард танилцуулах бөгөөд амжилттай хэрэгжсэн тохиолдолд Цаогийн багийнхан цаашид Хятадын өөр хотуудад илүү том хэмжээтэй цамхаг босгох гэнэ. Агаар цэвэршүүлэгч цамхгийг дээд тал нь 500 метр хүртэл өндөртэй, 200 метр диаметр хэмжээтэй байхаар хийж болох аж. Энэ тохиолдолд 30 кв.км талбайн агаарыг цэвэршүүлэх хүчин чадалтай байх гэнэ. Цао Жуньзи болон түүний багийнхан 2014 онд анх энэ төслөө патентжуулж авсан байна.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж