Ундаа, жүүс, ус үйлдвэрлэгч "Витафит" группт ажилласан байсан Ж.Батбилэг гэгч тус компанийнхан хугацаа нь дууссан дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийхээ кодыг сольж байгаа гэх бичлэгийг өчигдөр /2018.01.15/ олон нийтэд ил болгосон юм.
Ж.Батбилэгийн нийгмийн сүлжээнд тараасан бичлэг 2014 оны бичлэг ажээ Тэрбээр 2014 онд ажил дээрээ хариуцлагатай жижүүр хийж байхдаа дээрх явдлын гэрч болсон бөгөөд бичлэгийг нууцаар хийсэн болохоо өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан түгээсэн.
Олны анхаарлыг татсан, хүнсний аюулгүй байдалтай холбоотой уг мэдээллийн талаар "Витафит" группийн маркетингийн ажилтан н.Түвшинтэй холбогдож тодруулсан юм.
Тэрбээр "Нийгмийн сүлжээнд түгсэн мэдээллийг олж харсан. Энэ бол цэвэр гүтгэлэг. Бид хуулийн байгууллагад гомдол гаргасан байгаа. Мөн Мэргэжлийн хяналтын газарт хандаж, холбогдох шинжилгээг хийлгэж байна. Дээрх байгууллагуудаас хариу өгсний дараа олон нийтэд албан ёсоор мэдээлэл хийнэ’ гэлээ.
А.АНИР