УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2018.01.16/ хуралдлаа.
Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэх байсан ч Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 16 дахь илтгэлийг хариуцсан ажлын хэсгийн найман гишүүнээс дөрөв нь томилолттой байсан тул асуудлыг хойшлуулав.
Үүнээс болж УИХ-ын гишүүн Л.Болд, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нарын дунд багахан маргаан гарсан юм.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Хүний эрхийн асуудлыг та нар огт тоохгүй байна. Хууль зүйн байнгын хороо үүн дээр ажиллах ёстой. Яг асуудал хэлэлцэх гэхээр гурав дөрвүүлээ алга болчихлоо.
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:
-Хүний эрхийн асуудлыг та битгий улстөржүүл. Гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрхийн асуудал дээр бид ажиллаад явж байгаа. Хүний эрхийн хорооны гишүүн болох боломж нээлттэй. 2015 онд та нар Эрүүгийн хуулийн шинэчлэлээр нохойн бантан шиг юм хийсэн. Тэр хогийг чинь хойноос нь цэвэрлээд явж байна. Жижиг жижгээр ахиж байна. Нэг хуулийн үг хөдлөхөд цаана нь хэдэн мянган хүн хөдөлдөг гэдгийн жишээ энэ юм. Ний нуугүй хэлэхэд, та нарын балгийг цэвэрлэх гээд чадахгүй явж байна за юу. Та нар өмч хувьчлал, эдийн засгийн ил тод байдал гэдэг нэрээр хэдэн арван их наяд төгрөг шамшигдуулсан. Энэ бүгдийг шалгах ёстой. УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлого та нарт бүгдэд чинь бий. Зохих шатны байгууллага ажлаа хийж байгаа. Юм болгон руу орж ирж, дайрах хэрэггүй.
Үүний дараа Байнгын хороо Зөрчлийн тухай хуулиас охин компанитай холбоотой заалтыг хасах тухай асуудалтай танилцав. Уг заалтыг хасч байгаа учир нь УИХ-аар энэ өдрүүдэд Банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбоотой. Энэ хуулийн төсөлд арилжааны банкууд охин компани байгуулахыг хориглох заалт орсон тул Зөрчлийн тухай хуулиас охин компанитай холбоотой заалтыг хасах шаардлагатай болжээ. Дээрх заалтыг хасахын тулд санал хураадаггүй, зөвхөн танилцуулах хуулийн заалттай тул Байнгын хороонд танилцуулснаар хуралдаан өндөрлөв.