Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

76:1
“Харвард”-ын шавь

“Ньюс” агентлаг “76:1” буландаа УИХ-ын гишүүн Цэндийн Мөнх-Оргилыг онцолж байна.

Монголын дипломат харилцаа, хууль зүйн салбарт өөрийн мөрөө тодоор үлдээсэн эрхэм бол УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил юм. МАН-ын урдаа барих улстөрчийн нэг төдийгүй сайн хуульч.

Сэхээтэн гаралтай. Тэрбээр хуучнаар ЗХУ-ын  Москва хот дахь Олон улсын харилцааны дээд сургуулийг хуульч, дараа нь АНУ-ын “Харвард”-ын их сургуулийг олон улсын хуульч мэргэжлээр суралцан магистр хамгаалжээ. Нобелийн 30 гаруй шагналтнууд, дэлхийн нөлөө бүхий удирдагчдыг төрүүлсэн, чансаагаараа дэлхийд тэргүүлэгч “Харвард”-ыг төгссөн залуу боловсон хүчнээ МАН улс төрд сойхын тулд эхлээд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилсон байдаг. Шинэ сайдын ажил Японы Марубени корпорацын Монголын Засгийн газраас нэхэмжилсэн 18 сая ам.долларын заргатай “үзэлцэхээс” эхэлсэн түүхтэй. Хожим энэ тухайгаа экс сайд “Асар их ажиллаж, туршлага хуримтлуулсан шүүх хурал болсон” гэж дурссан нь бий.

Мөн тэрбээр 2000-2004 оны хооронд хууль зүйн салбарт ажиллахдаа хуулийг гууль болгон завхруулдаг байсан өмгөөлөгч нарыг цэгцэлж чаджээ.

Дараа нь Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржийн Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар ажилласан байна. “Харвард”-ыг төгссөн хоёр эрхэм богино хугацаанд нэг танхимд ажилласан боловч Монгол Улсын гадаад харилцааг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэжээ.

Гурав дахь удаагаа Засгийн газарт ажиллах боломж тохиосон нь Ерөнхий сайд асан С.Баярын тэргүүлсэн танхимд 2007-2008 оны хооронд Хууль зүйн сайдаар ажилласан зурвас үе юм. Гэвч 2008 оны долдугаар сарын 1-нд УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал үймээн болон хувирч, таван залуу амь насаа алдсан эмгэнэлт хэрэг явдал болсон. Тухайн үед Онц байдлын штабыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил удирдаж байсан ч иргэд рүү буудах тушаалыг өгөөгүй гэж мэдүүлсэн бол Онц байдал зарласан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Засгийн газрыг удирдаж байсан С.Баяр ч ийм тайлбарыг хийсэн. Эцэст нь цагдаагийн удирдлагууд нь ял авснаар энэ хэрэг намжсан.

Харин тэрбээр 2012-2016 оны хооронд улс төрөөс түр завсарлага авсан нь дээрх үйл явдалтай холбогдсон байж мэдэх ч удаан хугацаагаар өөртөө чөлөө өгөхийг хүсээгүй юм.  2016 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэнээр парламентад дахин сонгогдов.

Сонгуульд МАН ялалт байгуулж, Засгийн газраа байгуулахад Гадаад харилцааны сайдаар томилогдсон.

Ажлын гараагаа Гадаад харилцааны яамнаас эхэлж, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчийн газарт 2-р нарийн бичгийн даргаар ажиллаж байсан түүнийг салбартаа томилогдоход “12 жилийн дараа яамандаа эргэн ирлээ” гэж олзуурхсан хүн олон. Гэвч сайдын алба хаших хугацаанд дуулиант хэрэг мандсан нь XIVдалай ламтай холбоотой үйл явдал билээ.

Дээрхийн гэгээнтэн XIV далай ламын Монголд хийсэн гэнэтийн “айлчлал” нь шашны агуулгатай байсан ч Хятадын тал эгдүүцсэнээр хоёр орны харилцааны асуудал болж хувирсан юм. Эцэст нь Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Хятадын талд “Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай лам Монголд дахин айлчлахгүй” гэсэн байр суурь илэрхийлснээр энэ дуулиан намжсан. Энэ хугацаанд Гадаад харилцааны сайдаар ажиллахдаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон улсад хийсэн албан ёсны айлчлалыг амжилттай зохион байгуулсны зэрэгцээ Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан эдийн засгийн чуулга уулзалтад оролцох бэлтгэлийг богино хугацаанд гүйцэтгэж, олон асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байв.

Харамсалтай нь, УИХ-д 65 суудалтай МАН Засгийн газраа тогтвортой ажиллуулахыг хүссэнгүй, Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцсон шалтгаанаа Ж.Эрдэнэбатын танхимд үүрүүлснээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцруулж, сайдын тамгаа Ц.Мөнх-Оргил гишүүн фракц нэгтэй Д.Цогтбаатар гишүүнд шилжүүлж байв. Одоо тэрбээр сул гишүүн.

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1982 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
  • 1988 онд ЗХУ, Москва хот Олон улсын харлицааны дээд сургууль, олон улсын хуульч
  • АНУ, Харвардын их сургууль, хуулийн магистр

Ажилласан байдал

  • 1988-1991 онд Гадаад явдлын яам, олон улсын байгууллагын хэлтэс, дипломат атташе
  • 1991-1995 онд Монгол улсаас НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчийн газар, Дипломат III нарийн бичгийн дарга
  • 1996-1997 онд АНУ, Вашингтон хот, хуулийн пүүсэд хуульч
  • 1997-2000 онд “Мөнх-оргил идэш Линч” ХХК хуулийн зөвлөх, Гүйцэтгэх захирал
  • 2000-2004 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд
  • 2006-2007 онд Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
  • 2007-2008 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • 2012-2013 онд Монгол ардын намын нарийн бичгийн дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд

Шагнал

  • Алтан гадас одон
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

Гадаад хэл

  • Англи
  • Орос
  • Франц

Г.ХОРОЛ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж