Монголын татвар төлөгчдийн Үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбооноос өнөөдөр /2018.01.16/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гурван үндэслэлээр шаардлага хүргүүлж буй талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хуралд тус холбооны тэргүүн С.Чулуунбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жагар нар оролцов. Тэдний зүгээс шатахууны үнийг нэмсэнтэй холбоотойгоор иргэд, татвар төлөгчдөд учирч буй хохирлыг барагдуулахыг хүсчээ. Мөн шатахууны үнийг урьдын төвшинд аваачиж, эрх баригчдыг анхаарлаа хандуулж ажиллахыг шаардлаа.
Энэ үеэр тус холбооны тэргүүн С.Чулуунбаатар "Ард түмний нуруун дээр хэт их ачаа үүрүүлж байна. Бид нэгдсэн зорилгоор шаардлага тавьж, эцсийн үр дүнд хүрэхийн төлөө явна. Засгийн газарт шаардлага тавина. Хэрэв Засгийн газар иргэдээ сонсохгүй юм бол тэмцэнэ. Бид татвар төлөхөөс түдгэлзэхийг уриалах болно. Нефть импортлогчдын шатахуун оруулж ирдэг эрхийг нь хас" гэв.
Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жагар “Ерөнхий сайд маш хариуцлагагүй мэдэгдэл хийж, ард түмнийг талцууллаа. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар сайн хүний дүр эсгэж, татвар төлөгчдийг доромжилж байна. Энэ хооронд иргэд хохирсоор байна. Төр татвар төлөгчдөө дээрэмдэж байгаа учраас олон нийтийг татвар төлөхгүй байхыг уриалж байна” гэсэн юм.
Эдгээр хүмүүс хэрэв тэдний тавьсан шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.
Э.АРИУН