Номын дэлгүүрүүдэд шинэ соёл нэвтрүүлье

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

МОНГОЛ СЕРВИС

Номын дэлгүүрүүдэд шинэ соёл нэвтрүүлье

Номын дэлгүүрүүдэд шинэ соёл нэвтрүүлье

Номын дэлгүүрүүдийн орчин нөхцөл, санал болгох номын сонголт нэг үеэ бодвол харьцангүй сайжирсан. Номонд хандах иргэдийн хандлага ч эрс сэргэж, өөрт хэрэгцээтэй гэсэн номондоо гар татахаа больсон билээ.

Харин шинийг эрэлхийлдэг үйлчлүүлэгчдэд тулгардаг нэг асуудал бий. Аль ч номын дэлгүүрт орсон худалдааны менежерүүдийнх мэдлэг маш дутмаг. Наад зах нь дотоод болон гадаадын зохиолчдын хэвлэн нийлүүлж буй номын нэр, ерөнхий агуулга гэхчилэн анхан шатны мэдээллийг үйлчлүүлэгчиддээ өгч чадахгүй байх нь олонтаа. Заалаар нэг орилж бие биенээсээ асууна, “байгаа, байхгүй” гэж маргалдана. Гэтэл зарим нэг номын дэлгүүрүүд үйлчлүүлэгчээ дэлгүүрт нь 20 минутаас дээш ном уншиж зогсохыг хориглосон, анхааруулга наачихсан байдаг. Энэ нь хэр зохимжтой вэ?. Үнэхээр ийм шийдвэр гаргаж байгаа бол дэлгүүрт үйлчилж байгаа 4-5 худалдагчийнхаа ядаж нэгийг нь номын хөтөч болгох нь зүйтэй болов уу гэсэн бодол төрснийг нуух юун. Ингээд номын дэлгүүрүүдийн үйлчилгээний соёлыг энэ удаагийн дугаарын сурвалжилгаар хүргэж байна.

Монголын хамгийн том номын дэлгүүр гэх тодотголтой "Интерном" дэлгүүрийг зорилоо. Бага үдийн 11 цаг. ШУТИС-ийн замын урд байрлах Интерном их дэлгүүр нь 2004 оноос эхэлж үйл ажиллагаа явуулжээ. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд таван салбар салбартай, 30 гаруй мянган номын сонголттойгоор ажиллаж байна. Нэг давхрын заалнаас хамгийн онцлох тасаг нь хүүхдийн номын тасаг харагдаж байлаа. Тус дэлгүүр нь хүүхдийн нас сэтгэлзүйд тохирсон номыг төрөлжүүлэн худалдаалдаг гэдгээр бусад номын дэлгүүрээс онцлогтой. Мөн хоёр давхарт зохиолчидтой биечлэн уулзаж, гарын үсэг авах танхимтай цор ганц номын дэлгүүр юм. Харин бага үдийн 11 цагийн үед тус дэлгүүрээр гуравхан хүн үйлчлүүлж байлаа. Оюутан сурагчдын амралт эхэлсэн тул хүн цөөтэй байна гэдгийг дэлгүүрийн ажилтнууд учирлав. Энэ үеэр тус дэлгүүрийн мэдээллийн ажилтнаас дараах тодруулгыг авлаа.

-Сүүлийн үед ямар ном бестселлер болж байна вэ. Үнийн хувьд дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?

-Манайд худалдаалагдаж байгаа бестселлер номын жагсаалтыг энэ сард Ц.Оюунгэрэлийн “Жаран цагаан хонь” ном тэргүүлж байна. Хоёрдугаарт “Бүсгүйн амьдрал-Код”, гуравдугаарт “Цэвдэг жаран”, дөрөвдүгээрт Б.Сарантуяагийн “Самар хатан”, тавдугаарт ‘Газар доороос очсон тэмдэглэл’ ном орлоо. Үнийн хувьд 20-30 мянган төгрөгөөр худалдаалж байна. Харин хүүхдийн ном 500 төгрөгөөс 30 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Манай энэ салбарт хүүхдийн нас сэтгэхүйд тохируулан номнуудаа төрөлжүүлсэн гэдгээрээ онцлогтой. Ер нь хайсан номоо манай дэлгүүрээс олж авч болно. Бид хэрэглэгчдийнхээ тав тух, эрх ашгийг хамгийн түрүүнд тавьдаг.

-Танай дэлгүүрээр өдөртөө хэчнээн хүн үйлчлүүлдэг вэ?

-Сурагчдын амралт эхэлсэн болохоор бямба, ням гаригт эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ ихэвчлэн ирж байна. Харин манай дэлгүүрээр өдөртөө 200-300 хүн үйлчлүүлдэг. Мөн онлайн худалдаагаар хайсан номоо захиалж авч болно.

-Хэрэглэгчдийн зүгээс ямар гомдол түлхүү тавьдаг вэ. Зааланд ном уншихад тодорхой минут заасан байдаг?

-Нэг үеэ бодвол манай уншигчдын ном унших соёл дээшилсэн байна. Ер нь манай дэлгүүр зааланд ном унших минутыг зааж өгөхөө больсон. Тухайн үйлчлүүлэгч өдөржин ном уншаад худалдан авалт хийсэн ч болно. Тиймээс ном худалдан авахад цаг харгалзахгүй уншиж сонголтоо хийх боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.

Үүний дараа УИД-ийн зургаан давхарт байрлах “Мажестик” номын дэлгүүрийг зорив. Дэлгүүрийн үүдээр ороход зургаан худалдагч зогсож байв. Тэднээс номын үнэ ханшийн талаар мэдээлэл авахад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хүн  олдсонгүй. Мөн тус дэлгүүрийн зохион байгуулагчтай уулзахад манай дэлгүүрийн ерөнхий мэдээлэл менежерт байгаа бид нар мэдээлэл өгөхгүй гэсэн хариултыг хэллээ. Харин ажилтнуудын зүгээс манай дэлгүүр номнуудаа тасаг, тасгаар хуваагаад авчихсан болохоор хариуцсан хүн нь мэдээлэл өгөх журамтай. Өдөрт хэчнээн хүн үйлчлүүлж байгааг тоолоод суух боломжгүй. Өөрийнхөө хариуцсан хэсгийн хүмүүст л мэдээлэл өгдөг гэв. Ингээд сэтгэл гонсгор буцаж хайсан асуултаа олж чадсангүй. Уг дэлгүүрээр үйлчлүүлдэг энгийн иргэд ч толгой эргэм номын дунд хайсан номоо олж авч чаддаггүй мэт. Дэлгүүрийн зааланд ном худалдан авахаар цөөхөн хүн суугаа харагдана. Энэ үеэр тус дэлгүүрээр үйлчлүүлж буй иргэнээс дараах мэдээллийг авлаа.

Хан-Уул дүүргийн иргэн Б.Мөнгөнтуяа

-Номын дэлгүүрээр үйлчлүүлэхдээ хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

-Сүүлийн үед номын дэлгүүрийн үйл ажиллагаа, үйлчилгээ сайжирч байна. Ялангуяа Мир, Азхур, Интерном гээд олон дэлгүүртэй болсон байна. Миний хувьд өнөөдөр хүүхдэдээ ном авахаар зорин ирсэн. Ялангуяа хүүхдийн ном их сонирхож хардаг даа. Гэхдээ зарим үед хайсан номоо олохгүй буцдаг тохиолдол байдаг шүү.

-Яагаад?

Зарим үед хариуцсан тасгийнхан нь худалдагч зөвлөгч байхгүй үед, тэр ном хаана байгаа юм бол гээд асуудаг. Гэтэл нөгөө л монгол зангаараа алга болчихдог. Ер нь тоодоггүй байдалтай харагддаг. Тэгээд хайсан номоо олж чадахгүй тохиолдолд гараад л явчихдаг. Өнгөрсөн удаа гэхэд энэ дэлгүүрээс ном асуухад мэдэхгүй, бусдаасаа асуугаад, эцэстээ сураг алдраад явахаас аргагүй болсон.

Ингээд бид үйлчилгээний соёлтой номын дэлгүүрийн эрэлд дахин гарсан юм. Энэ удаад бидний хэлж заншснаар Багшийн дээдийн автобусны ард байрлах "Аз хур" номын дэлгүүрийг зорилоо. Үүдээр ороход бусад номын дэлгүүрээс арай бага талбайтай ч зааланд дөрвөн хүн ном уншиж байв. Энгийн үйлчлүүлэгчийн нүдээр харахад харилцааны соёл тун дутмаг санагдлаа. Худалдагчаас хүүхдийн ном хаана байрладаг вэ гэж асуухад дуу муутайхан "цаахна талд бий" гэв. Үүний дараа тус дэлгүүрийн талаар мэдээлэл авах гэсэн боловч хариуцсан хүн нь гараад явчихсан гэсэн хариултыг өглөө.

Сүхбаатар дүүргийн иргэн Г.Ганцэцэг

Өнөөдөр хүүхдэдээ зориулан сураг бичиг хайгаад явж байна. Зарим нь олдохгүй л байна. Худалдагч нараас нь асуухад гараад явчихсан мэдэх хүн байхгүй гээд сууж байна. Номын дэлгүүрээр тэр бүр үйлчлүүлээд байдаггүй. Гэхдээ үйлчилгээний байгууллагууд тухайн номын талаар мэдээлэл өгч чаддаггүй юм шиг санагддаг. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй.

Баянгол дүүргийн иргэн Б.Хишигжаргал

Би яг одоо Интерном дэлгүүрийг зорьж байна. Тэднийхээр үйлчлүүлэхээр амар байдаг юм. Өнөөдрийн хувьд найздаа ном бэлэглэх гээд явж байна. Ер нь зарим номын дэлгүүрүүд үйлчилгээ муутай, хэрэгтэй мэдээллийг өгөхдөө дутмаг юм шиг санагддаг. Миний хамгийн үйлчлүүлэх дуртай дэлгүүр Интерном. Би их ном уншдаг, тэр тусмаа хүнд бэлэглэх дуртай л даа. Номыг гаднаас нь хараад шууд авчихна гэсэн зүйл байхгүй шүү дээ. Заавал доторх агуулга, зохиолч, утга санаа зэргийг харж байж сонголтоо хийдэг. Нэг үеэ бодвол хүмүүс номын дэлгүүрээр их үйлчлүүлдэг болж. Үүнийгээ дагаад хэрэглэгчдэд үйлчлэх харилцаагаа дээшлүүлэх байх л гэж боддог ‘ гэв.

Энэ мэтээр үйлчилгээний байгууллагын соёл манай улсад үгүйлэгдэж байгааг та мэдэрч буй биз ээ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэгчийг хаанд өргөмжилдөг. Харин бид гэдийсээр.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж