Нийслэл хот түүхий самрын хогонд дарагджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Нийслэл хот түүхий самрын хогонд дарагджээ

Хоёроос гурван жилд нэг удаа тохиодог самар боловсрох их үрийн жил энэ онд тохиож байгаа. Самар бүрэн боловсрох хугацаа болоогүй ч найман сар гарснаас хойш хотын гудамжинд иргэд ил задгай түүхий самар зарах нь ихэссэн. Энэ талаар Нийслэлийн байгаль хамгаалах газрын ойн албанааас тодрууллаа.

Самрын болц бүрэн дууссан дараа буюу есдүгээр сарын 10-наас хойш иргэн аж ахуйн нэгж килограмм тутамд нь 500 төгрөг төлөөд зөвшөөрөгдсөн хэмжээнд самар түүж болохоор байдаг байна. Хэдхэн хоног хүлээгээд зохих ёсоор нь түүж, хэрэглэж болох байтал иргэд давархай асгарсан хуш моддын үрийг иймэрхүү байдалтай зарсаар хоёр долоо хоног боллоо. Боловсорч гүйцээгүй самар хэрэглэх нь байгаль орчинд төдийгүй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, үүний улмаас гэдэсний халдварт өвчний тархалт ихэсдэг тухай мэргэжилтнүүд анхааруулж байна. Ойн тухай хуулиар бол боловсроогүй самар түүсэн иргэнд 100 мянган төгрөгийн торгууль тавьдаг. Харин харамсалтай нь, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд үй түмэн самарчдын нэгэнд ч ийм торгууль тавьж чадаагүй аж. Учир нь самар түүж байгаа иргэд ихэвчлэн амьдралын боломжгүй, тэнэмэл гэгдэх иргэд байдаг байна. Тэд хэсэг бүлгээрээ нийлэн ууланд амьдран самар түүж, түүхий самрыг хотын төвд авчирч, гар дээрээс худалдаалдаг. Нийслэлийн байгаль хамгаалах газрынхан өнгөрсөн долоо хоногт 50 иргэнийг уулнаас албадан буулгасан ч ууттай самрыг нь хураахаас өөр хариуцлага тооцож чадаагүй ажээ. Гэвч ой модны төлөө идэвхтэй ажиллаж байгаа тэдний улсын байцаагчийн эрхийг Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга тушаал гарган хүчингүй болгосон тул үүнээс өөр хариуцлага тооцох эрх байдаггүй гэнэ. Харин яг хяналт тавьж, хариуцлага хүлээлгэх ёстой мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан хүмүүс байгаль дэлхийн өгөөш рүү хүн шунадаг энэ цагт амарч, шалгалт хийгдэж байгаа байх аа гэдэг хариуг утсаар өгч, тоймтой мэдээлэл өгч чадахгүй сууна. Ууланд гарч самарчидтай тэмцээд үр дүнгүй байгаа нь хотод самар худалдан авдаг хүмүүс байгаатай холбоотой ч гар дээрээс худалдаа хийж байгаа эдгээр иргэдэд хяналт тавих мэргэжилтнүүд нэгэн зэрэг амарч байгаа болохоор нийслэл хот ийнхүү түүхий самрын хогонд дарагдаж, хүүхдүүдийн гэдэс өвдсөөр байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж