Лавров Трампын гадаад бодлогыг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

Лавров Трампын гадаад бодлогыг шүүмжлэв

Лавров Трампын гадаад бодлогыг шүүмжлэв

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров АНУ-ыг дэлхий дахины тогтвортой байдлыг алдагдуулсан хэмээн буруутгаж, Доналд Трампын засаг захиргаанаас явуулж буй гадаад бодлоготой холбоотой эсэргүүцэл, шүүмжлэлийн урт жагсаалт танилцуулсан байна.

Лавров сэтгүүлчидтэй хийсэн оны эхний хэвлэлийн хурлын үеэр ийнхүү АНУ-ын засаг захиргааг шүүмжилсэн нь Трамп ОХУ-ын эсрэг эдийн засгийн шинэ хориг тавихаар төлөвлөж буйтай холбоотой гэж үзэж байна. Кремлийн эрх баригчдыг АНУ –ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж буруутгадаг боловч ОХУ үүнийг үгүйсгэсэн билээ.

Лавров мөн АНУ-ыг Хойд Солонгос, Ираныг байнга сүрдүүлж, олон улсад тогтворгүй нөхцөл байдал авчирсан хэмээн буруутгажээ. 

ОХУ-ын гадаад харилцааны сайд Трампын нэрийг дурсаагүй боловч АНУ-ын ерөнхийлөгч цахим сүлжээ твиттерийг ашиглан, Хойд Солонгос, Ираны удирдагчдыг заналхийлж, сүрдүүлсэн гэв.

Лавров мөн Солонгосын хойг дахь хямрал гүнзгийрэхэд АНУ гол үүрэг гүйцэтгэж байна хэмээгээд, тус хойгт үүссэн хурцадмал байдлыг дипломат аргаар шийдэхийн оронд зэвсгийн хүчээ нэмэгдүүлж байгааг буруутгасан байна.

Лавров мөн АНУ-ыг 2015 оны Ираны цөмийн хэлэлцээрээс гарахгүй байхыг анхааруулсан юм. Уг хэлэлцээг Барак Обамагийн засаг захиргааны үед АНУ, Хятад, ОХУ, Иран болон Европын хэд хэдэн орон хамтран байгуулсан билээ. Хэлэлцээ Ираныг цөмийн хөтөлбөрөө зогсоосон тохиолдолд тус улсын эсрэг эдийн засгийн хоригуудыг цуцлах тухай юм.

Кремль АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон эсэхийг холбооны мөрдөх товчоо мөрдөн шалгаж эхэлсэн нь Москва, Вашингтоны харилцаа муудах шалтгаан болсон юм. АНУ ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавьж, зарим дипломат төлөөлөгчийн газраа хаасны хариуд Москва АНУ-ын дипломат ажилтнуудыг улсаас хөөн гаргасан билээ.

ОХУ-ын гадаад харилцааны сайдын дээрх мэдэгдэлд Цагаан ордон одоогоор хариу өгөөгүй байна.

Эх сурвалж:CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж