Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр /2018.01.15/ нийт 290 дуудлага иржээ. Үүнээс зам тээврийн ослын 227 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 16 хүн гэмтэж бэртэн, орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ. Тухайлбал,
Нийслэлд:
- СХД-ийн нутаг дэвсгэр, Товчооны зам дахь “Сод монгол” шатахуун түгээх станцын урд Nissan Sunny маркийн автомашины жолооч нь Sonata-6, Prado маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас таван хүн гэмтсэн байна. Жолооч машин жолоодох үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Цагдаагийн байгууллагаас ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Орон нутагт:
- Төв аймгийн нутаг Жирмийн цагаан нуур орчимд Pruis-30 маркийн автомашины жолооч Landcruiser-200 маркийн автомашинтай мөргөлдөн, 45 настай Б-гийн амь нас хохирч, зургаан хүн гэмтжээ. Хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.
Э.Бурам