2017 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

2017 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа

2017 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2018.01.16/ Монгол улсын 2017 оны нийгэм, эдийн засгийн төлөв, статистик мэдээллийг танилцууллаа. Тухайлбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 7,2 их наяд төгрөг, зарлага, эргэн төлөгдөх зээлийн нийт хэмжээ 8,9 их наяд төгрөг болжээ. Төсвийн тэнцлийн нийт алдагдал 1,9 их наяд төгрөгөөр буурчээ. Ингэж буурах шалтгаан нь татварын орлого 1,4 их наяд буюу 27,3 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлжээ. Татварын орлого 6,3 их наяд төгрөг болж өмнөх 2016 оныхоос 1,4 их наяд буюу 27,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Улсын нийт орлогын 79,6 хувийг татварын орлого, 11,8 хувийг татварын бус орлого, 4,5 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 4,1 хувийг тогтворжуулсан сангийн орлого тус тус эзэлжээ.

Монгол Улс 2017 онд дэлхийн 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт барааны эргэлт 10,5 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 6,2 тэрбум ам.доллар, импорт 4,3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ 2016 оноос 2,3 тэрбум ам.доллар буюу 27,3 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Гадаад худалдааны тэнцэл 2016 оноос 304 сая ам.доллараар нэмэгджээ.

  • Хэрэглээний барааны үнэ 6,4 хувиар өсчээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2016 оныхоос 6,4 хувиар, 2017 оны арванхоёрдугаар сараас 0,5 хувиар өсчээ. Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөд хүнсний бараа, тээврийн хэрэгсэл худалдах авах, орон сууц, ус цахилгаан болон бусад түлшний үнэ, боловсролын үйлчилгээний үнэ, хувцас, бас бараа, гутлын үнэ өссөн нь голлон нөлөөлжээ. Тухайлбал, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөр 11,6 хувиар өссөн бол хувцас, гутал зэрэг бараа бүтээгдэхүүний үнэ 4,2 хувиар өссөн байна.

  • Гэмт хэргийн тоо 5092-оор өссөн байна

Улсын хэмжээнд 2017 онд 32259 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь 2016 онтой харьцуулахад 5092 хэрэг буюу 18,7 хувиар өссөн дүн гарчээ. Гэмт хэргийн гаралтыг ангилбал, өмчлөх эрхийн, хүний амь, бие, эрүүл мэндийн эсрэг, хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэргүүд өссөн нь гэмт хэргийн гаралт нэмэгдэхэд нөлөөлжээ.  

  • Орон сууцны үнэ 0,6 хувиар буурчээ

Нийслэлийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ 2017 оны дөрөвдүгээр улиралд 2010 оны эцсээс 82,2 хувиар өссөн бол 2016 оны үийнхээс 0,6 хувиар буурсан байна. Дүүрэг тус бүрээр нь авч үзвэл, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт 0,8 хувь, Баянзүрх дүүрэгт 0,5 хувь, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй  дүүрэгт0,4 хувиар тус тус буурчээ.

  • 0-5 хүртэлх насны нялхсын эндэгдэл буурчээ

2017 онд 73884 эх амаржиж 75734 хүүхэд төрсний 1406 нь гадаадад төржээ. Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 1009 болж, 2016 оноос 306 буюу 23,3 хувиар буурч, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1244 болж 23,6 хувиар тус тус буурсан байна.

  • Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 25500 байна

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 37100 болж, үүний 25500 мянга буюу 68,6 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд байна. Харин 11600  буюу 31,4 хувь нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж