Монголын гурван боксчин алтын төлөө тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Монголын гурван боксчин алтын төлөө тоглоно

БНСУ-ын Инчён хотноо үргэлжилж буй боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний долоо дахь өдөр буюу өнөөдөр мөнгөн медалийн төлөөх тоглолтууд болж, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ /64 кг/, ОУХМ Д.Отгондалай /56 кг/, Т.Чулуунтөмөр /75 кг/ Монголын гурван тамирчин тус тусын учраагаа буулган авснаар мөнгөн медалийн болзол хангаж, маргааш аваргын төлөө тулалдах эрхтэй боллоо. Харин 69 кг-д тулалдсан Б.Түвшинбат Хятадын тамирчинд ялагдсанаар хүрэл медалийн эзэн болж байна.

Энэ сарын 5-нд эхэлсэн тивийн аваргад 22 орны 150 гаруй ширэн бээлийтэн өрсөлдөж буй. Монгол Улсын баг тамирчдын тухайд олимпийн боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Р.Сайнбилэг нарын удирдлага дор найман боксчин тивийн аваргын рингэнд гарч тулалдсан. Тэмцээний эхэнд Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба, дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт, ОУХМ З.Энхзориг нарын шилдгүүд эхний тулаандаа ялагдсанаар тэмцээнээ орхисон ч бусад тамирчид учраа болгоноо буулган авснаар дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ /64 кг/, ОУХМ Д.Отгондалай /56 кг/, Т.Чулуунтөмөр /75 кг/ нарын гурван тамирчин аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болоод байна. Мөнгөн медалийн төлөөх тулаанд У.Мөнх-Эрдэнэ Энэтхэгийн тамирчинг 23:11 харьцаатай, Д.Отгондалай рингний эзэн орон БНСУ-ын тамирчинг 12:8-аар, харин Т.Чулуунтөмөр Туркменистаны боксчинг 16:11 харьцаагаар тус тус ялжээ. Харин Б.Түвшинбат Хятадын тамирчинд 29:10 харьцаатай ялагдал хүлээлээ.

Ирэх сард Азербайжаны нийслэл Баку хотноо болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх томоохон сорил тэмцээн болох Азийн аваргад Монголын ширэн бээлийтнүүд ямартай ч гурван мөнгөн медалийн эзэд болоод байна. Харин маргааш дээрх гурван тамирчин медалийн өнгөө хувиргах гол тулаанаа хийх юм. Финалын тоглолтууд 14.00 /орон нутгийн цагаар/ цагаас эхэлнэ.

Сонирхуулахад, Монголын боксчид 1971 оноос эхлэн Азийн аваргад шалгаруулах тэмцээнд тамирчдаа сойж эхэлсэн бөгөөд ихэнхдээ Азийн капиталист гэгдэх оронд Азийн АШТ болж байснаас 1970, 1980-аад онд цөөхөн удаа оролжээ. Гэхдээ оролцох бүртээ шахуу медальтай ирж,  Азийн аварга шалгаруулах тэмцээнээс  нийт 11 алтан медаль хүртэж байсан. Харин 2009 онд Хятадын Жухай хотноо болсон 25 дахь удаагийн Азийн аваргаас Монголын боксчид гурван хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр есдүгээр байрт бичигдсэн юм. Тухайн жил 48 кг-ын жинд Н.Төгсцогт, 57 кг-д Б.Жавхлан, 60 кг-д З.Энхзориг нар хүрэл медаль хүртэж байлаа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж