13 хүүхдээ гэртээ хорьж байсан эхнэр, нөхөр хоёрыг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

13 хүүхдээ гэртээ хорьж байсан эхнэр, нөхөр хоёрыг саатуулжээ

13 хүүхдээ гэртээ хорьж байсан эхнэр, нөхөр хоёрыг саатуулжээ

АНУ-ын Калифорни мужид гэртээ 13 хүүхдээ хүчээр хорьж, тамлаж байсан эхнэр, нөхөр хоёрыг илрүүлж, саатуулжээ.

57 настай Дэвид Аллен Турпин болон 49 настай Луис Анна Турпин нарыг бага насны хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан, тарчлаасан хэргээр эрүү үүсгэн шалгаж эхэлжээ. Тэд Калифорни мужийн Лос-Анжелес хотоос зүүн өмнөд зүгт 95 км зайд орших Перрис хот дахь гэртээ хоёроос 29 насны 13 хүүхдээ хүчээр хорьж байсныг илрүүлсэн гэж хотын цагдаагийн газраас мэдэгдсэн байна. Хүүхдүүдийн заримыг ортой нь төмөр гинжээр ороож, гавлаж, хорьсон байсан гэнэ.

Хохирогч нарын нэг нь өнгөрсөн ням гаригт /2018.01.15/ байшингаас зугтаж, улмаар байшингаас олсон гар утсаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Зугтаж гарсан 10 настай охин ядарч, эцсэн төрхтэй байсан бөгөөд өөрийнх нь ах, эгч, дүү нар болох 12 хүнийг аав, ээж хоёр нь гэртээ хорьж, тамлаж байгаа гэж цагдаад мэдэгджээ.

Цагдаа нарыг Турпины гэрт очиход зарим хүүхдүүдийг харанхуй, чийг ханхалсан өрөөнд хорьж, ортой нь гинжээр холбон хүлсэн байсан гэнэ. Тэдний найм нь 18-29 насны, нас биед хүрсэн хүмүүс байжээ. Хоригдож байсан хүмүүс хоол, тэжээлийн дутагдалд орсон, бохир заваан байсан гэнэ. Тэднийг орон нутгийн харьяа эмнэлэгт хүргэж, эмчилгээ хийж эхэлсэн тухай цагдаагийн байгууллага мэдэгдсэн байна.

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж