Идэр дөрвөн есийн хүйтэн эхлэх гэж буй энэ өдрүүдэд хүйтний эрч дахин чангарна гэдгийг цаг уурчид сануулж байна. Нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, 14 аймгийн 59 суманд цагаан зуд болж байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурч Ч.Сарантуяа мэдээллээ.
-Ойрын өдрүүдэд хүйтний эрч дахин чангарна гэдгийг цаг уурчид анхааруулж байгаа. Цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээлэл өгнө үү?
-Ерөнхийдөө нийт нутгаар хүйтний эрч дахин чангарах төлөвтэй байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-20-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17, 18, 20-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 29-34 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-34 градус, өдөртөө 16-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
-Улаанбаатар хотод цаг агаар ямар байх вэ?
-Нийслэл хотын хувьд ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарна. Ялангуяа, нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө бага зэрэг цас хаялж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ.
-Энэ жилийн нэгдүгээр сарын цаг агаарыг олон жилийн дундажтай харьцуулбал ямар байгаа бол?
-Сарын эхний долоо хоногт цаг агаар олон жилийн дунджийн орчим буюу хүйтэн байсан. Энэ сарын 9-ний өдрөөс 13-ныг хүртэлх өдрүүдэд олон жилийн дунджаас харьцангуй дулаан байлаа. Харин энэ сарын 21-нээс хойш олон жилийн дунджаас харьцангуй хүйтэн байх төлөв ажиглагдаж байна.
-Нийт нутгаар хур тунадас хэр орсон бол. Цасан бүрхүүл хунгарласан газраа хэчнээн см зузаантай тогтоод байна вэ?
-Ерөнхийдөө нийт нутгийн 80 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Одоогоор 14 аймгийн 59 суманд цагаан зудтай, 14 аймгийн 54 суманд зудархуу байдалтай өвөлжиж байна. Үүнд Увс аймгийн хойд тал, Завхан, Булган аймгийн ихэнх нутгаар, Архангай аймгийн зарим газраар, Төв аймгийн баруун тал, Дорнодын урд талаар зузаан цастай буюу 10 см-ээс дээш зузаан цас тогтсон. Хунгарласан зарим хэсэгтээ 20-40 см зузаан цастай байна. Харин Өмнөговь, Дундговь аймгийн зүүн хэсэг болон Дорноговийн ихэнх нутаг, Хэнтий Дорнодын залгаас нутгаар, Ховд аймгийн урт талаар цас багатай байна.
Цагаан зудтай байгаа нутгууд
Нягтарч, хатуурсан зузаан цастайн улмаас 14 аймгийн 59 сум цагаан зудтай байна.
- Баян-Өлгийн Сагсай /Даян/, Ховдын Манхан, Чандмань, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Хяргас, Баруунтуруун, Тэс, Зүүнговь,
- Говь-Алтайн Жаргалант, Халиун, Алтай,
- Завханы Завханмандал, Сонгино, Цэцэн-Уул, Баянтэс, Тэс, Тосонцэнгэл,
- Хөвсгөлийн Цэцэрлэг, Архангайн Цахир, Түвшрүүлэх, Хайрхан, Хангай, Хотонт, Жаргалант, Эрдэнэмандал, Хашаат, Өгийнуур,
- Булганы Хангал, Гурванбулаг, Дашинчилэн, Орхон, Бүрэгхангай, Бугат, Хишиг-Өндөр, Баяннуур, Рашаант,
- Өвөрхангайн Хархорин, Зүйл, Бүрд, Орхоны Жаргалант,
- Сэлэнгийн Орхонтуул, Баруунбүрэн,
- Төвийн Угтаал, Заамар, Батсүмбэр, Зуунмод, Алтанбулаг, Баянчандмань, Лүн, Бүрэн, Баян-Өнжүүл, Аргалант, Дэлгэрхаан,
- Нийслэлийн Багануур,
- Дундговийн Сайхан-Овоо, Хулд,
- Дорноговийн Хатанбулаг сумдын нутгаар цагаан зудтай.
Зудархуу байгаа аймаг, сумд
Нягтарч, хатуурсан зузаан цастайгаас 14 аймгийн 54 сум зудархуу байна.
- Ховдын Дарви,
- Увсын Малчин, Улаангом,
- Завханы Шилүүстэй, Түдэвтэй, Тэлмэн, Баянхайрхан, Идэр, Эрдэнэхайрхан, Цагаанхайрхан, Нөмрөг, Дөрвөлжин, Ургамал,
- Хөвсгөлийн Цагааннуур, Булганы Сэлэнгэ, Могод,
- Архангайн Тариат, Өндөр-Улаан, Цэцэрлэг, Батцэнгэл, Чулуут,
- Говь-Алтайн Эрдэнэ, Хөхморьт, Шарга, Дарви,
- Баянхонгорын Галуут, Жаргалант, Хүрээмарал, Баян-Өндөр,
- Орхоны Баян-Өндөр,
- Сэлэнгийн Орхон, Ерөө /Бугант/,
- Төвийн Цээл, Мөнгөнморьт, Борнуур, Баян, Эрдэнэсант, Баянжаргалан, Жаргалант, Өндөрширээт,
- Нийслэлийн Тэрэлж,
- Хэнтийн Жаргалтхаан, Өлзийт, Өндөрхаан, Баянмөнх, Өмнөдэлгэр, Галшар,
- Дорнодын Халхгол,
- Сүхбаатарын Асгат, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Дарьганга, Мөнххаан, Онгон сумдын нутгаар
А.Сүрэн