Хордсон иргэдийн нэг нь сэхээнд байна

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

Хордсон иргэдийн нэг нь сэхээнд байна

Хордсон иргэдийн нэг нь сэхээнд байна

Шингэн зүйлээс хордсон иргэдийн тоо 10 болжээ. Энэ хэрэг Дорнод аймгийн Чулуунхороот суманд нэгдүгээр сарын 11-нд гарсан ба үл мэдэгдэх шингэн зүйл уусны улмаас 47 настай иргэн Т нас барсан юм.

Хордлого авсан есөн хүнийг Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмчилж байгаад тавынх нь бие сайжирсан тул өчигдөр /2018.01.15/ эмнэлгээс гаргажээ. 

Эмнэлэгт байгаа дөрвөн хүний нэг нь эрчим эмчилгээний тасагт, нөгөө гурав нь энгийн тасагт хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа талаар Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа хэллээ. Тэрбээр мөн “Бие нь сайжирсан гурван өвчтөнийг үдээс хойш болох эмч нарын зөвлөлийн хурлаар ярилцаж, эмнэлгээс гаргах эсэхийг шийднэ’ гэв. 

Хордсон иргэд 32-51 насны хүмүүс бөгөөд Дорнод аймгийн Чулуунхороот сумын малчин болон Улаанбаатар хотын харьяат, тухайн орон нутагт туслах ажил эрхэлж байсан хүмүүс ажээ. 

Одоогоор тэдний хордсон шингэн юу болохыг нарийвчлан тогтоогоогүй байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторид иргэдийн уусан шингэнийг шинжилж байгаа талаар эх сурвалж хэллээ. 

Харин цагдаагийн албаны эх сурвалжийн хэлснээр бол хүмүүс техникийн спирт хэрэглэсэн байж болзошгүй гэнэ. 

Хэргийг харьяаллын дагуу Дорнод аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж