Улаанбаатарт нээгдсэн анхны аквариум

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт нээгдсэн анхны аквариум

Улаанбаатарт нээгдсэн анхны аквариум

Улаанбаатарчуудын уйдааг гаргах, хүүхдүүдийг нүд, сэтгэлийг баясгасан нэгэн газар нээлтээ хийгээд, багагүй хугацаа өнгөрчээ. Энэ бол “Ulaanbaatar Zоо and Aquarium” амьтны хүрээлэн. 

Энд Номхон далай, Энэтхэгийн далайд амьдардаг акулаас эхлээд хүүхэлдэйн кинон дээр гардаг, бяцхан үзэгчдийн хайртай немо загас хүртэл байв. Цаашилбал, махчин загас пиранья, хоёр төрлийн бах мэлхий, дөрвөн төрлийн үлэг гүрвэл, цэнхэр, улбар шар өнгөтэй хавчтай ‘уулзаж’ болно. 

Амьтны хүрээлэнг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр нээжээ. Нээлтээ хийсэн өдрөө хойш хөл хөдөлгөөн тасрахгүй байгааг менежер нь ярив. Хүүхдийн амралт таарсан болохоор зорьж ирэх зочдын тоо бүр ч их нэмэгджээ.

“Uaanbaatar Zоо and Aquarium” гурав хүртэлх насны хүүхдүүдэд үнэгүй үйлчилдэг аж. Харин 3-16 хүртэлх насны хүүхдүүд 5000 төгрөгөөр тасалбар авч ороод, цагийн хязгааргүйгээр үйлчлүүлж болно. Том хүмүүсийн тасалбар 10000 төгрөгийн үнэтэй юм байна. 

Хэрэв та хараахан энэ орчинд очиж амжаагүй бол зарим мэдээллийг хүргэе. 

Амьтны хүрээлэн зургаан өрөөтэй бөгөөд нийт 100 орчим метр квадрат талбайд амьдтаа байрлуулжээ. 

 

-ЭХНИЙ ӨРӨӨ-

“Ulaanbaatar Zоо and Aquarium” амьтны хүрээлэнгийн үүдээр ороход таныг хамгийн түрүүнд зочид хүлээж авах тэнхим угтана.

Энэ хэсэгт Монголын хамгийн анхны 15 тонн усны багтаамжтай аквариумыг байрлуулжээ. Долоон метрийн урттай энэхүү аквариумд Амазон мөрнөөс гаралтай 20 орчим махчин загас ‘амьдардаг’ болжээ. Ихэнх загас нь одоо хоёр настай гэнэ. 

Нүсэр аквариумын эсрэг талд тус бүрдээ нэг тонн усны багтаамжтай таван аквариум байрлуулжээ. Аквариум бүр өөр өөр загастай тул бүгдийг төвлөрч хармаар сонирхолтой санагдана. 

Та энэ үед эрхгүй хайр татах нэгэн амьтантай таарна. Тэр бол Сүн Ү Күн сармагчин. Олсноос олсны хооронд дүүлэн нисэх Сүн Ү Күн шилний цаанаас хүүхдүүдтэй мэндлэн, найр тавина. Тэр бас хүүхэлдэйн кино үзэх дуртай гэсэн.

-ДАРААГИЙН ӨРӨӨ-

Могой, матрын өрөө. Энэ өрөөний тохижилт хараахан дуусаагүй байгаа ч могой, матрыг амьдаар нь харах боломж хэдийнэ нээгджээ. Эрчүүд том, жижиггүй энэ хэсэгт ихэнх нь цугласан байв. Хөвгүүдийн хувьд хамгийн дуртай өрөө бололтой. 

-АМРАЛТЫН ӨРӨӨ-

Буйдан дээр тухлан суунгаа горхины урсах чимээ сонссон шигээ амарч болох тухтай өрөө. Энд Японоос авчирсан цөөрмийн алтан загас зэргийг байрлуулжээ.

-ЦАГААН ӨРӨӨ-

Миний бодлоор хамгийн гоё өрөө. Дизайн, гэрэлтүүлэг нь их өвөрмөц. Загасны аквариумаас бусад хэсэг, хана, шал, тааз бүхэлдээ цав цагаан. Энд бас тайван, намуухан орчин бүрдүүлж өгчээ.

-ХАР ӨРӨӨ-

Харин дараагийн өрөө эсрэгээрээ хар өрөө. Хар өрөөний аквариумаас загас болон мөлхөгч амьтдын аль алийг нь харж болно. Гүрвэл, гурван төрлийн яст мэлхий, далайн морь, могой гүрвэл, хилэнц хорхой, зараа, аалз гээд олон амьтадтай танилцаж болно. 

-ЗУРГАА ДАХЬ ӨРӨӨ-

Хамгийн сүүлийнх болох зургаа дахь өрөөнд хэрэм, тоть тэргүүтэй амьтад аж төрөн, амьдардаг аж. Өвөл болоод тэр байх, хүндэт зочдоо хөгжөөх ёстой хэрэм энэ өдөр унтсаар л байлаа. Ногоон, ягаан тотийг яриулах гэж хүүхдүүд ээрэх боловч ‘их зан’ гарган, юу ч дугарахыг хүссэнгүй. 

———————————————————————————————————————–

амьтны хүрээлэнгийн менежер Э.Мөнхтулга

Тэр “Ulaanbaatar Zоо and Aquarium”-ыг үүсгэн байгуулагч бөгөөд дүү нартайгаа хамтарч амьтны хүрээлэнгээ байгуулжээ. Өөрөө тайлбарлагч хийж, өдөр тутмын үйл ажиллагаагаа зохицуулдаг Э.Мөнхтулга багаасаа амьтан тэжээх хоббитой байжээ.
 

-Танайхаар дунджаар өдөрт хэдэн хүнд үйлчилж байна вэ?

-Нээлтээ хийсэн эхний өдөр таван хүнд үйлчилж байлаа. Хэт их ачаалал өгчихвөл хүмүүс үзвэрээ тухтай үзэж чадахгүй байх гэж бодоод, гадуур нэг их зар тараагаагүй юм. Өдөр ирэх тусам хүмүүс нэмэгдсээр, одоо бол өдөртөө 100-200 хүн үйлчлүүлдэг болсон. Хүмүүс их ам сайтай байгаа.  

-Энд одоо хэдэн төрлийн амьтан, загас байгаа вэ?

Манайх 40 гаруй төрлийн амьтан,160 гаруй төрлийн загастай.

-Амьтны хүрээлэнгээ нээхэд хэр хугацаа зарцуулсан бэ?

-Өнгөрсөн оны зургадугаар сарын сүүлээр манай гурван дүү надад амьтны хүрээлэн байгуулах санал тавьсан юм. Бид ярилцаж байгаад хүүхэд, залуучуудад зориулсан, чөлөөт цагийг нь үр дүнтэй өнгөрүүлэх газар нээж болох юм байна гэж санал нэгдээд, бизнес хөөж, ашиг олохоо илүү, хүүхдүүдийг байгаль, амьтантай ойр байлгах үүднээс хүрээлэнгээ нээхээр зориг шулуудсан. Сарын дараа буюу долдугаар сараас ажлаа эхлүүлж, жижиг том гэлтгүй бүгдийг нь хийж эхэлсэн. Мэдээж гадаадын том зоо паркийн хэмжээнд хүрэхгүй байх. Гэхдээ чадлынхаа хирээр хичээж, энэ орчноо бүрдүүлсэн. 

-Энэ байрыг түрээсэлдэг үү?

-Тийм. Өмнө нь эндхийг үйлдвэрийн зориулалтаар ашигладаг байсан. Дотоод заслаа хийхэд ойролцоогоор зургаан сарын хугацаа зарцуулсан. Аквариумын шилээ л гаднаас авсан. Бусад төмөр, мод, чулуу зэргээ Монголоосоо бэлтгэж, өөрсдөө тохижилтоо хийсэн.  Одоохондоо засвар бүрэн дуусаагүй л байгаа. Жижиг сажиг хийх юм байна. Гэхдээ үзэгчдэд төвөг учруулахгүй. 

-Бүх өрөөгөөр бүтэн тойрч үзэхэд дунджаар нэг хүн ямар хугацаа зарцуулж байна?

-Бүхэлд нь хурдан үзлээ гэхэд 40 орчим минут, тайван үзвэл хоёр цаг орчим болж байна. Хүүхдүүд бол аль болох удаан байхыг хүсдэг. 

-Хүрээлэнгийнхээ амьтдыг та хаанаас авчирсан бэ?

-АНУ, Хятад, Япон, Оросоос авчирдаг. Монголоосоо бас авдаг. Жишээ нь, матраа бид нар Монголд авчраад, хоёр жил болсных нь дараа хувь хүнээс худалдаж авсан. Цаашид хоорондоо ярилцаж байгаад хүрээлэндээ улиралд нэг удаа 3-4 амьтан нэмж байя гэж шийдсэн. Зэрлэг амьтдыг бол авчрахгүй. Гаршуулсан, хүн тэжээж болдог амьтдаас сонголт хийнэ. 

-Та өөрөө амьтан тэжээдэг байсан уу?

-Тийм ээ, манай дүү нар ч бас. Бүгдээрээ л багаасаа амьтанд хайртай, янз бүрийн амьтан тэжээдэг байсан. Зарим амьтдаа эндээ мөн амьдруулдаг болсон. 

-Ажиллах цагийн хуваарийнхаа талаар та мэдээлэл өгөөч?

-Манайх ажлын өдрүүдэд 11:00-21:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-22:00 цаг хүртэл ажилладаг. Жилийн дөрвөн улирал ажиллана.

———————————————————————————————————————–

ХҮҮХДҮҮД СЭТГЭЛ ӨНДӨР БАЙВ

Б.Баттулга “Бүх өрөөгөөр нь л орж үзлээ. Надад маш их таалагдлаа. Ялангуяа, матар их сонирхолтой санагдлаа. 

С.Алтангэрэл: Дөнгөж сая орж ирлээ. Хамгийн түрүүнд үүдэнд байсан сармагчныг харсан. Хөөрхөн амьтан байна лээ. Бас олон төрлийн загас байгаа н сонирхолтой санагдаж байна. Өмнө нь зурагтаар л харж байсан амьтдыг жинхэнээсээ харж байгаа болохоор гоё байна.

Г.Дуламсүрэн: Амьтны хүрээлэн гэхэд сайхан  тохижуулжээ. Үзэх зүйл ч ихтэй юм. Миний хувьд хамгийн сонирхолтой амьтан нь матар байлаа. Өмнө нь "Хүннү Малл"-д байдаг жижиг амьтны хүрээлэнд очиж үзсэн. Тэрийг бодвол хамаагүй тохижилт сайтай санагдлаа. Одоо бүх амьтны талаар тайлбар бичээд наачихвал зүгээр юм болов  уу. Хүүхдүүддээ уншиж өгөхөд зүгээр байх.

 

ФОТО ЦОМОГ

Хаяг: Алтай хотхоны зүүн талд, Хараагүйчүүдийн үндэсний төвийн хажууд байрладаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж