Хар жагсаалтаас гарахын тулд татварын мэдээллээ солилцоно

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

Хар жагсаалтаас гарахын тулд татварын мэдээллээ солилцоно

Хар жагсаалтаас гарахын тулд татварын мэдээллээ солилцоно

Европын холбоо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 17 улсыг татвар төлөхөөс зугтагсдад таатай нөхцөл олгодог гэж тодорхойлон, хар жагсаалтад багтаасны нэг нь Монгол Улс байсан юм. Монголыг тэрхүү хар жагсаалтад оруулснаас хойш Засгийн газар жагсаалтаас гарах гарц хайж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. 

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Хар жагсаалтаас гарахын тулд юуны түрүүнд бид татварын орчноо сайжруулах хэрэгтэй. Сангийн яамны зүгээс Татварын хуульд өөрчлөлт оруулах төслөө боловсруулж байна. Дотооддоо татвар, хууль, эрх зүйн орчноо сайжруулж,  Европын холбооноос тавьсан зарим шаардлагыг биелүүлэх ёстой. Үүний тулд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын BEPS болон Глобал форум /Global forum/-д гишүүнээр элсэн орох, бэлтгэл ажлыг хангаж байна" гэж мэдэгдэж байсан. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

Мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын комиссын дэд ерөнхийлөгч Федерика Могерини, Европын холбоог 2018 оны эхний хагаст даргалж буй Болгарын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Екатерина Захариева, тус холбооны бусад 27 гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарт тус тус захидал илгээж, Монгол Улсыг Европын холбооны “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-аас нэн яаралтай гаргах хүсэлт тавьсан байна. 

Шинэ мэдээллээр бол Глобал форум буюу Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форумаас нэгдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсыг 148 дахь гишүүн орноор бүртгэн авсан тухай албан ёсны бичгийг Монголд ирүүлжээ. Глобал форум нь 2000 оны эхээр байгуулагдсан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/-ын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. ЭЗХАХБ-ын гишүүд, харьяа улсуудтай татварын ил тод мэдээлэл солилцох зорилготой байгууллага юм байна. Глобал форум нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудын ил тод байдал, татварын солилцооны олон улсын тэргүүлэх байгууллага гэдгийг Сангийн сайд тодотгожээ.  

Засгийн газар мөн Сангийн сайдын хэлж байсанчлэн Base erosion and profit shifting (BEPS) буюу Татварын суурийг багасгах замаар ашиг зувчуулахын эсрэг хөтөлбөрийн  111 дэх гишүүнээр элсэн орсныг зарлалаа. 

Энгийнээр хэлбэл, дээрх хоёр хөтөлбөр нь Европын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын нэгж төслүүд бөгөөд гол зорилго нь дэлхийн улс орнуудын татварын тогтолцоог шинэчилж, татварын шинэ систем, стандартыг бий болгох, татвараас зайлсхийх арга замыг таслан зогсооход чиглэдэг ба улс, үндэстэн дамнасан корпорациудын ашиг орлогоо татваргүй, эсвэл бага татвартай орчинд шилжүүлэх замаар ашгийг зувчуулахыг таслан зогсоож, ийм боломжийг бий болгож буй улс орнуудын татварын хууль, эрх зүйн орчныг сайжруулахад хамтарч ажилладаг байна. 

Сануулахад, Европын Холбоо татварын шударга бус тогтолцоотой орнуудын хар жагсаалтыг 2017 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр зарлаж, Монгол Улсыг татварын орчин таатай бус, хамтран ажилладаггүй гэсэн шалтгаанаар тэрхүү жагсаалтад оруулсныг мэдэгдсэн билээ.

Европын холбооноос 2017 онд 1600 гаруй шалгуур гаргаж, 213 онд үнэлгээ хийсний үр дүнд жагсаалтыг гаргасан ба ингэхдээ татварын ил тод байдал, шударга өрсөлдөөн, олон улсын стандартыг мөрддөг эсэх зэргийг судалж, тухайн орнуудад хамтран ажиллах санал хүргүүлж байжээ. Жагсаалтад орсон орнууд Европын холбоотой хамтран ажиллах замаар татварын орчноо сайжруулж, хар жагсаалтаа хасагдах боломжтой.

Тиймээс ч Монголын Засгийн газрын зүгээс хар жагсаалтаас гарах эхний алхмаа хийж эхэлж байгааг дээрх хоёр хөтөлбөртэй холбон ойлгож болох юм. 

Европын холбооны гишүүн орнуудын Элчин сайд нар маргааш уулзаж, татвараас зугтагсдад ээлтэй орнуудын хар жагсаалтаас Монгол, Өмнөд Солонгос, Панам, АНЭУ, Барбадос, Макао зэрэг улсыг хасах тухай асуудлыг хэлэлцэх талаар Reuters мэдээлсэн. Хэрэв энэ уулзалт дээр дээрх улсуудыг жагсаалтаас хасахыг дэмжвэл ирэх долоо хоногт Брюссельд болох Сангийн сайд нарын уулзалт дээр эцэслэн баталж, шийдвэр гаргах ажээ. 

 

 

 

Ш.ЧИМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж