ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНАА:
“East Asia Forum” сайтад бичсэн Монголын талаарх нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Эх сурвалж: Eastasiaforum.org
Julian Dierkes, UBC
2017 онд Монголд авлига татварын хуйвалдаанаас улс төрийн шийдвэр гаргах төвшний зохион байгуулалттай бүлэглэл болон өөрчлөгдсөн.
2017 онд Монгол Улсад анхаарал татахуйц үйл явдлууд өрнөсний нэг нь хоёрдугаар сард Засгийн газар дефолт зарлаж болзошгүй нөхцөл байдалд орсон. Мөн түүнчлэн улс төрийн өөрчлөлт авчирсан долдугаар сарын Ерөнхийлөгчийн сонгууль болон аравдугаар сарын МАН-ын удирдлага солигдсон зэрэг үйл явдал юм.
Монгол Улс дефолт зарлахад ойрхон очсон нь түүхий эдийн үнийн өсөлт буурна гэдгийг тооцоолж чадаагүйтэй холбоотой. Үүнийг урьдчилан тооцоолж чадаагүй Ардчилсан намын Засгийн газар 2012 онд Чингис бондын зээл авч, популист амлалтаа биелүүлэхийн тулд энэ мөнгийг зарцуулсан билээ. Энэ үед дэлхий даяар түүхий эдийн үнэ унасан учраас түүхий эдийн гэнэтийн өсөлтөөс үүдэлтэй эдийн засгийн өсөлт буурч, гадаадын хөрөнгө оруулалт багассанаас ажилгүйдэл, ядуурал дагаад нэмэгдсэн зэрэг үр дагавар бий болсон.
Нийгэм, эдийн засгийн энэ таагүй үр дагаварууд 2016 оны парламентын сонгуульд Ардчилсан нам ялагдах шалтгаан болж, Монол Улсад өрийн хямралыг бий болгосон юм. Өрийн хямралаас гарах шийдэл нь Олон улсын валютын сангаас зээл авах байсан юм. Харин ОУВС зээл олгохын тулд Монгол Улсад төсвийн орлогыг нэмэгдүүлж, зардлаа танах болзол тавьсан.
Ирэх жилүүдэд түүхий эдийн үнэ дахин нэмэгдэхгүй л бол Монгол Улсын эдийн засаг тун хүнд үе рүү орох нь тодорхой байгаа юм.
2016 оны парламентын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан нь тус нам Ерөнхийлөгчийн сонгуульд ч ялах магадлалтайг харуулж байлаа. Гэвч МАН Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлсэн нь буруу сонголт болсон. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажилласан цагаасаа авлигын асуудалд нэр холбогдсон намын даргын сонгуулийн сурталчилгаа амжилт олсонгүй.
Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг нэр дэвшүүлсэн. 2016 оны парламентын сонгуульд ялагдсан, М.Энхболдтой адил авлигын хэрэгт нэр холбогдож байсан, улс төрийн үзэл баримтлалдаа тууштай биш хүнийг нэр дэвшүүлсэн нь санаанд оромгүй зүйл байв.
Ерөнхийлөгчийн сонгуулийн бас нэгэн санаанд оромгүй нэр дэвшигч байсан нь Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг удирдаж байсан С.Ганбаатар байв. МАХН-аас түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн.
Сонгуулийн сурталчилгаа улс төрийн халз мэтгэлцээнээс ангид утгагүй, замбараагүй болсон. М.Энхболд, Х.Баттулга хоёулаа үндсэрхэг үзлийг сурталчилсан “Монгол ялна” хэмээх уриаг лоозон болгосон ч улс төрийн ямар ч үзэл баримтлал гаргаж ирээгүй. Харин С.Ганбаатар зүгээр л тэднийг хоёуланг нь эсэргүүцсэн. Сурталчилгааны үеэр Х.Баттулгын авлигын хэрэгтэй холбоотой олон асуудал сөхөгдсөн бол М.Энхболдыг хотын дарга байхдаа нийслэлийн өмчийн газруудыг худалдсан гэж сонгогчид буруутгасан. Гэвч сонгуулийн дүнг зарласан сүүлийн мөчид М.Энхболд С.Ганбаатараас хэдхэн хувиар илүү санал авсан байсан нь сонгогчид МАН-д итгэл алдсаны илрэл болсон.
Х.Баттулга мөн олонхийн санал авч чадаагүй нь ардчилсан Монгол Улсын түүхэнд анх удаа ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дахин санал хураалт явуулахад хүргэсэн юм.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгэн анхаарал татсан үйл явдал нь эрх баригчдын явуулж буй бодлогыг эсэргүүцсэн иргэдийн буюу саналын хуудсыг дугуйлахгүйгээр, хоосон саналын хуудас өгөх олон нийтийн уриалга байв. Сонгогчдын найман хувь нь цагаан хуудас өгч, ардчиллыг дэмжин, намуудын нэр дэвшигчдийн хэнийг ч дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.
М.Энхболдын ялагдал МАН-ыг хагаралд хүргэсэн. УИХ дахь МАН-ын зарим гишүүн М.Энхболдын хүн гэгддэг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахыг шаардаж, 2017 оны арваннэгдүгээр сард намын даргаар сонгогдсон У.Хүрэлсүх Ерөнхий сайд болов.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах УИХ-ын чуулганы хэлэлцүүлгээс авлига Монголын улс төрийн хамгийн том саад тотгор болж буй нь тодорхой болсон юм.
УИХ-ын намрын чуулганы хуралдааны үеэр Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц өөрийг нь шүүмжилсэн (Интерполоос эрэн сурвалжилж байсан) гишүүдийн өөрсдийнх нь авлигын хэргийг илчилнэ хэмээн сүрдүүлсэн явдал болсон нь үүний нэг тод жишээ юм.
Олон улсын ажиглагчид болон Монголын сонгогчид эндээс авлигын хэрэгт нэр холбогдсон ч нэр цэвэр гарч чаддаг албан тушаалтнууд цөөнгүй байдгийг мэдэж авсан.
Авлигатай тэмцэх газар нь ч өөрөө авлигын хэрэгт нэр холбогдоод авсан нь сонин.
Улс төр дэх авлига болон Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад үр дүнтэй арга хэмжээ авахгүй байгаад бухимдаж, залхсан иргэд хоёрдугаар сарын сүүлчээр жагсаал, цуглааны улирал эхлэхэд томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж мэдэх юм. Эсэргүүцлийн ийм жагсаал хөдөлгөөн ирэх жилүүдэд Монгол Улсад улс төр, нийгмийн томоохон өөрчлөлтийг авчирч магадгүй. Эрх баригч хоёр намд өөрчлөлт, шинэчлэл явуулах сонирхол, нөөц бололцоо байхгүй нь илт. Харин Монголын ардчилал, хөгжил дэвшилд авлига хэмээх хорт хавдар тархаж, нийгмийн эд эс бүхнийг өвчлүүлж байгааг иргэд хэлсээр байна.
Эх сурвалж: EASTASIAFORUM