Ким Чен Уны “Үзэсгэлэнт арми” Пёнчанд очно

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Ким Чен Уны “Үзэсгэлэнт арми” Пёнчанд очно

Ким Чен Уны “Үзэсгэлэнт арми” Пёнчанд очно

Солонгосын хойгийг заагласан хилийн бүсэд өчигдөр буюу даваа гаригт (2018.01.15) Сөүлийн албаныхан Пхеньяны талтай уулзав.

Он гарсаар хоёр дахь удаагаа болж буй энэ уулзалтаар өвлийн олимпийн наадмын үеэр Хойд Солонгосын "Моранбун" охидын хамтлагийг Пёнчанд ирүүлэх асуудлыг хэлэлцжээ.

Уулзалтад хоёр талаас дөрөв, дөрвөн албаны хүн оролцсоноос гадна охидын хамтлагийн ахлагч Хён Сон Воль багтжээ. Өнгөрсөн долоо хоногийн уулзалтаар Хойд Солонгос тамирчид, хөгжөөн дэмжигч охид, таэквондо үзүүлэн сурталчлах баг, найрал хөгжмийн хамтлагаа илгээхээр ярилцжээ.

Ким Чен Уны “үзэсгэлэнт арми”

Нэгдлийн далбаа барьсан Хойд Солонгосын хөгжөөн дэмжигчид

2012 онд байгуулагдсан "Моранбун" хамтлаг нь барууны хөгжмийн зэмсгээр тоглодог 10 хүний бүрэлдэхүүнтэй, охидын хамтлаг юм.

Хамтлагийн уран бүтээлүүд ихэвчлэн Ким Чен Ун болон түүний дэглэмийг магтан дуулсан байдаг. "Моранбун" хамтлаг өмнө нь 2015 онд Бээжинд тоглолт хийхээр товлосон ч цуцлагдаж байв. Сонирхолтой нь, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эхнэр Ри Сол Жу охидын хамтлагт байхдаа 2005 оны Азийн наадамд оролцож байжээ.

Үүнээс гадна Пхеньян 140 хүнтэй "Самжиён" найрал хөгжмийн багаа өвлийн олимпийн үеэр Сөүл рүү илгээхээр болжээ. Тус найрал хөгжмийн хамтлаг Өмнөд Солонгосын нийслэл Сөүл болон Каннөн хотноо тоглох гэнэ. Хоёр тал өвлийн олимпийн наадамд хамтран ажиллахаар ярилцаж тохирсон аж. Найрал хөгжмийн хамтлагийн охид 160-170 см орчим өндөртэй, сайн гэр бүлээс гаралтай бөгөөд олонх нь Ким Ил Суны нэрэмжит их сургуульд суралцдаг аж.

2002 онд Азийн наадмын үеэр Бусанд Хойд Солонгосын 300 орчим хөгжөөн дэмжигч бүсгүйчүүд очиж байв. Тухайн үед тэд үндэсний хувцсаар жигдэрч, Нэгдлийн далбааг барьсан байжээ.

Спорт хоёр Солонгосыг нэгтгэх үү?

Өмнөд Солонгосын талаас өвлийн олимпод хоёр орны тамирчдын нэгдсэн эмэгтэйчүүдийн хоккейн баг гарган, оролцох санал тавьжээ. Гэхдээ Хойд Солонгосын тал зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байна. Энэ тохиолдолд Олон улсын олимпийн хорооноос албан ёсны зөвшөөрөл авах ёстой. Энэ ажил бүтэмжтэй болбол Пёнчан-2018 хоёр Солонгосын  нэгдсэн анхны олимпийн наадам болох юм.

1950-1953 оны хооронд өрнөсөн дайны улмаас Солонгосын хойг дахь нэг үндэстэн хоёр хуваагдаж, Хойд болон Өмнөд хэмээн нэрлэгдэх болсон. Өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд хоёр Солонгос нэгдэх талаар олон яриа, уулзалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй. Харин энэ он гарснаар хоёр талын дайсагнал намжиж, албаныхан яриа хэлэлцлийн ширээнд суух болсон нь өвлийн олимпийн наадамд Өмнөд Солонгост болохтой холбоотой.

Хэрэв хоёр Солонгос өвлийн спортын наадамд хамтарч оролцохоор бол олимпийн нээлтийн үеэр Нэгдлийн далбаан дор нэгдэн алхах аж. Энэ талаар өнгөрсөн долоо хоногт талууд хэлэлцжээ.

Өмнө нь 1991 онд хоёр Солонгосын тамирчид нэгдэж, Теннисийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 20-оос доош насны хөлбөмбөгийн дэлхийн цомд нэг баг болон оролцож байв.

Ирэх нэгдүгээр сарын 20-нд Швейцарь улсад Олон улсын олимпийн хорооны албаныхантай хийх уулзалтаар өвлийн спортын наадамд оролцох Хойд Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн, тамирчдын тоо, ямар далбаан дор оролцох зэргийг хэлэлцэх аж. Гэхдээ Хойд Солонгосын тамирчид тийм ч олон тамирчин өвлийн Олимпийн наадмын болзлыг хангаагүй. Харин  Рюм Тэ Ок болон Ким Жу Сик нар уран гулгалтын төрлөөр Олимпийн наадамд оролцох болзлоо хангажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж