SOS: Утаатай хотын удаах зовлон "Нярайн шарлалт"

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

SOS: Утаатай хотын удаах зовлон "Нярайн шарлалт"

Хорвоод мэндлээд тав хонож буй нярай хүү эмнэлгээс гараад хэдхэн хоногийн дараа дахин эмнэлэгт хэвтжээ. Бяцхан хүүгийн физиологийн жамаараа явагдах ёстой нярайн шарлалт хэт их буюу 385 ммоль/л байсан учир өрхийн эмнэлгээрээ дамжуулан Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлэх заалттайгаар ирсэн байв.

Дөнгөж амаржсан ээж бүрийн сонсдог нярайн шарлалт гэх онош Монголд хэт хавтгайрчээ. Өвчлөл мэдэгдэхүйц нэмэгдсэн нь агаарын бохирдол, утаатай холбоотой талаар эмч нар ярьдаг. Улаанбаатарт шинээр төрсөн хүүхэд бүрт энэ оношийг тавьж байна, амаржсан ээжүүдийн дийлэнх нь эмнэлгээс дөнгөж гараад, шарлалтын хэмжээ нэмэгдсэн гэх заалтын дагуу эргээд эмнэлэг рүү явах шаардлага гардаг болсон гэхэд хилсдэхгүй. Энэ нь эргээд эмнэлгийн орны хүрэлцээ, ачаалал, нялхсын эрүүл мэнд гээд олон асуудлыг үүсгэсээр байгааг ямар ч ээжээс асуусан хэлж өгнө. Дөнгөж төрсөн нярай бүрт шахуу тохиолдож байгаа энэ асуудлыг шийдэх талаар бодитой арга хэмжээ хэр авдаг юм бол. Хувийн, төлбөртэй эмнэлгүүд өрөө бүрийг шарлагын аппаратаар хангадаг болохоор харьцангуй гайгүй. Харин улсын эмнэлэгт аппарат хүрэлцээгүйн улмаас шарлалт нь нэмэгдсэн нярайн өвчлөл буурахгүй байна. Улаанбаатар хотын аль ч өрхийн эмнэлэгт ядаж л шарлалт хэмжих аппарат байдаггүй нь эмзэглэмээр санагдав.

Саяхан амаржсан нэгэн ээжийнд үүргийн дагуу үзлэг хийхээр ирсэн өрхийн эмч хүүхдийн хөл, гарыг барьж, харж үзээд, яаралтай шарлалтыг нь хэмжүүлэхийг зөвлөжээ. Өрхийн эмч хэмжих багажгүй тул үүнээс өөрөөр зөвлөх боломжгүй. Эмнэлгээс гарахдаа бага үзүүлэлттэй байсан шарлалт хоёр хоногийн дотор илт нэмэгдсэнийг 45000 төгрөг төлж, дуудлагаар үзлэг хийсэн хувийн сувилагчаас ээж нь мэджээ. Ингээд зөвхөн зүйрлэвэл халуун хэмжих дайны үйлчилгээ авахын тулд 45 мянган төгрөг төлж, гэртээ яаралтай дуудлагын үзлэг хийлгэсэн ээж эмнэлэгт хэвтэхгүйн тулд 45-100 мянган төгрөгөөр шарлагын аппарат түрээслэх болсон байна. Ийм нөхцөл байдал дөнгөж төрсөн олон ээжид тохиолдож, тэдний санааг зовоож байдгийг өнөөдрийн сурвалжлагаараа хөндөхийг хүссэн юм. Өрхийн эмнэлэгт шарлалт хэмждэг хэрэгсэл байдаггүйг нялх хүүхэдтэй ээж, аавууд гайхахгүй өнгөрдөггүй байх.

Зарим эцэг, эх нярайн шарлалтыг элдэв эмгэг байх вий гэж санаа нь зовж, цахим ертөнцөд нэг нэгнээсээ буруу ташаа зөвлөгөө авч, хэрэгжүүлэх нь бий. Физиологийн жамаараа явагдах ёстой нярайн шарлалт яагаад арилахгүй удааширч буйн шалтгаан юу болохыг бид эхлээд эмч, мэргэжилтнүүд асууж тодруулахаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорин очлоо.

Хоёр хүүхдийн дунд нэг фото эмчилгээний
аппарат хэрэглэдэг 

Шарлалт бууруулдаг аппаратны цэнхэр туяанд шаруулж буй нярай бяцхан гар атган, үнэгчлэн унтаж харагдана. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоёр давхарт байрлах Нярайн эмгэг судлалын тасаг нярайн шарлалтын фото эмчилгээний 20 орчим аппараттай ажээ.

 “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүү маань анх ирэхэд шарлалт их буюу 385 ммоль/л байсан. Одоо эмнэлэгт фото эмчилгээ хийлгээд гурав хоноход шарлалт нь 72 ммоль/л болж буураад байна. Улсын эмнэлэгт хоёр хүүхдийн дунд нэг фото эмчилгээний аппаратыг ээлжлэн хэрэглэдэг. Нэг хүүхдийг дор хаяж, гурван цаг фото эмчилгээний аппаратад оруулдаг. Ээжүүддээ хандаж хэлэхэд дөнгөж төрсөн нярай хүүхдээ хөхөөрөө тогтмол сайн хооллож, шингэн сайн уулгаарай гэж зөвлөмөөр байна” гэж саяхан нярайлсан Д.Мөнхцэцэг бүсгүй ярьсан юм.

Амбулаторийн ачааллын 70-80 хувийг
нярайн шарлалт эзэлдэг 

Тус төвийн Нярайн эмгэг судлалын тасаг 45 ортой. Биднийг сурвалжлага бэлтгэхээр очиход /2018.01.15/ энэ тасагт 91 нярай хэвтэн эмчлүүлж байв. Тасгийн эмч нар ийм байдлаар байнгын нэг дахин их ачаалалтай ажилладаг бөгөөд амбулаторийн ачааллын 70-80 хувийг нярайн шарлалттай хүүхдийн эмчилгээ эзэлдэг тухай тэд ярилаа. Хэрэв аппарат хүрэлцээтэй байдаг бол анхнаасаа хүүхдүүдэд хүртээмжтэй үйлчилнэ, шарлалт багасна, эргээд эмнэлэгт хандах хүүхдийн тоо цөөрөх боломжтой мэт.

“Манай тасагт фото эмчилгээний аппарат хүрэлцээ муутай ч боломж бололцоогоороо хэрэглэдэг. Хэвтэн эмчлүүлж буй нярай хүүхдүүд шарлалтаар удаан эмчлүүлдэггүй. Нэг хүүхдийг дор хаяж тасралтгүй гурван цаг аппаратаар шарах ёстой байдаг. Манай амбулатори эмнэлэгт эцэг, эхчүүд “Хүүхдийн маань физиологийн шарлалт 14 хоног болсон ч одоо хүртэл арилахгүй байна” гэж хандах нь олон. Тиймээс ч амбулаторийн ачааллын 70-80 хувийг нярайн шарлалттай хүүхдүүд эзэлдэг. Үүний 30-40 хувь нь эмгэг шарлалттай нярай байдаг. Мөн эдгээрийн ихэнхийг нь дутуу төрсөн нярай хүүхэд эзэлдэг” гэж тус тасгийн нярайн эмч Э.Батцэцэг ярилаа.

ЭХЭМҮТ-ийн Нярайн эмгэг судлалын тасгийн нярайн эмч Э.Батцэцэг

Тэрбээр үргэлжлүүлэн “Нярайн шарлалтад улирал хамаарахгүй. Нярайн шарлалт гэдэг нь физиологийн үйл явц. Нярайн шарлалт төрснөөс хойш 2-3 долоо хоног үргэлжилж болно. Эмгэг шарлалт гэдэг нь нярайн бага хоногтойд өндөр явагдаж буй шарлалтыг хэлдэг. Эсвэл нярай төрснөөс хойш 21 хоногоос дээш хоногт шарлалт буурахгүй байгааг хэлдэг. Хамгийн гол нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ хөлийн ул, гарын алгыг илж, шарлалт нь 250 ммоль/л хэмжээнээс дээш байвал эмчид хандах хэрэгтэй. Мөн гэрийн нөхцөлд цонхны нараар хүүхдийнхээ биед тос түрхэхгүйгээр 20-40 минут ээгээрэй” гэж зөвлөлөө.

нярайн шарлалт хэмжих багажгүй Өрхийн эмч нар

Дөнгөж төрсөн эх, хүүхдийг анхан шатны эмнэлэг болох өрхийн эмнэлэг хяналтад авдаг. Гэтэл өрхийн эмнэлэгт төрсөн эх болон нярайн эрүүл мэндийг хянаж үзэх орчин үеийн багаж, төхөөрөмж дутагдалтай байдаг тухай өрхийн эмнэлгийн эмч нар хэлж байв. Ядаж л тэдэнд сар хүрээгүй нярай хүүхдүүдийг гэрт нь очиж үзлэг хийхдээ шарлалтыг нь хэмжээд, хэлээд өгчих алганд багтах хэмжээний аппарат, хэрэгсэл байхгүй. Шарлалт хэмждэг багаж дунджаар 2-3 сая төгрөгийн үнэтэй байдаг аж.

“Долоо хоногт ойролцоогоор манай өрхийн эмнэлгийн хяналтад байдаг 2-3 жирэмсэн эх амарждаг. Сүүлийн үед төрсөн эхчүүдийн 1-2 нярайд нярайн эмгэг шарлалт ажиглагдаж, ихсэх хандлагатай болсон.  Ер нь 10 нярай тутмын 1-2 хүүхдийн физиологийн шарлалт хүндэрсэн хэлбэртэй байдаг. Энэ тохиолдолд бид дараагийн шатлал руу явуулж, шарлалтыг нь хэмжүүлж, хэвтэн эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг.

Өрхийн эмнэлгүүдэд фото эмчилгээний аппарат болон нярайн шарлалтыг хэмжих багаж байвал анхан шатны эмнэлэгт шарлалтыг бүрэн эмчлэх боломжтой. Харамсалтай нь, өнөөдөр фото эмчилгээний аппараттай, хэмжих багажтай өрхийн эмнэлэг ховор. Өрхийн эмч нар хяналтад байгаа нярайн шарлалтыг нүдээр үзэж, гарын алга, хөлийн улыг баримжаалж мэддэг” гэж Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны өрхийн эмч Д.Амармэнд учирлав. Энэ тухай шинээр төрсөн ээж, нярайг хяналтаар үзэж байгаа олон эмч ярьдаг.

Фото эмчилгээний аппаратын түрээс хоногт 50-60 мянга

Хамгийн сүүлд 2016 онд гаргасан эрүүл мэндийн статистик мэдээллээр төрийн өмчийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нэгдүгээр төрөх газар, Хоёрдугаар төрөх газар, Гуравдугаар төрөх газар, Хүүхдийн төв сувилал болон хөдөө орон нутгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогооны төвүүдэд нийт 169 ширхэг нярайн шарлалтын фото эмчилгээний аппарат, шарлалт хэмжих 44 төхөөрөмж ашиглаж байгаа гэх тоо байна. Үүн дээр нэмэлтээр шаардлагатай 75 ширхэг фото эмчилгээний аппарат, 30 ширхэг шарлалт хэмжих багаж хэрэгтэй гэдэг хүсэлтийг эрүүл мэндийн байгууллагууд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эмнэлгийн тоног төхөөрөмж хариуцсан албанд гаргаж байжээ.

Улсын эмнэлгүүдэд нярайн шарлалтын фото эмчилгээний аппарат хүрэлцээгүй байдгаас хувийн эмнэлэг, зарим хувь хүмүүс фото эмчилгээний аппаратыг иргэдэд түрээслүүлж, хэрэглүүлдэг болжээ.

Фото эмчилгээний аппаратыг хоёр хоног түрээслэх боломжтой бөгөөд үр дүнгээ сайн өгдөг тухай хувийн эмнэлгийнхэн хэлж байв.  Жишээлбэл, “Анжел” эмнэлгийн хувьд фото эмчилгээний аппаратыг хоногт 50-60 мянган төгрөгийн үнэтэйгээр түрээсэлдэг бол “Зинт” эмнэлэг хоногийн 60 мянган төгрөгөөр ээжүүдэд санал болгож байна.

Гэхдээ хүүхдийн шарлалт нэмэгдлээ гэхэд хувийн сувилагчид 40-50 мянган төгрөг төлж, хүүхдийнхээ шарлалтыг хэмжүүлээд, 50-60 мянган төгрөгөөр аппарат түрээслэх айл өрх хэд байх билээ. Мөн хувиараа шарлалт үзэх, хэмжих үйлчилгээ үзүүлэх нь аюулгүй, эрсдэлгүй, баталгаатай талаасаа хэр шаардлага хангах билээ. Ядаж л өрхийн эмч нь очоод, шарлалтыг нь хэмжиж чаддаггүй гэж бодохоор эрүүл мэндийн салбарын үйлчилгээ мөн ч өрөвдмөөр санагдах.

Ямар хүүхдэд нярайн шарлалт илүүтэй тохиолдох вэ?

  • Хэрэв түүний ах, эгч нар нярайн шарлалттай байсан бол
  • Төрөлтийн үеийн хөхрөлттэй төрсөн бол. /Хөхрөлтийн нэг хэсэг болсон улаан эсүүд задрах үед биллирубин ихээр үүсдэг/
  • Дутуу төрсөн хүүхдийн элэг бүрэн үйл ажиллагаа явуулах боломжгүй учир билирубины солилцоонд дутуу оролцоно.

Нярайн шарлалтыг яаж шалгаж үзэх вэ?

  • Хүүхэд төрөх үед нярайн шарлалттай эсэхийг эмч нар шалгаж үздэг. Хэрэв эхний 24 цагт нярайн шарлалт илэрвэл зайлшгүй шинжилгээ хийх шаардлагатай. Мөн билирубины хэмжээ их байж магадгүй тохиолдолд төрсний дараах 3-5 хоногт мөн ажиглалтад байдаг. Хэрэв нярайн шарлалтын шинжүүд илэрвэл эмч хүүхдийн арьс болон цусанд билирубины хэмжээ үзэх шинжилгээ хийдэг. Хэрэв төрсний дараа удалгүй эмнэлгээс гарсан тохиолдолд нярайн шарлалт илэрч байгаа эсэхийг хамгийн түрүүнд ажиглах хүн эх өөрөө юм.

Нярайн шарлалтыг хэрхэн илрүүлэх вэ?

  • Байгалийн гэрэл сайтай орчинд хүүхдээ байлга.
  • Хүүхэд цайвар арьстай бол дух, хамар, цээжин дээр хуруугаараа зөөлөн дараад авах үед шаргал туяа татаж байгааг ажиглах.
  • Хэрэв хүүхэд тань бор арьстай бол түүний буйл болон нүдний цагаан нь шарласан эсэхийг шалгах хэрэгтэй.

Шарлалт ямар хор уршигтай вэ?

  • Ихэнх тохиолдолд шарлалт бол санаа зовоох асуудал биш байдаг. Гэвч хүүхдийн цусан дах билирубины түвшин хэт өндөр байх үед зохих эмчилгээ хийхгүй бол билирубины хэмжээ цаашид нэмэгдэн хүүхдийн мэдрэлийн тогтолцоог гэмтээх шалтгаан болдог байна. Хүнд хэлбэрийн шарлалттай байсан нярай хүүхдийн цөөн хэсэгт тархины гэмтэл үүсдэг. Үүний улмаас сонсголгүй болох, хөгжлийн хоцрогдол үүсэх болон саажилт үүсэх зэрэг ноцтой хүндрэл гардаг байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж