УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2018.01.15) НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахараг хүлээн авч уулзав.
Уулзалтаар Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн эрхлэх асуудлын хүрээ, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар харилцан ярилцаж, хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцов.
Хатагтай Наоми Китахара “Өнгөрсөн жилүүдэд бид амжилттай хамтарч ажилласан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг батлаж, Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж байна. Энэ онд нийгмийн хөгжлийн чиглэлээр хөрөнгө оруулах нь Тогтвортой хөгжлийн зорилтуудаа биелүүлэхэд эерэг үр дүнд хүргэнэ. Иймд цаашид бид НББСШУ-ны Байнгын хороотой хамтран залуучуудыг чадавхжуулах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна.
НҮБ-ын Хүн амын сан ирэх гурван жилийн стратегийг боловсруулсан бөгөөд эхийн эндэгдэл, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох асуудал багтаж байгаа” гээд эдгээр зорилтуудад хүрэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Залуучуудын хөгжил, гэр бүл төлөвлөлтийн тал дээр манай Байнгын хороо анхаарлаа хандуулж ажиллах болно. 2018 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөн дээр бид нөлөөллийн сургалт, хэлэлцүүлгийн хэв маягыг өөрчлөх саналтай байна гэдгээ илэрхийлэв. Мөн УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн чиглэлээр тодорхой ажлууд хийгдэх гэж байгааг дуулгаад хамтран ажиллахыг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилах хэлтэс мэдээлэв.