Английн “Манчестер Юнайтед” клубын домогт тоглогч Рьян Гиггз Уэльсийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахаар дөрвөн жилийн хугацаатай гэрээ байгуулсан тухай мэдээлэл хөлбөмбөгийн ертөнцөд шуугиан тарьж байна.
ВВС мэдээлснээр, Уэльсийн хөлбөмбөгийн холбооноос орон нутгийн цагаар өнөөдөр үдээс хойш хэвлэлийн бага хурал зохион байгуулахаар зар түгээсэн бөгөөд түүгээр шигшээ багийн шинэ дасгалжуулагчийг албан ёсоор танилцуулах бололтой.
Уэльсийн шигшээг дасгалжуулж байсан Крис Коулмэн өнгөрсөн арваннэгдүгээр сард Английн хөлбөмбөгийн лигийн “Сандерлэнд” клубын дасгалжуулагчаар томилогдсон билээ. Улмаар түүний орыг залгах боломжтой эрхмүүдийн тоонд Рьян Гиггзээс гадна Крейг Беллами, шигшээ багийн туслах дасгалжуулагч Осиан Робертс, Марк Боуэн нарын нэрс яригдаж байсан юм.
Рьян Гиггз өдгөө 44 настай. Тэрбээр 1991-2007 оны хооронд Уэльсийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 64 тоглолт хийжээ.
С.ЦЭЛМЭГ