Иракийн нийслэл Багдад хотод амиа золиослогч этгээдүүд цуврал дэлбэрэлт үйлдсэний улмаас 35 хүн амь үрэгдээд байна. Хотын төвд орших Тайаран талбайд болсон дэлбэрэлтээр 90 гаруй хүн гэмтсэн бөгөөд нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байна гэж ВВС мэдээллээ.
Амиа золиослогч этгээдүүд биедээ тэсрэх бөмбөг суурилуулсан хантааз өмсөж, хөл хөдөлгөөн ихтэй төв талбайд дэлбэрэлт үйлдсэн гэж Иракийн Дотоод хэргийн сайд мэдэгдсэн байна.
Ажил хайсан барилгын ажилчид өглөө бүр тус талбайд олноороо цугладаг, хөл хөдөлгөөн ихтэй газар аж. Өнгөрсөн хугацаанд тус талбайд цэргийнхэн рүү дайрсан халдлага гарч байжээ.
Дэлбэрэлт болох үеэр тус газарт харуул хамгаалалтын албаныхан цугласан байсан тухай AFP агентлаг мэдээлэв.
Үүнээс өмнө, өнгөрсөн бямба гаригт /2017.01.13/ Багдадын хойд хэсэгт амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас мөн таван хүний амь үрэгдсэн юм.
С.ЦЭЛМЭГ