Б.Энхбаяр: Хар тамхи яг хорт хавдар шиг тэлж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

Б.Энхбаяр: Хар тамхи яг хорт хавдар шиг тэлж байна

Б.Энхбаяр: Хар тамхи яг хорт хавдар шиг тэлж байна

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай хар тамхины асуудлаар ярилцлаа.

-Та саяхан залуучуудын чуулга уулзалтад оролцож илтгэл тавьсан. Тэрхүү илтгэлээс харахад өсвөр насны хүүхдүүдийн хар тамхины хэрэглээ нэмэгдэж байгаа нь анзаарагдсан. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Хар тамхины асуудал сүүлийн 4, 5 жилээс онцгой анхаарал татаж ирлээ. Олон улсын байгууллагын 2016 онд хийсэн судалгааг харахад дэлхий даяар 300 сая хар тамхи хэрэглэдэг хүн байна. Үүнээс 30 сая нь хар тамхинд гүнзгий хамааралтай болсон.

Энэ бол нуугдмал гэмт хэрэг. Манайд илэрч байгаа хэргийн нөхцөл байдалд шинжилгээ хийхэд өсвөр насныхан ихээхэн холбогдох болсон.

Хар тамхины хэрэглээ шохоорхол, сонирхлын шинж чанараас нэгэнт халиад, илүү зохион байгуулалттай, далд бизнесийн хэв шинж рүү орсон байна.

Гуравхан сая хүнтэй, 1/3 нь залуучууд эзэлдэг манай улсын хувьд энэ бол аюулын харанга юм. Хар тамхинд зориуд донтуулж, ашиг олж бизнес хийж байгаа гэмт этгээдүүд өөрсдийнхөө зах зээлийг тэлэхийг эрмэлзэнэ. Тэр зах зээл нь зөвхөн баян чинээлэг хүмүүсийг онилдог гэсэн үг биш. Амьдралын боломж муутай залуусыг татан оролцуулах замаар дараа дараагийн гэмт хэргийн золиос болгох хандлага бий. Ялангуяа өсвөр насны охид, бүсгүйчүүдийг донтуулаад биеийг нь үнэлүүлэх, хүний наймааны золиос болгох төлөв байдал байгаа нь бидний сэтгэлийг их зовоож байна.

-Хар тамхины гэмт хэрэг ийм түвшинд хүрсэн гэхээр итгэхэд бэрх байна. Өнгөрсөн хугацаанд хэдэн охин энэ төрлийн гэмт хэргийн золиос болсон бэ?

Хар тамхи, гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн хуулийн байгууллагад илрүүлэн шалгаж байгаа тоогоор яривал өөрсдийгөө дэндүү хуурч, асуудалд өнгөц хандаж байгаа хэрэг болно. Энэ төрлийн гэмт хэргийг тандан судалж, нууц, далд аргаар тэмцэж байж илрүүлдэг. Өнгөрсөн оны хавар Засгийн газраас “Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Хуулийн машинаар нухчин дарах арга бол хамгийн эцсийн арга хэрэгсэл. Эхлээд урьдчилан сэргийлэх, хүрээ хязгаарыг тархаахгүй байхад төр засаг гол анхаарлаа хандуулахаар уг хөтөлбөр батлагдсан. Энэ нь ганцхан хууль хяналтынхны ажил биш. Төрийн ордонд болсон залуучуудын чуулган дээр ч би энэ санаагаа илэрхийлсэн. 2017 онд хар тамхины гэмт хэрэгт холбогдогчдыг насны байдлаар нь авч үзэхэд насанд хүрээгүй хүүхдийн тоо 2 дахин, 19-25 насны холбогдогч 38 хувь, 26-35 насны холбогдогч 88 хувиар өмнөх оныхоос нэмэгдсэн нь энэ асуудал яг л хорт хавдар шиг томорч буйг нотолж байна.

Хүн эхээс төрөхдөө хэзээ ч гэмт хэрэгтэн болж төрдөггүй. Монголчууд уламжлалт соёл, заншил, хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд анхаарахгүй бол болохгүй болчихож. Сүүлийн 25 жилийн хугацаанд зөнд нь хаясан зүйлийн нэг бол энэ мөн. Эрх, эрх чөлөө л ярьсаар хүүхдээ зөв, сахилгатай хүн болгох асуудлаа дур зоргод найдаж урсгалд нь хаясан. Аминч үзэл, хувиа бодсон байдалд дулдуйдсан нийгэм юу нь эрүүл байх вэ. Дээвэр муутай байшинд дусаал гоожих нь ихтэй адил дэггүй хүүхэд дэл сул хоронд автах нь түргэн. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэж үг байдаг даа. Үр хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаагуур явж буйд анхаарахаас эхлээд ерөөсөө эцэг, эхийн зөв хайр, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хаа сайгүй түгээхсэн. Утаандаа угаартаад, уур хилэндээ живсэн нийгмээс яаж гэрэл цацрах вэ дээ.

-Хар тамхины хэрэглээ нэмэгдэж байгаа нь хил гаалийн хамгаалалт сул байгаатай холбоотой юу эсвэл манайд энэ төрлийн өвс, ургамал ургадаг байдалтай холбоотой юу?

-Энэ төрлийн ургамал ургадаг ч, устгалд оруулдаг. Манай улс хар тамхитай тэмцэх олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон. Энэ конвенц гурван удаа шинэчлэгдсэн. Олон улсын байгууллагаас хар тамхины төрөлд ямар бодис ургамал орох вэ гэдгийг тогтоож, тэр нь жишиг болж явдаг. Харин манайд “Ми ми”-г хэрэглэсэн, оруулж ирсэн иргэдийг барьдаг ч тухайн бодис нь хар тамхины жагсаалтад байдаггүй учраас хариуцлага тооцох боломжгүй байсан. Тиймээс өнгөрсөн онд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа энэ асуудлыг тусгаж өгсөн. Одоо бол хуулийн хариуцлага тооцох боломжтой болсон.

Хил гаалиар орж ирж байгаа бодисыг илрүүлэхтэй холбоотой маш олон хүчин зүйл бий. Хууль хүчний тусгай байгууллагад нууц далд аргаар авагдаж байгаа мэдээллийг нотлох баримтаар тооцох эсэх, хэрхэн хариуцлага тооцох вэ гэх мэт.

Хоёрдугаарт, хар тамхи гэж ярих уу эсвэл мансууруулах бодис, эм гэдэг нэр томьёо хэрэглэх үү. Аль жагсаалтыг үндэслэж, хэн тогтоож байх вэ, хүрээ хязгаар нь ямар байх вэ гэдгийг шийдэх ёстой.

Гуравдугаарт, энэ төрлийн гэмт хэрэгт хууль хүчний байгууллагын албан тушаалтнууд холбогдсон, илэрсэн, шалгагдаж байгаа асуудал ч бий. Хэрэв хууль хяналтын хариуцлагатай албан тушаалтан зохион байгуулалттай бүлэглэлийн гишүүн болчихсон, бизнес хийдэг, хэрэглэдэг, оролцдог бол бид нэлээн зохион байгуулалттай, чанд арга хэлбэрээр тэмцэхгүй бол болохгүй. Би бол энэ талаас нь шийдэх нөхцөл байдал үүссэн юм биш байгаа гэж харддаг. Магадгүй бусад мөрдөн шалгах чиг үүрэгтэй холилдоогүй, олон дамжлагагүй шууд удирдлагаар ажилладаг мөрдөн шалгах бүтцийг байгуулж байж илүү хараат бус, илүү нууц аргаар ажиллах боломж бүрдүүлэх шаардлага үүссэн байхыг үгүйсгэхгүй.

Дөрөвдүгээрт, техник технологи, хөрөнгө санхүүтэй холбогдсон асуудал байна. Хар тамхи хэрэглэсэн эсэхийг илрүүлэх, шалгах, шинжлэх багаж хэрэгсэл манайд дутмаг байдаг. Мөн мэргэшсэн мэргэжлийн мөрдөгч ч дутмаг. “Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн дагуу сургалт явуулж хэлсэн. Өнөөдрөөс эхлэн Коломбо планы шугамаар АНУ-аас энэ чиглэлээр мэргэшсэн гурван мэргэжилтэн ирж, манай хууль хяналтынханд тусгайлсан сургалт эхлүүлж байгаа. Цаашид ч үргэлжилнэ. Тоног төхөөрөмжийн асуудал ч яригдаж байгаа.

Тавдугаарт, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай хууль 2006 онд батлагдсан. Энэ хууль өнөөгийн нөхцөл байдалд шаардлага хангахгүй болсон байна. Тиймээс шинэчлэн найруулах ажил хийгдэж эхэлсэн. 2018 онд энэ хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулах зорилготой Хууль зүй, дотоод хэргийн яам ажиллаж байна.

-Хууль хүчний байгууллагын албан тушаалтнууд холбогдсон байж болзошгүй гэж хардаж байгаагаа та илэрхийллээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж байна уу?

Одоогоос гурав, дөрвөн жилийн өмнө байх, нэр бүхий прокурор энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол бий. Түүнчлэн хар тамхи тээвэрлэсэн, хэрэглэсэн хоёр хуулийн ажилтан баригдсан. Хамгийн сүүлд хэвлэлээс авсан мэдээллээр бол дээрх хэргийг шүүхээс буцаасан байдаг. Тодорхой илэрсэн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэхгүй, яагаад байгаа нь мэдэгдэхгүй байдалтай байна. Хэн энэ хэргийг хаацайлж, шийдүүлэх сонирхолгүй байна вэ. Би бол тодорхой хэрэг маргаан, шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох хориотой. Гэхдээ тодорхой нэр бүхий хуулийн байгууллагын ажилтнуудын оролцсон асуудал яагаад удаан хугацаагаар шийдвэрлэгдэхгүй байгаа нь анхаарал татаж байгаа юм. Тиймээс хуулийн байгууллагын зарим ажилтан өөрсдөө холбогдсон байж болзошгүй гэж би хардаж байна.

-Хар тамхитай тэмцэж байгаа байгууллагуудын уялдаа холбоо сайн байж чадах уу?

-Цагдаагийн байгууллагад хар тамхитай тэмцэх бие даасан нэгж ажиллаж байгаа. Саяхан сошиалаар цацагдсан охины яриагаар бол тагнуулын байгууллагад байцаалт өгсөн ч юм шиг, өгөөгүй ч юм шиг асуудал яригдсан. Хар тамхины хэргийг хуулийн харьяаллаараа цагдаа шалгадаг. Нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхтэй гурван байгууллага бий. Тэр нь цагдаа, тагнуул, АТГ юм. Эдгээр байгууллагын хийдэг гүйцэтгэх ажлын хүрээнд хар тамхитай холбоотой янз бүрийн мэдээлэл авагддаг байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн талаарх нууц мэдээллийг харилцан солилцох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах замаар жараахай биш тул барих цаг болсон. Бид жараахайтай тэмцээд том зорилгодоо хүрэхгүй.

Хар тамхи татсан этгээдийг шийтгэсэн тоо нь жил бүр нэмэгддэг. Ялын бодлого ч суларсан зүйл байхгүй. Гэхдээ эцсийн дүндээ нөхцөл байдал нь дордоод, цар хүрээ нь томорч байгаа дүр зураг ажиглагдаад байгаа учраас эндээс ашиг олж байгаа, гол зохион байгуулагч эздийг олж илрүүлэх нь хууль хяналтын байгууллагын гол зорилго байх ёстой. Хууль хяналтын байгууллагын ажлыг ч энэ шалгуураар дүгнэх цаг нэгэнт болсон байна. Хүүхэд залуус маань ч гэсэн нөхөр дайснаа ялгаж сурах нь юу юунаас чухаг байна. Гай зовлон амсахгүй гэвэл ухаантныг түш, лай болдог хар санаатнаас холхон яв л гэж хэлмээр байна.

-Эрүүгийн эрх зүйн шинэчлэлд хар тамхины хэрэгт холбогдсон этгээд үнэтэй мэдээлэл өгсөн тохиолдолд ял нь хөнгөрч байгаа. Ингэснээр жараахай биш тулыг барих зорилготой гэж хэлж болох уу?

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэг чухал заалт өнгөрсөн онд шинээр орсон. Тэр нь “Хамтран ажиллах этгээд” гэж. Өөрөөр хэлбэл, бусад гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн, үнэтэй мэдээлэл өгсөн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болох заалт оруулсан. Энэ заалт яагаад орсон бэ гэхээр авлига, хар тамхи зэрэг зохион байгуулалттай, нуугдмал үйлдэгдэж байгаа хэргийг илрүүлэх зорилготой орсон. Өмнө нь ч одоо ч хар тамхитай холбоотой гэмт хэргийн ялын бодлого тийм ч зөөлөн биш.

-“Томчуудын” дунд хар тамхины асуудал байдаг учраас энэ төрлийн гэмт хэрэг шийдэгдэхгүй байна гэдэг хардлага иргэдийн дунд бий. Та үүнтэй санал нийлэх үү?

-Ингэж хардах нь зүй ёсны хэрэг. Нэр бүхий улстөрчийн үр хүүхэд хар тамхи хэрэглэсэн гэх мэдээлэл хэвлэлээр гардаг. Илэрлээ, шалгалаа, зарим нь шүүхэд шилжлээ гэдэг. Гэвч яасан нь мэдэгдэхгүй алга болдог.

Эрх мэдэлтэй хүний үр хүүхэд хар тамхины хэргээр ял авлаа гэж би сонсоогүй. Олон нийт байтугай, хараат бус сэтгүүл зүй ч энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Ийм байдалтай байж нөлөө бүхий шийдвэр гаргагчид яаж бусдаас шударга ёс нэхэх вэ. Манлайлал гэдэг чинь өөрөө үлгэрлэхийг л хэлдэг биз дээ. Тэгж чадахгүй байж бусдаас шударга ёс нэхэх улс төр, ёс суртахууны эрхгүй. Ялангуяа шүүх, прокурор, мөрдөн шалгах байгууллагууд иймэрхүү хардлага дагуулсан асуудалд нээлттэй шударгаар хандаж, мэдээлэл өгч байх ёстой гэж үздэг.

-Хууль эрх зүйн бодлого чанга, сул гэдгээс хамаарч гэмт хэргийн тоо өсч буурах уу?

Ялын бодлого хүнд хөнгөн байхаас хамаараад гэмт хэргийн тоо ихэсдэг, багасдаг гэх нь хэт өнгөц ойлголт дүгнэлт болно.

Ганцхан хар тамхитай ч биш гэр бүлийн хүчирхийлэл гээд бүх л гэмт хэрэг дээр адилхан. Жишээ нь, цаазаар авснаар гэмт хэргийн тоо буурсан гэх судалгаа байдаггүй. Хар тамхины асуудалд манай урд хөрш маш хатуу ялын бодлоготой. Бүр олон нийтийн өмнө цаазаар авах нь ч бий. Уг нь ялын хатуу чангаар нь бодвол тэнд энэ төрлийн гэмт хэрэг буурч байх ёстой баймаар. Гэтэл санаа зовох түвшинд байгаа. Ялангуяа байгалийн гаралтай биш химийн аргаар шинэ төрлийн мансууруулах бодис үйлдвэрлэх явдал дотоодод нь газар авч, хар тамхи хэрэглэгчдийн тоо 2016 онд урьд оныхоос 6.8 хувиар нэмэгдсэн дүн байна.

Зарим улсад бол хар тамхи хэрэглэсэн этгээдийг гэмт хэрэгтэн биш бие сэтгэцийн донтой болсон өвчтөн гэж үздэг. Донтох өвчнийг эмчлэх, хамааралгүй болгох, нийгэмшүүлэх талаас нь илүү цогц арга хэмжээ авдаг. Манайд бол энэ талаас нь харж эмчлэх, хорих хугацаанд нь засч авах суурь ч муу л байна. Одоо л боловсон хүчээ бэлтгэхээс эхлээд ажиллаж байна даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж