УИХ-ын даргын захирамжаар УИХ, Байнгын хороо, дэд хороодоос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль санаачлах, санал, дүгнэлт гаргах, Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байгуулагдсан юм. Тус ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн дүүргүүдэд ажиллалаа.
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очироор ахлуулсан ажлын хэсэгт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Л.Болд, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан болон бусад холбогдох албаны хүмүүс байлаа. Ажлын хэсгийнхэн БЗД-ийн 2-р хорооноос ажлаа эхэллээ. “Манай хороо нь нийт 3200 өрхтэйгөөс 1800 орчим нь гэр хороололд байна. Хотын А зэрэглэлийн бүс хэдий ч агаарын бохирдол хамгийн ихтэй. Цахилгаанаар халаалтаа шийдэх бүрэн боломжтой” хэмээн тус хорооны Засаг дарга Ү.Билэгсайхан хэлж байлаа. Мөн энэ үеэр цахилгаан халаагуур үйлдвэрлэдэг “Л.А.А.А.Л” ХХК-ийн захирал М.Алтангэрэл өөрсдийн бүтээгдэхүүнээ ажлын хэсгийнхэнд танилцуулсан юм.
БЗД-ийн 2 дугаар хорооны Засаг дарга Ү.Билэгсайхан “Л.А.А.А.Л ХХК-ийн үйлдвэрлэж байгаа цахилгаан халаагуурыг манай хорооны 10 айл хэрэглэж байна. Тухайн айлуудаас санал, гомдлыг асууж, гал түлж байгаа эсэх дээр хяналт тавьж байгаа. Халаагуур нь бага хүчин чадлаар их талбайг халааж чадаж байгааг иргэд хэлж байна. Манай хорооны бүх айлд энэ халаагуурыг тавьчихвал утаагүй хороо болох боломжтой” хэмээлээ.
Ажлын хэсгийн дараагийн очсон газар нь Амгалан дулааны станц. Станцынхаа үйл ажиллагаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж болох ажлынхаа талаар танилцуулсан Тэргүүн дэд захирал, Ерөнхий инженер Ч.Цогтсайхан “Дулаан хуваарилах байгууламжуудыг барьж, БЗД-т байгаа халаалтын зуухнуудыг татан буулгаж ачааллыг Амгалан дулааны станцад шилжүүлж, утааг бууруулах арга хэмжээ авах, Амгалан дулааны станцын трансформаторын хүчин чадлыг ашиглан айл өрхийг цахилгаанаар хангаж, утааг бууруулах талаарх боломжийг судлах, Амгалан дулааны станцын дэд бүтцийг ашиглан 50 мВт-ын хүчин чадалтай 2 турбин зуухны блокийг суурилуулах зэрэг хэд хэдэн боломж бий” хэмээн ярилаа.
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэгт ажиллаж байна. Агаарын бохирдлыг бий болгож буй эх үүсвэрүүдийг хэрхэн бууруулах, цэгцлэх зэрэг дээр авч хэрэгжүүлж буй ажлууд, цаашид хэрэгжүүлэх шийдлүүдээ хэлэлцэж байна. Амгалан станцын хувьд өөрийн хучин чадлынхаа зөвхөн 40 гаруй хувийг ашиглаж байгаа. Үлдсэн 50 гаруй хувийг ашиглалтад оруулснаар ойролцоог уурын зуухнуудын үйл ажиллагааг зогсоох боломжтой” хэмээв.
Өнгөрсөн онд хэд хэдэн газрын уурын зуухыг буулгаж, төвийн дулаанд холбосон. Үүний нэг болох Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай ажлын хэсэг танилцав. Тус эмнэлэг нь төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбогдоогүй байхдаа жилдээ 1500 тн нүүрс түлж, 117 сая төгрөгийн зардал гаргадаг байжээ. Харин энэ жил дулаанд 64 сая төгрөгийн зардал гарна гэсэн тооцоог гаргасан байна.
“Нийслэлийн агаарын бохирдолд тодорхой хувиар нөлөөлж, жилдээ 1500 тн нүүрс шатааж байсан манай яндан үгүй болсон. Үүнээс гадна нэг чухал зүйл бол эмчлүүлэгчдийн хувьд таатай, эрүүл, дулаан орчин бүрдэж байна. Цахилгаан хангамжийн найдвартай байдал бүрэн хангагдсан” хэмээн ХУД-ийн нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч Д.Бааст ажлын хэсгийнхэнд ажлаа танилцуулахдаа тодотгож байв.
Түүнчлэн ХУД-ийн 7-р хороонд үйл ажиллагаа явуулдаг Түшиг хангай ХХК-ийн 100 кВт дээш хүчин чадалтай уурын зуухны үйл ажиллагаатай танилцлаа. Тус уурын зуух нь 1973 оноос хойш 45 жил ажиллаж байгаа аж. Ойр орчмынхооо сургууль, цэцэрлэг, ажилчдын орон сууц, хороо зэрэг зургаан обьектийг халаадаг байна. “Манай уурын зуух менежментийн хувьчлалаар 2010 оноос хувьд шилжсэн. Ирэх оноос үйлчлүүлэгч байгууллагууд төвийн дулаанд холбогдоход бидний зүгээс татгалзах зүйлгүй. Дэмжиж байгаа” гэдгийг Түшиг хангай ХХК-ийн захирал Ц.Батжаргал хэлж байв.
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсгийн гол зорилго нь өнгөрсөн жилүүдэд утааг бууруулах чиглэлээр УИХ болон байнгын хороо, дэд хороодоос гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилт бодит байдалд дээр хэрхэн биелэж байгааг газар дээр нь ирж үзэж байна. Хэрэгжилтийг хянаж судалсны үндсэн дээр ард иргэд, аж ахуйн нэгжүүд холбогдох хүмүүсийн саналыг үндэслэн дүгнэлт гаргана. Дүгнэлт гаргасны дараа шаардлагатай бол хуулийн төсөл санаачлан яаралтай горимоор оруулна. Мөн Засгийн газарт чиглэл өгөх ажлыг хариуцсан байгаа. Энэ ажлын хүрээнд УИХ-ын дэд ажлын хэсэг байгуулагдаад өнгөрсөн долоо хоногоос эхлэн нийслэлийн дүүргүүдээр явж байна. Утааг бууруулах боломжтой цахилгаан халаагуур, сайжруулсан зуух, түлш гээд үр дүн гаргасан газрууд дээр очиж, танилцлаа. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг ирэх гуравдугаар сарын 1-нээс өмнө энэ асуудлаар тодорхой шийдлүүдийг гаргана гэсэн бодолтой байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.