Г.Батбаатар: Би Ж.Цолмонтой нэг баг болж ажиллаж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

Г.Батбаатар: Би Ж.Цолмонтой нэг баг болж ажиллаж чадахгүй

Г.Батбаатар: Би Ж.Цолмонтой нэг баг болж ажиллаж чадахгүй

Энэ сарын 12-ны өдөр Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуулийн /АШУҮИС/ захирлуудын зөвлөл Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУСЯ-ы сайд Ц.Цогзолмаа нарт АШУҮИС-ийн захирлаар Боловсролын сайдын зөвлөх Ж.Цолмонг томилогдоно гэх мэдээллийг эсэргүүцэж мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна. 

Энэ талаар АШУҮИС-ийн захирал Г.Батбаатараас доорх тодруулгыг авлаа.

-Танд захирлын албан тушаалаас огцрох талаар албан ёсны мэдэгдэл ирсэн үү?

-Ямар ч мэдэгдэл мэдээлэл ирээгүй. Нэг сарын 5-ны өдөр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Цэдэвсүрэн намайг дуудаж уулзсан. Цаашид хөдөлмөрийн гэрээ сунгахгүй боллоо гэсэн тайлбар л хэлсэн.

-Ямар үндэслэлээр солих гэж  байгаагаа  хэлэв үү?

-Хэлээгүй ээ. “Цогзолмаа сайд өөртэй чинь уулз гэсэн” юм гэх хариулт өгсөн. Уулзалтын үеэр “Манай сургууль өч төчнөөн бүтээн байгуулалт хийж байна. Намайг үнэхээр солихоос өөр арга байхгүй байгаа бол ядаж долоон сар хүлээчих гэж хэлсэн. Долоон сарын дараа Анагаах ухааны их сургууль, Монгол Анагаах ухааны олон улсын сургуулийн хичээлийн шинэ байр, 60 ортой уламжлалт анагаах эмнэлэгээ хүлээн авсны дараа би өөрөө өргөдлөө өгөөд гарья. Хамгийн гол нь ажил хийвэл дуустал гэдэг биз дээ” гэж хэлсэн.

-Сургуулийн хамт олон дээрх шийдвэрийг эсэргүүцэж мэдэгдэл хүртэл хүргүүлсэн байна. Хариу ирсэн болов уу?

-Одоогоор ирээгүй байна. Академик байгууллагыг удирдаж үзээгүй, туршлага дутмаг хүнээр АШУҮИС-ийг удирдуулна гэхээр эсэргүүцэх нь мэдээж. Гэтэл  намайг ямар үндэслэлээр солих гэж байгааг мэдэхгүй л байна. Би энэ сургуулийн төлөө 30 гаруй жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Хийсэн бүтээсэн ажил ч түмний нүдэн дээр ил байна.

-Боловсролын хуульд их дээд сургуулийн захирлыг сонгохдоо ямар шаардлага тавьдаг вэ?

-Боловсролын хуульд их сургуулийн захирлаар 15 жил сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллагад ажилласан хүнийг сонгоно гэж заасан байдаг. Гэхдээ энэ заалт бол наад захын шаардлага юм шүү. Ж.Цолмон боловсролын салбарт ажиллаж байсан гэхээс илүү улс төрөөр явсан хүн. Тэр хүн АШУҮИС-ийн захирал боллоо гэж бодоход энэ сургуулийг удирдах хэмжээний чадвартай хүн гэж бодохгүй байна. Түүнийг хүлээн зөвшөөрөх хүн ч манай сургуульд ховорхон байх. Би өөрийнхөө хийсэн бүтээсэн зүйлийг өөр нэгэнд хаяглуулна гэж бодохгүй байна. Боловсрол, Эрүүл мэнд, Шинжлэх ухааны салбарууд хэзээ ч улстөржиж болохгүй салбарууд шүү дээ.

-Албан ёсны тушаал гарчихвал, тушаалыг дагах уу?

-Өөр арга байхгүй хойно тушаалыг дагана даа. Надад дэд захирлаар ажиллах санал тавьсан. Ямар ч хөгжлийн бодлого, энэ сургуулийг хөгжүүлье гэсэн сэтгэл байхгүй хүнтэй би хамтарч ажиллаж чадахгүй. Би Ж.Цолмонтой нэг баг болж ажиллаж чадахгүй. Сургууль дотроос ажлаа сайн мэддэг туршлагатай багш, профессор удирдана гэвэл асуудалгүй хамтарч ажиллахад бэлэн байна. Албан ёсны тушаал  гарчихвал би энэ сургуулиа орхино гэв.

Харин бид энэ асуудлаар БСШУСЯ-аас тодруулахад, тус яамны хэвлэлийн мэдээллийн төлөөлөгч “Л.Цэдэвсүрэн дарга яриа өгөх боломжгүй. Албан ёсоор төрийн нарийн бичгийн даргаар томилогдоогүй байгаа. Бүх томилгоо шийдвэр албан ёсоор гараагүй байхад манайх ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломжгүй” гэсэн хариулт өглөө. Мөн Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын зөвлөх Ж.Цолмонтой утсаар холбогдсон боловч тэрбээр одоогоор мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж