Буруу товчлуур дарсан Хавайн ажилтанд хариуцлага тооцжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

Буруу товчлуур дарсан Хавайн ажилтанд хариуцлага тооцжээ

Буруу товчлуур дарсан Хавайн ажилтанд хариуцлага тооцжээ

АНУ-ын Хавай муж даяар хуурамч түгшүүрийн дохио илгээж, оршин суугчдыг сандралд оруулсан Онцгой байдлыг удирдах газрын ажилтанд хариуцлага тооцож, өөр албан тушаалд шилжүүлэн томилжээ. Гэхдээ түүнийг ажлаас нь халах шийдвэр гаргаагүй байна.

Хавай мужийн Онцгой байдлыг удирдах газрын дарга Верн Мияги өчигдөр /2017.01.14/ хэвлэлийн бага хурал хийх үеэр дээрх мэдээллийг өгсөн байна. “Ажлын хариуцлага алдсан ажилтан сэтгэл санааны хүнд цохилтод орсон. Тэр санаатай ийм зүйл хийгээгүй. Алдаа байсан, түүнийгээ ойлгож байгаа” гэж Мияги хэлсэн байна.

Хавай даяар түгшүүрийн дохио айсуйг зарласан мессеж илгээх үед ажилчид ээлж солилцож байжээ. Энэ үеэр системийн ажиллагаа хэвийн эсэхийг шалгадаг бөгөөд “Пуужингийн дохиог турших”, “Пуужингийн дохио өгөх” гэсэн хоёр товчлуур байдгийг андуурч дарсан байна.

Өнгөрсөн бямба гаригт /2017.01.13/ өглөөний 08.00 цагийн орчимд Хавайн оршин суугчдын гар утсанд “Баллистик пуужингийн цохилт Хавайг чиглэж байна. Даруй хоргодох байранд орно уу. Энэ бол сургуулилт биш” гэсэн мессеж иржээ. Хуурамч түгшүүр зарласан мессеж илгээснээс хойш 18 минутын дараа оршин суугчдын и-мэйл хаягаар хуурамч дохио гэдгийг залруулсан шуудан илгээсэн ч гар утсанд 38 минутын дараа мэдэгдсэн байна. Энэ хооронд оршин суугчид сандран үймэлдэж, хэсэг хугацаанд эмх замбараагүй байдал үүсчээ.
 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж