ШӨХТГ: Нефть импортлогчдод хэрэг үүсгэнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

ШӨХТГ: Нефть импортлогчдод хэрэг үүсгэнэ

ШӨХТГ: Нефть импортлогчдод хэрэг үүсгэнэ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/  А-95, 98 төрлийн нано шатахууныхаа үнийг нэмж, хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн нефть импортлогчдыг шалгуулахаар прокурорт ханджээ. Ингэснээр тэдэнд  хэрэг үүсгэж, шалгах юм. Мөн “Шунхлай”, “Сод монгол”, “Магнай трейд”, “Петровис”, “Тэс петролиум” гээд нэр бүхий хэд хэдэн компанид тав хүртэлх сая төгрөгийн торгууль ноогдуулснаа ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ц.Лхагвасүрэн мэдэгдэв.

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ц.Лхагвасүрэн

Нөгөө талд нефть импортлогчид А-95, 98 төрлийн шатахуунаа литр тутамд 250-300 төгрөгөөр нэмснээ хүлээн зөвшөөрлөө. Тэд Засгийн газар шатахууны импортод ноогдуулах Онцгой албан татварынхаа үнийн дүнг буулгахгүй бол цаашид A-95, 98 төрлийн бензинийг  литр тутмыг нь 1950-1980 төгрөгөөр худалдаалах аж. Тухайлбал, нефть импортлогчдын томоохон төлөөлөл “Петровис” компанийг төлөөлж “Ник” компанийн гүйцэтгэх захирал Н.Наранбат хэлэхдээ “Дэлхийн зах зээлд дизель, түлшний үнэ нэг тонн тутамдаа 67.8 ам.доллараар нэмэгдсэн. Дээрээс нь Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс шатахуунд ноогдуулах онцгой албан татварын хэмжээг нэмлээ. Ингээд импортлогчид бид шатахууны литр тутамд 250-300 төгрөгийн алдагдал хүлээж байна. Алдагдлаа бууруулах арга нь шатахууны жижиглэнгийн худалдааны үнээ нэмэх эсвэл Засгийн газар 30-100 хүртэлх мянган төгрөгөөр нэмсэн онцгой албан татварын хэмжээгээ буулгах шаардлагатай” гэв.  

“Ник” компанийн гүйцэтгэх захирал Н.Наранбат

А-92 шатахууны хомсдолын тухайд дотоод дахь тээвэрлэлтэй холбон тайлбарлалаа. Шатахууны үнэ нэмэгдсэн мэдээллээр жолооч нарын шатахууны худалдан авалт нэмэгдсэн. Ингээд хотын төв дэх “Петровис” компанийн салбар колонкууд агуулахаасаа шатахуунаа шуурхай татаж чадахгүй байгаа гэнэ. Учир нь, том оврын ачааны машин бараагаа зөвхөн шөнийн цагаар тээвэрлэх эрхтэй аж. Өөрөөр хэлбэл, импортын шатахууны тээвэрлэлт тасалдаж, нөөцгүй болсон зүйл огт болоогүй гэлээ.

Иргэдийг бухимдуулсан, тэдний эрх ашгийг зөрчсөн шатахуун импортлогчдын энэхүү үйлдэлд ямар хариуцлага тооцож, үүссэн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон бусад хяналтын төрийн байгууллагууд нэгдсэн байр суурьд хүрээгүй байна. Энэ тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат  “Шатахууны үнийн зөвлөл хуралдаж, үдээс хойшдоо нэгдсэн шийдвэрт хүрнэ. Түүний дараа албан тайлбар, мэдээлэл өгье” гэв.

ОХУ-ын “Роснефть” компаниас нэг тонн шатахууныг 631-668 ам.доллараар нефть импортлогчид худалдан авдаг аж.

Гаалийн ерөнхий газраас статистик мэдээлэлд, 2017 оны арванхоёрдугаар сарын байдлаар Дизель түлшний импорт 805.3 мянган тоннд хүрсэн байна. Энэ нь 2016 оныхоос 279.6 мянган тонноор буюу 184.2 сая ам.доллараар өсчээ. Өнгөрсөн 2016 онд нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 463.5 ам.доллар байсан бол энэ онд  531.3 ам.долларт хүрч 67.8 ам.доллар буюу 14.6 хувиар өссөнийг онцолжээ.

 

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж