Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо(IATA)-ны Зүүн хойд Азийн бүсийн Аюулгүй ажиллагаа, нислэгийн үйл ажиллагаа хариуцсан захирал Cheng Shixin, Зүүн хойд Ази болон Монгол Улсыг хариуцсан менежер Ө.Энхбат болон Голланд улсын KLM агаарын тээврийн компанийн Нэгдлийн захирал Weido Mulder, Азийн бүсийн нислэгийн хөдөлгөөнийг хариуцсан менежер Clim van der Weijden нар ИНЕГ-т айлчлав.
Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын хэлтсээс IATA-гийн төлөөлөгчдөд иргэний нисэхийн салбарт тэр дундаа Агаарын навигацийн чиглэлээр сүүлийн үед хийгдсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, Монгол Улсын агаарын зайгаар нисэн өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлэх агаарын тээвэрлэгчдийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой саналууд тавьж хэлэлцүүллээ. Мөн төлөөлөгчдийг Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын ажлын явцтай танилцууллаа.
IATA-гийн зүгээс Монгол Улсын иргэний нисэхийн хийж буй ажлуудыг өндрөөр үнэлэн, бүс нутгийн орнуудын дунд үлгэр жишээ болж байгааг онцлоод агаарын тээвэрлэгчид болон нисэх багийн зүгээс Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээний талаар ямар нэг санал гомдол сүүлийн жилүүдэд ирүүлээгүйг цохон тэмдэглэж хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ.
Энэхүү айлчлалын хүрээнд төлөөлөгчидтэй ИНЕГ дарга Л.Бямбасүрэн уулзаж, Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хийж буй ажлуудыг дэмжин, өнгөрөлтийн нислэг, агаарын навигацийн хураамжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж буйд талархал илэрхийлээд Зүүн хойд Азийн бүсийн Аюулгүй ажиллагаа, нислэгийн үйл ажиллагаа хариуцсан захирал Cheng Shixin-ийг ИНЕГ-ын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
Эх сурвалж: ИНЕГ