Бельгийн хойд мужид өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд анх удаа чоно үзэгдсэн талаар байгаль хамгаалагчид мэдээлжээ.
20-р зууны эхээр баруун европт үйлдвэржилт, хотжилт эрчимтэй явагдсанаас гадна зэрлэг амьтдыг хамаагүй агнаснаас болж энэ улсад чоно үндсэндээ устсан гэнэ.
1979 оны Берны конвенцоос хойш чоныг хүмүүс дайсан гэж үзэхээ больж, тоо толгой нь цөөрсөн, устаж мөхөхийн ирмэгт тулсан зэрлэг амьтдын жагсаалтад оруулсан бөгөөд Европын байгалийн өвийн чухал бүрэлдэхүүнд тооцох болсон байна.
Румын, Польш зэрэг чоно элбэг газарт чоно хонь руу дайрахад хүмүүс яг л хүн рүү дайрсан мэт бөөн хэл ам болдог хэмээн Бельгийн зэрлэг амьтан судлаач ярьжээ.
Мөн Франц, Итали, Испанид чоно сүрэг рүү байсхийгээд довтолдог учраас фермерүүд тэдэнтэй дайн зарласан юм.
Бельгид шинэ он гарсны дараахан үзэгдсэн чонын хүзүүнд байгаль хамгаалагчид мэдрэгчтэй чип зүүсэн байна. Тус улсад 100 гаруй жил харагдаагүй чоныг Германаас ирсэн гэж таамаглаж байгаа. Байгаль хамгаалагчид одоо засгийн газраас энэ зэрлэг амьтныг хамгаалах, Бельгийн ойд дураараа байх боломж олгохын тулд мал сүргийг нь тоншсон тохиолдолд фермерүүдэд нөхөн олговор олгохыг уриалжээ.
Эх сурвалж: Agence France-Presse