Улаан асрын зүүд (22-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (22-р бүлэг)

Улаан асрын зүүд (22-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Хорин хоёрдугаар бүлэг

ЭГШИГЛЭЛИЙН УЯНГЫГ СОНСОН БАО ЮЙ ЧАНЫ НУУЦЫГ УХАЖ, ДЭНГИЙН ОНЬСОГЫГ ЗОХИОН ЖЯ ЖӨН ЗӨГНӨЛ ҮГЭНД ЭМГЭНЭВ

Өгүүлэх нь: Жя Лянь авгайгаа “Зөвлөх яриа байна” гэснийг сонсоод: “За ямар юм бэ” гэж асуусанд Фөн Же: “Хорин нэгэнд Шюэ охин дүүгийн төрсөний ой болно. Чи яана гэж бодож байна вэ” гэж асуусанд: “Яахыг би яаж мэдэх вэ. Чи хичнээн олон өндөр насны баярыг хийлгэсэн мөртөө одоо яах аргыг мэдэхгүй болоо юу” гэхэд нь Фөн Же: “Тэр олон өндөр насны баяр чинь тогтсон дүрэм журамтай юм. Харин энэ дүүгийн ой бол их ч биш, бага ч биш учраас чамтай зөвлөлдье гэсэн юм” гэж хэлэв. Жя Лянь жаахан бодолхийлсэнээ:

-Чи харин балайрчихжээ. Одоо шинэ загвар бий болгох нь. Линь охин дүү маань даруй түүний жишээ болно. Ийм юм ярьж яана. Урьд жил Линь охин дүүгийн ой болоход юу хийцгээсэн бэ. Тэрүүнтэй адилхан юм хийхгүй юү гэж хэлэв. Фөн Же цаанаа жихүүн янзтай инээж: 

-Би түүнийг чинь мартчихсан байна. Уг нь би түүнийхтэй адилхан хийх санаа байсан. Гэтэл өчигдөр Лао тайтай, хүүхэд дүү нарын нас жилийг асууж байтал Шюэ охин дүү арван тав хүрч байгааг мэдлээ. Хэдийгээр жил нь ороогүй ч гэсэн хатгуур зүүх1 насанд хүрсэн хэрэг. Тэгэхдээ, Лао тайтайгаас түүний өдрийн баяр хийнэ гэсэн нь, урьд жил Линь охин дүүгийнхийг хийснээс өөр юм гэсэнд Жя Лянь:

-Тэгвэл Линь охин дүүгийнхээс жаахан илүү л хийчихгүй юү гэсэнд Фөн Же:

-Би үүнийг бодоогүй биш, бодсон. Тэгэхдээ л чиний үгийг сонсъё гэсэн юм. Хэрэв би зоргоор хөдөлбөл чи бас өөртөө хэлсэнгүй гэж буруутгана гэсээр гарч одсоныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Шы Шянюнь хэдэн өдөр өнжөөд буцах гэсэнд Жя Мү: “Бао эгчийнхээ төрсөн өдрөөр байж ший үзээд харь” гэжээ. Түүний хэлэхийг сонсоод Шы Шянюнь гэр рүүгээ хүн явуулж урьд нь хийж байсан үйл утасны юмсаа авчруулж Бао Чайн төрсөн өдрөөр бэлэг өгөхөөр шийдэв.

Жя Мү, Бао Чайг ирсэн цагаас хойш түүний амарлингуй дөлгөөн занг тоомсорлодог учир, түүний ой болох гэж байгаад Фөн Жег дуудаад хорин лан мөнгө гарган өгч найр хийж, ший үзүүл гэж хэлэв. Фөн Же аясыг нь тааруулж байгаад наргиан болгож:

-Элэнц эмэг болсон хүн, үр ач нартаа ойн баяр хийж өгөх гэвэл, ямар байсан ч яахав. Хэн аймшиггүйгээр иймээ, тиймээ гэхэв. Юунд бас архи дарстай хурим найр хийнэ гэж. Хэрэв нэгэнтээ баяр хөөр болоод, хөгжөөн наргиантай хий гэвэл хувьдаа хадгалсан мөнгөнөөсөө баахныг гаргах байлгүй. Тэртэй тэргүй бунхалж зэврүүлж байсан хорин лан гаргаж зочин гийчин залж дайл гэх нь, биднийг дээр нь юм нэмэрлэ гэсэн санаа байлгүй. Үнэнхүү гар мөчид бол бас яахав. Авдар дахь мөнгө өлгийтэйг чинь ёроолоо цөмлөх гэж байхад бас биднийг зүдрээх нь үү дээ. Буурай эмээ ээж минь, эдний чинь хэн нь таны үр ач биш юм бэ? Тэр их юмаа та ганцхан Бао Юй дүүд үлдээж өгөхөөр ганцхан тэр таныг үүрч Утайд хүргэх юм уу2. Бид хэдий тийм хувьгүй боловч манийгаа битгий их гачигдуулж үзээрэй. Таны энэ өгсөн чинь, зөвхөн архинд хүрэх юмуу? гэсэнд гэрт байгсад цөм хөхрөлдөв. Жя Мү ч инээд алдав. Тэрбээр:

-Та нар үүний хэл амыг хараа биз. Би ч бас нилээн хэлэмгийд ордог хүн. Яагаад энэ амьтныг давдаггүй юм бол. Хадам эх нь хүртэл надтай баймшиггүйгээр ам арилжихгүй байхад энэ маань миний өөдөөс ийм тийм гэж дүдэгнэж байна шүү дээ гэхэд нь Фөн Же инээж: 

-Миний хадам ээж ганцхан Бао Юйг боддог болохоор, би гомдлоо хэлэх газаргүй байна. Тэгэхээр намайг зэмлээд ашиг байна уу гэсэнд Жя Мү баярласан янзтай хөхрөв.

Тэд үдэш болохоор Жя Мүгийнд цугладаг заншилтай юм. Энэ удаа ч тэднийд цуглаад энэ тэрийг ярилцан инээж хөхрөлдөн байтал Жя Мү “Ямар ший үзэх дуртай вэ. Ямар хоол идэх вэ” гэж Бао Чайгаас асуув. Тэрбээр их настай ч гэсэн сэргэлэн, хөгжөөнтэй ший үзэх, зөөлөн идээнд дурладгийг нь Бао Чай мэдэх болохоор, түүний сэтгэлд нийцүүлээд хэлчихсэнд эмгэн баярлачихав. Тэгээд маргааш нь дээл хувцас, бусад зүйлийг хүргүүлсэний дээр Ван Фүрэнь, Фөн Же, Дай Юй нарын хувь хувийн бэлэг нэмэгдэв. Дараа нь Жя Мү, хашаан дотроо авсаархан тайз засаад Күнь, И хоёр аялгуугаар3 дуулдаг шинэхэн гарсан шийг цөм үзэх санал гаргав. Жя Мүгийн их өргөөнд найрын ширээ засаж, гаднаас зөвхөн Шюэ Има, Шы Шянюнь, Бао Чай гурав л зочин болж бусад нь гэр зуурын хүмүүс байжээ. Энэ өглөө Бао Юй эрт босоод Дай Юйг гадуур харагдахгүй болохоор өрөөнд нь орвол ханзан дээр хэвтэж байв. Бао Юй инээж: 

-Босож хоолоо ид. Ший мөд эхэлнэ. Чи ямар ший үзмээр байна вэ. Нэрийг нь хэлчих гэсэнд цаадах нь дурамжхан янзтай:

-Чи нээрэн асууж байгаа юм бол шиний нэрсийг авчраад, сонгуулалдаа. Зүгээр л энд ший гарах далимаар сонирхож байгаа юмуу гэж асуув. Бао Юй:

-Яасан хэцүү юм бэ. Маргааш нэрс авчирч үзүүлье. Бас л далимдуулсан болох уу гэснээ, түүнийг татан босгож гадагш хөтлөлцөн гарав.

Хоол идсэний дараа Жя Мү: “Бао Чай үзэх шийгээ сонгоорой” гэв. Бао Чай ч удаж түдсэнгүй: “Баруун газар аялсан тэмдэглэлийн”4 нэг хэсгийг нэрлэсэнд Жя Мү баярлаад: “Шюэ Имад санал байна уу” гэж асуусанд цаадах нь: “Бао Чайтай санал нэгээ” гэв. Жя Мү:

-Фөн Же, үзэх шийнийхээ нэрийг хэлэх үү гэсэнд, Шин, Ван хоёр Фүрэнь хэдийгээр хоёр дээр нь байгаа боловч нэгэнт Жя Мү асуусан юм болохоор мөн ч түүний үгнээс гардаггүй зангаараа, бас шог инээдмийн хөгжөөн наргиантай зүйлд дуртайг нь бодолцоод: “Лю Эр хувцсаа барьцаанд өгсөн нь”5 гэж хэлсэнд Жя Мү баярлав. Дараа нь Дай Юйг нэр хэл гэвэл тэрбээр Ван Фүрэньд найр тавив. Жя Мү:

-Би өнөөдөр та нарыг дагуулж цэнгэлдье гэсэн юм. Бид хийдгээ хийх ёстой. Би дуртай шийгээ үзэж, хурим найр хийж байгаа болохоор заавал эднээр нэр сонгуулах гээд яахав. Зүв зүгээр гарсан шиг үзээд, идэж уугаад л явна биз гэсэнд цаадуул нь хөхрөлдөв. Тэгтэл Дай Юй ч нэг нэр хэлэв. Бао Юй, Шы Шянюнь, Тань Чүнь дор бүрээ нэг нэр хэлэв. Тэр ёсоор нь дуулуулах болов. Яг сайхан архины ширээнд сууцгаах үед Жя Мү: “Бао Чай ямар ший дуулуулах вэ” гэсэнд цаадах нь: “Сүмийн хаалга”6 гэж хэлэв. Тэгтэл Бао Юй: “Чи дандаа л үүнийг үзэх гэх юм” гэсэнд Бао Чай: “Чи өчнөөн ши үзсэн мөртөө энэ шиний өнгө үзэмж, үг хэллэгийн сайныг мэддэггүй юмуу” гэж асуув. Бао Юй:

-Би угаасаа ийм үймээн шуугиантай шид дургүй гэсэнд Бао Чай,

-Өө чи, ийм шиг үймээн шуугиантай гэвэл, чи ерөөсөө ший мэддэггүй юм байна. Нааш ир. Би чамд хэлж өгье. Энэ нэг бүлэг шийг умарт Гүнгийн Дянь Жян чүнь аялгуунд7 тохируулж дуулбал даралт өргөлт нь тод бөгөөд аялгуу эгшгийн яруу сайхныг хэлэхийн аргагүй. Тэр үг хэллэгийн дотроос “Сугсар өвс” гэдэг бадаг бол нэн гайхалтайг чи яаж мэднэ” гэв. Бао Юй ингэж магтахыг сонсоод урагшилж “За эгч минь, түүнийгээ надад нэг сайхан уншаад аль” гэсэнд цаадах нь уншиж эхлэв.

Хатан, баатрын нулимсыг тайван арчиж, харц эрдэмтэн8 гэрээсээ ангижирч салав. Буянчир нигүүлсэнгүйд шүтэгдэж, бадма цэцгийн сууринд гэнэн сахилтан урагш сахил авав9. Хувь ивгээлгүй тул хоромхон зуур бас салж хагацахыг нь яана. Гоонь ганц бие тул галбыг туулж тэнэвч хоргодох байр олсон. Түүнд хаанаас олдох вэ. Хурын малгай, борооны нөмрөгөө эвхэж үүрээд явахыг нь ээ! Хамаг зоригоороо, хагархай багвар, өвсөн шаахайтай бадар барьж явнам!

Түүнийг сонсоод Бао Юй баярлан хөөрч, өвдгөө алгадан, толгой сэгсэрч Бао Чайг бичиг мэдэхгүй мөртөө ийн цээжилсэнийг магтан сайшаахад Дай Юй ярвайж:

-Аятайхан сууж ший үз. “Сүмийн хаалгыг” түйвээхээс өмнө чи харин “Баширлан солиорох10 юун” гэж хэлэв. Шян Юнь хөхрөв.

Тэгээд чив чимээгүй ший үзэцгээж, орой болсон хойно тарав. Жя Мү, тэр шиний нэг хүүхэн тоглогч, хутгагчин11 тоглогч хоёрыг ихэд сайшааж, дуудуулж авчраад, нарийн ажиглаад энхрийлэв. Бас насжилийг нь асуусанд, нэг нь ес, нөгөөх нь арван нэгтэй байсанд бүгдээр гайхан шагширч боов, жимсээр дайлаад зоосоор шагнажээ. Фөн Же:

-Энэ хүүхдийг засаж чимбэл нэг хүнтэй их адилхан юм. Та нар лав ажиглаагүй дээ гэхэд нь Бао Чай дотроо мэдсэн боловч дуугарсангүй. Бао Юй багцаалдсан боловч айгаад хэлсэнгүй. Шян Юнь харин тосож аваад:

-Би мэдлээ, Линь эгчтэй их төстэй юм гэсэнд Бао Юй хялайв. Бусад нь энэ үгийг сонсоод: “Нээрэн адил юм” гэцгээв. Үдэш Шян Юнь” юмаа боож явахаа бэлдээрэй” гэж Цүй Люйд хэлэв. Цаадах нь: “Юундаа яарсан юм. Явахдаа л боогоод явна биз” гэв. Шян Юнь:

-Би маргааш өглөө явнаа хүн царайчлаад энд байж яана гэхэд нь Бао Юй:

-Охин дүү минь, чи намайг андуугаар зэмлэж байна. Линь охин дүү бол сэжигч хүн. Хүмүүс цөмөөр мэдэж байхад чи урьтаж дуугарах хэрэггүй байсан юм. Түүнийг уурлахаас би эмээсэн юм. Тэр болгоомжгүй юм уу, санаандгүй юм хэлэхэд уурладаг юм. Харин яагаад уурласангүй вэ. Би чамайг хүнтэй муудалцуулахгүй гэхдээ л нүдээр дохио өгсөн юм. Тэгэхэд чи надад уурлавал намайг хөөрхий болгоно шүү. Уг нь чи түүнтэй биш, өөр хүнтэй муудалцсан бол хамаа юу даа гэхэд нь Шян Юнь:

-Чи энэ уран үгээ надад хэлээд яахав. Би угаасаа тэр Линь охин дүүд чинь хүрэх хүн биш. Өөр хүн түүгээр доог хийж байхад би бол ганц үг хэлээд ч буруудна. Би түүнтэй үг хэлэлцэх хэмжээний хүн ч биш. Тэр бол эзэн авхай. Би бол боол шивэгчин… гэсэнд Бао Юй цухалдангуй,

-Би бол чиний төлөө гэсээр буруудав. Надад муу санаа байсан бол агшин зуур үнсэн товрог болж түмэн хүний хөлд гишгэгдэх биз гэв. Шян Юнь:

-Цагаан сараар амны зоргоор ийм бэлэггүй үг ярьдаггүй юм. Чи ийм үг хэлэх дуртай бол, хүний үг сонсох цээжний зайгүй, тэгсэн мөртөө уурлах дуртай тийм хүндээ л очиж хэл. Битгий л нүүр рүү нулимуулаад байгаарай даа гээд Жя Мүгийн дотор өрөөнд унтахаар оров. Үүнд, Бао Юй урамгүй болж, Дай Юйн өрөөнд ортол цаадах нь түүнийг түлхэн гаргаад үүдээ хаав. Юу болсныг мэдээгүй учир Бао Юй гадаа гараад “Сайн дүү минь ээ, юу болов” гэж зөөлхөн дуудвал цаадах нь огт тоосонгүйд ихэд гонсойв. Баахан мэлрэн зогсов. Дай Юй түүнийг явсан биз гээд үүдээ нээсэн чинь тэрүүхэнд байгаад хүүе гэхийн завдалгүй эргээд ороод ирэв. Бао Юй:

-Ямарваа явдалд учир шалтгаан байдаг. Учрыг нь хэлбэл хүн хохирохгүй байж болно. Зүв зүгээр сайхан байж байгаад л уурлачихдаг чинь юунаас болов гэж асуусанд цаадах нь зэвүүцсэн байртай инээж: 

-Надаас битгий асуу. Би бас учрыг нь мэдэхгүй байна. Би угаасаа л та нарт дооглуулах учиртай хүн юм. Намайг шиний дуучинтай адилхан гэж олны инээдэм болголоо шүү дээ гэсэнд Бао Юй:

-Би чамайг түүнтэй адилхан гээгүй. Шоолж шоглоогүй байхад надад уурладаг нь юү бэ гэсэнд Дай Юй:

-За яахав чи адилтгаагүй, шоолоогүй юм байж. Тэгэхдээ л адилтгаж, шоолсон хүнээс хортойдоо гэв.

Бао Юй юү хэлэхээ мэдэхээ болов. Дай Юй:

-Уг нь чамайг уучилж болно. Гэтэл чи юунд Юнь Эр рүү нүд ирэмсэн бэ. Энэ чинь ямар санаа вэ. Тэр надтай тогловол даруй биеэ доромжилсон болно гэсэн санаа бишүү. Тэр бол гүн Хөүгийн авхай, би бол зүгээр хүний охин. Би хариу үг хэлсэн бол тэр даруй өөрөө гутамшгийг эрсэн явдал болох бишүү. Чиний санаа ийм бишүү. Чиний энэ хэдий сайн санаа боловч ганц тэр хүн, чиний талыг авахгүй мөртөө мөн нэг адил уурласан. Одоо чи бас надаар тал хийж, эргээд намайг “Цээжний багтаамжгүй, хөдөлбөл л уурлах дуртай” гэнэ. Бас түүнийг надтай муудалцуулахаас айна. Би түүнд уурлавал чамд ямар аюул болно вэ. Тэр надтай муудалцахад чамд ямар хамаатай юм бэ” гэж асуув. Түрүүхэнд Шян Юньтэй ярьсан яриаг нь олоод сонсчихсонд Бао Юй гайхав. Уг нь тэр хоёрыг сөргөлдүүлэхгүй харин ч эесүүлэх гэж бодсон юм байж. Одоо харин бүр хоёр этгээдэд тал талаасаа донгодуулан “Нань Хуажин” бичгийн доторх “Уран нь зүдэрч, мэргэн нь зовно. Чадалгүйд хүсэл үгүй. Мууг идэж хооллон аялах нь аргамжаагүй онгоцтой эгээ адил” гэх буюу “Уулын мод өөрийгөө сөнөөнө. Булгийн ус биеэ ширгээнэ” гэсэн үгстэй адил болсон тул бодох тусам урамгүй болов. Тэгтэл, энэ хэдхэн хүнийг эв найртай байлгаж чадахгүй атлаа хожим ер нь юү хийж чадах вэ хэмээн бодсоор өрөө рүүгээ оров. Дай Юй түүнийг явчихаар нь, тэр энэ бүхнийг бодоод уурлан дув дуугүй явчихлаа гэж бодохоос бачимдан: “Ингээд л харьж байгаа бол энэ насандаа битгий буцаж ирээсэй. Үүнээс хойш дахиж надтай ярихгүй болтугай” гэж бараг хүн дуулахаар хэлэв. Бао Юй түүний хэлэх үгийг сонсоогүй ч төдий л ойшоосонгүй, шууд л орон дээрээ хэвтээд тэрхэндээ бухимдав. Ши Рэнь уг шалтгааныг нь сайн мэдэж байгаа боловч айгаад юу ч хэлсэнгүй. Яаж тайтгаруулъя даа гэж бодоод:

-Өнөөдрийн ши дахиад хэдэн өдөр үзэхийг эхлүүллээ бололтой. Бао Чай лавтайяа хариу барих байлгүй гэсэнд Бао Юй хүйтнээр инээж: 

-Түүний хариулах эсэх надад ямар хамаа байна гэж хэлэхийг нь сонсвол урьд өдрийнхтэй адилгүй учир Ши Рэнь:

-Энэ чинь, юу гэсэн үг вэ. Ийм сайхан цагаан сарын үеэр, эмгэд өвгөд, эгч дүү нар цөм баяр хөөртэй байхад чи бас яагаад ийм болчих вэ гэв. Бао Юй дургүйхэн инээмсэглэж:

-Тэд баярлана уу, үгүй юу надад нэг хүртээлтэй бишээ гэхэд Ши Рэнь:

-Хөөрхий тэд нар маань цөмөөр эв эетэй байхад чи ганцаараа эв найргүй байж болохгүй гэсэнд Бао Юй:

-Юуны чинь би, бид бүгдээр вэ. Тэдэндээ л тийм байхаас, надад бол гон бие гозон толгойгоос өөр хоргоох торгоох юм алга гээд нулимас унагав. Ши Рэнь ахиж дуугарсангүй. Бао Юй энэ охиныхоо учрыг тунгаан бодсоор тэсгэлгүй гасалж байснаа босон харайгаад ширээндээ очиж бийр шүүрээд нэгэн бадаг тайлал зохион бичив.

Чи сэхээрэв12. Би сэхээрэв. Сэтгэл сэхээрэв. Санаа сэхээрэв. Сэхээрэх юмгүй бол

Сая сэхээрэв гэж болно. Сэхээрэв гэгдэх юмгүй бол даруй бодь мөрийг олно13

Үүнийг бичиж дуусаад өөрөө хэдий ойлговч өөр хүн ойлгохгүйгээс болгоомжлон, бас нэг эгшиг “Сугсар өвс” хэмээх дуулал нэмж тайллын ард бичив. Нэг удаа уншиж, дотор нь саад тотгоргүй санагдсан тул орон дээрээ гараад унтав. Дай Юй, Бао Юйгийн эрс шулуухан явсныг санаад Ши Рэньтэй уулзахаар шалтаглан, түүний байдлыг үзэхээр ирсэнд “Унтчихсан” гэв. Дай Юйг эргэх гэтэл Ши Рэнь инээж: “Авхай та хүлээж бай. Энд нэг бичигтэй цаас бий. Юу бичсэнийг үзээд өгнө үү” гээд мөнөөх цаасыг Дай Юйд авч өгөв. Түүнийг үзээд, цухалдан уйтгарлахдаа бичсэнийг нь мэдээд инээдэмтэй бөгөөд харамсалтай санагджээ.

-Тоглоом хийж бичжээ. Гойд юм биш гээд аваад харив. Маргааш нь Бао Чай, Шян Юнь хоёр ирж үзэв. Бао Чай уншвал ийм ажээ.

Би үгүй бол чи мөн алга. Нэгийг нь итгэвэл, нөгөөг нь үл ойлгоно14. Хувиа хөөвөөс тотгоргүй зоригоор зорчиж болно. Аль балайгаар юунд гомдол зовнил, баяр хөөрийг эрнэ вэ. Элдэв маягаар юунд ойр, хол янаг хэлэлцнэ вэ. Өчигдрийн зүдрэл, чармайлт юуны төлөө вэ. Өнөөдөр эргэн харж эргэцүүлэн суухад үнэнхүү урмыг алдруулнам гэжээ.

Дараа нь тайлал үгийг нь үзээд инээв. Түүнд “Энэ нь миний эндүүрлээс болов. Миний өчигдрийн нэг эгшиглэл, түүний энэ үгийг өдөөж гаргав. Эдгээр номын ухаан, даяанчийн нууц15 бол хүний чанарыг хувьсгахад маш дөхөм. Хэрэв хожим итгэл барьж, эдгээр солиу үгнүүдийг хэлээд, ийм санаа орвол цөм миний энэ нэгэн эгшиглэлээс үүссэн болох бишүү. Би хэргийн эзэн болжээ гээд, даруй охидод өгөөд, хурдан галд шатаа” гэжээ гэсэнд Дай Юй инээж: 

-Хэ, түүнийг урахгүй байсан юм. Миний түүнээс юм асуухыг хүлээсэн болоосой. Та нар намайг дагаж очигтүн. Би лавтайяа түүний энэ мангуу сэтгэлийг засаж чадна гэв.

Тэд, Бао Юйтэй уулзав. Дай Юй инээгээд:

-Би чамаас юм асууя. Эрхмийн дээдийг Эрдэнэ /Бао/ хатуугийн дээдийг хаш /Юй/ гэнэ. Чамд ямар эрхэм, ямар хатуу байна вэ гэж асуусанд, Бао Юй хариу өчиж чадсангүй. Тэгээд хөхрөлдөж: “Ийм ядуу, мунхаг мөртөө бас бурханы шашны ёсыг өгүүлнэ” гэхэд нь Шян Юнь алга ташиж, “Бао ах аргагүй дийлдлээ” гэв. Дай Юй:

-Чинийхээр бол “Сэхээрэв гэгч үгүй бол даруй бодь мөрийг олно” гэнэ. Энэ бол яриангүй сайн. Харин минийхээр бол энэ бүрэн төгөлдөр болоогүй ажээ. Би хоёр мөр залгаж өгье. “Бодь мөрийг үл олбол тэр сая цэвэр ариун” гэжээ. Бао Чай “Энэ сая үнэн нэвтэрхий болой. Эртийд буддагийн шашны өмнөд салбарыг үүсгэгч зургадугаар өвөг Хуй Нөн16 анх багш эрж Шао Жөүд хүрээд, тавдугаар өвөг Хун Рэнийг Хуан Мэйгийн нутагт байхыг сонсоод даруй түүнд очиж гал тогооны тойн болжээ. Хун Рэнь төрөл юүгээ тодруулах17 гэж олон шавь нартаа хүн бүр нэг тайлал зохиогтүн гэсэнд тэргүүн шавь ШэньШю “Бие хэмээгч бодь мод буюу сэтгэл хэмээгч толины тавцан адил. Цаг ямагт зүлгэж арчиж бай. Дээр нь хог тоос битгий бий болго” гэжээ. Хуэ Нөн гал тогооны газар будаа нүдэж байхдаа түүнийг сонсоод: “Сайн гэвэл сайн боловч дуусах гэвэл эс дуусна” гээд өөрөө бас нэг номын тайлал зохиосноо уншиж “Бодь хэмээгч угаас мод биш, толь хэмээгч мөн тавцан биш. Ямагт нэг ч юмгүй атлаа ямар газарт хог тоос бий болно вэ” гэсэнд тавдугаар өвөг сонсоод даруй өмд, дээл, бадар аягаа түүнд уламжлуулан өгөв18.

Энэ өдрийн энэ тайллын үг мөн үүнтэй нийлжээ. Ганц саяын энэ өгүүлбэрийн нууцыг бүрэн оруулж төгсгөөгүйгээр даруй орхиж болно уу гэсэнд Дай Юй инээж: 

-Тэр хариулж эс чадвал дийлдсэн болно. Одоо хариулж чадсан ч гайхалтайд орохгүй. Гагцхүү цаашдаа, дахиж Чаний ёсыг өгүүлэх хэрэггүй. Мань мэтийн мэдэж чадсаныг чи харин мэдэж чадахгүй бас юуны дизаны ёсыг сэтгэнэ вэ гэв. Уг нь Бао Юй биеэ сэхээрэв хэмээн бодож байсанд санамсаргүй Дай Юйн гэнэтийн ганц асуултад дийлдсэн бөгөөд бас Бао Чайгаар “Номлол үсгээс’19 эш татуулахад хүрчээ. Эдгээр бол цөм тэдний ерийн цагтаа чадаж байсан зүйлс биш болой. Тийнхүү дотроо: “Тэд харин надаас урьдчилан мэдсэн агаад арай бүрэн ухаараагүй байснаа одоо дэмий л өөрсдөө бухимдаж яана даа” гэж бодоод инээд нь хүрч “Хэн Чаний ёсыг сэтгэсэн бэ. тэр бол нэгэн цагийн наадам тоглоомын үг төдий юм” гээд дөрвөн хүн мөн уг ёсоор бололцов.

* * *

Гэнэт нэгэн хүн ирж “Нян нянгийн тэндээс хүн ирж” Нэг дэнгийн оньсого ирүүлэн олноор тайлбарлуулахын хамт бас тайлж дууссаны дараа хүн бүрийг нэг нэг оньсого зохиож ордонд ирүүл гэлээ” гэжээ. Дөрвүүл сонсоод яаран Жя Мүгийн дээд өрөөнд очвол, нэг бяцхан тайган, дэнгийн оньсого өлгөхөөр бэлтгэсэн дөрвөн өнцөгт цагаан торон бүрхүүлтэй лантгар дэнлүү барьж, дээр нь хэдийн өлгөсөн нэг оньсогыг хүмүүс үзэж цөм ам булаалдан тайлбарлацгааж байв. Энэ хэр бяцхан тайган бас зарлиг уламжлан:

-Олон авхай нар тааж олбол хэлэх хэрэггүй. Хүн бүр цөм нууцлан бичээд, хамтад нь битүүмжилж, ордонд хүргүүлээд, таасан эсэхээ хянан үзүүлтүгэй хэмээн зарлаж байв.

Бао Чай түүний хэлэхийг сонсоод, очиж үзвэл, долоон үгийн тасархай хэсэг байв. Төдий л онцын сонирхолгүй боловч хүмүүс магтаж л байжээ. Зарим нь “Тайлахад хэцүү юм” гэж, зарим нь их л бодолхийлэх дүр үзүүлнэ. Үнэндээ бол хараад л таачихсан ч байж магадгүй. Ухаа нь, Бао Юй, Дай Юй, Шян Юнь, Тань Чүнь дөрөв бол таачихаад сэмхэн буцаад явчихжээ. Энэ үед Жя Хуань, Жя Лань зэрэг хүмүүнийг дуудан аваачиж, цөмийг ой билгийн хэрээр тайлбарлуулж цаасанд бичүүлсэний дараа бас хүн нэг бүрээр нэг юмыг оньсого болгон зохиолгож, хичээнгүйлэн бичүүлж, дэнлүүний дээр өлгөв.

Орой тайган ирж бас зарлиг дамжуулав. Тэрбээр “Өчигдрийн Нян нянгийн зохиосон оньсогыг цөм тайлжээ. Ганцхан хоёрдугаар авхай болон гуравдугаар агийн тайлсан нь ташаа байв. Олон авхай нарын зохиосон оньсогыг Нян нян бас цөмийг тайлав. Оносон эсэхийг мэдэхгүй” гээд бичсэнийг гаргаж үзүүлбэл, тайлж чадсан ч байна. Тайлж чадаагүй ч байна. Тайган бас оньсого таасан хүн бүрд ордонд хэрэглэх бичгийн сав болон цайны савны зүлгүүр нэжгээдийг шагнал болгон түгээв. Харин Ин Чүнь, Жя Хуань хоёр оньсогыг таасангүй гэсэнд нэг нь тоглоом наадмын хэрэг болгон ойшоосонгүй, нөгөөх нь жаахан урамгүй байв. Тэр даруйд тайган: “Гуравдугаар агийн зохиосон энэ оньсого онч муутай тул тэд тайлж чадсангүй. Юу болохыг агиас асуулгасан” гэв.

Бүгдээр сонирхон түүний юу зохиосныг үзвэл,

Ахын толгойд найман эвэр бий

Дүүгийн толгойд хоёр эвэр бий

Ах нь хэзээ ямагт ор дээр сууна

Дүү нь харин байшингийн оройд сууна гэжээ.

Түүнийг сонсоод хүмүүс хөхрөлдөв. Жя Хуань: “Нэг нь дэр, нөгөөх нь гөрөөсний толгой”20 гэсэнд тайган, цээжлээд буцав. Жя Мү, Юань Чүний урам нь хугараагүйг хараад баясаж, тусгай цэвэрхэн өрөө гаргаж, тэнд дэнлүү тавиулаад, олон эгч дүүсээр сэмхэн оньсого зохиолгон халхавчийн дээр наалгаж байх болгоод, энэ удаагийн оньсого сайн тааж бас зохиож шагнал урамшил авсан хүмүүсийг амтат жимсээр дайлж цаашдаа ч оньсого сайн зохиосон хүнийг шагнах журам тогтоов. Жя Жөн, ажлаасаа ирүүтээ Жя Мүгийн баяр хөөртэй байхыг хараад сэтгэл нь сэргэж, түүний хажуугаар баярт явдал тохиолдсон учир наргих санал гаргав. Дээд талд Жя Мү, Жя Жөн, Бао Юй ширээнд сууцгаав. Ван Фүрэнь, Бао Чай, Дай Юй, Шян Юнь нар нэг ширээнд Ин Чүнь, Тань Чүнь, Ши Чүнь гурав бас нэг ширээнд доохнуур сууцгаав. Харин Ли Вань, Ван Ши фөн хоёр дотор өрөөнд нэг ширээнд сууцгааж байв. Тэрүүгээр олон эмгэн, шивэгчин зогсоно.

Жя Жөн: “Лань Эр яагаад харагдахгүй байна” гэсэнд шивэгчингүүд яаран дотор өрөөнд орж өөрийг нь сураглаж байгааг хэлбэл Ли Вань инээж: 

-Лаое дуудаагүй гээд ирэхгүй байна гэж хэл гэв. Түүнийг нь өнөөх шивэгчин, Жя Жөнд хэлбэл “Төрөлхийн зөрүүд үхэр шиг амьтан” гэсэнд хүмүүс хөхрөлдөв. Жя Жөн:

-Жя Хуань яваад Ли Ванийг дуудаад ир гэв. Төдөлгүй Ли Ванийг орж ирмэгц Жя Мү дэргэдээ суулгаад жимсээр дайлж, бүгдээр инээд наргиантай болцгоов. Ерийн цагт ганцхан Бао Юй л олон таван үг хэлдэг байсан боловч өнөөдөр Жя Жөнг байгаа болохоор дув дуугүй сууна. Шян Юнь хэдий Гүнгийнхний хамгийн бага нь боловч угаасаа яримхай болохоор ярих санаатай ч Жя Жөнгийн ширээнд байгаадаа дуугарч чадахгүй байв. Дай Юй бол төрөлхийн танхи залхуу, илүү дутуу юм ярих дургүй болохоор хэв янзаараа л байна. Бао Чай бол яаран дуугардаггүй ам удаантай хүн болохоор энэ удаа мөн л ажиг ч үгүй дуугай сууна. Эд нар гэр зуураа бол яримхай боловч энд сүрхий ёсорхог төлөвтэй сууна. Энэ бүхний нь ганцхан Жя Жөн л байгаа болохоор хүмүүсийн ийм дүнсгэр байгааг Жя Мү мэдэх учраас гурван дугараа өнгөрмөгц түүнийг явж амар гэж шаардав. Жя Жөн ч өөрийг нь хурдан зайлуулж, олон эгч дүү нарыг цэнгэлдүүлэх гэж байгааг мэдэж байгаа учраас инээд алдан:

-Өнөөдөр бол буурай эмээгийн энд хаврын дэнлүү, яруу оньсого зохиоцгоосныг сонсоод би бас ёсны бэлэг архины ширээ базааж, тусгайлан цуглаанд орохоор ирсэн юмаа. Энд ач хөвгүүд, охидоо санах сэтгэлээсээ хөвгүүн надад бага сага хайрлал хүртээхгүй юм уу гэсэнд Жя Мү инээж: 

-Чамайг энд байхаар эд нар чинь инээлдэж ярьж хөөрч шуугиж чадахгүй. Харин намайг бухимдуулна. Чи хэрэв оньсого таалцсугай гэвэл би нэгийг хэлсүгэй. Чи тайлагтүн. Чи тайлж чадахгүй бол торгоно гэсэнд Жя Жөн:

-Торгуулийг дуртай хүлээнэ. Хэрэв тааж чадвал шагнал хүртээх үү гэж асуув. Жя Мү:

-Яриа юу байхав гээд нэг оньсого хэлсэн нь: “Модны мөчирт хөнгөн бичин, нэгэн жимсний нэр хэлжээ. Ямар жимсний нэр хэлсэн бэ” гэж таалгав. Түүнийг нь Жя Жөн, Баржгар лууны нүд гэдгийг мэдэж байсан боловч тааж ядан бодлогоширсоор торгуулсан боловч сүүлд тайлж хэлээд Жя Мүгийн шанг авав. Дараа өөрөө оньсого хэлж Жя Мүгаар таалгав.

Гурван хүнээр түшүүлдэг

Гоолиг нарийхан биетэй

Улсын хэргийг товчилдог

Уран сайхан хошуутай

Цангаг ангаг зантай

Цагаан газар явдалтай… Энэ ямар зүйлийн эд вэ гэж хэлж таалгаад сэмхэн Бао Юйд шивнэв. Өнөөхийг нь Жя Мүд дамжуулчихав. Жя Мү баахан бодоод, цэцэн ухаантай хүн болохоор “Бийр” гэж хэлэв. Жя Жөн инээж: 

-Настай хүн мэргэн л тааж байна даа гээд хурдан шанг нь өгөөч гэсэнд зарц нар: “За” гээд их тэвш, бяцхан багвартай юм авчирч барив. Жя Мү түүнийг нээж үзвэл зулын баярт зориулсан зүйлс байсанд бөөн баяр болоод “Лаоедаа архи барь” гэв. Бао Юй архи аягалж Ин Чүнь хундага барив. Жя Мү:

-Чи тэр халхавчийн дээрхийг үз. Энэ бол цөм энэ эгч дүүсийн зохиосон оньсого байгаа юм. Чи тайлж өг гэсэнд Жя Жөн босоод тэр оньсогоос авч үзвэл эхлээд Юань Фэйн зохиосон оньсого таарав.

Түүнийг уншвал,

Төөн чинээ биетэй

Түмэн давхар хуягтай

Түн гэж дуугараад

Төрсөн биеэ сүйтгэнэ. Энэ бол нэг тоглоом гэжээ.

Жя Жөн: “Энэ пуужин уу” гэв. Бао Юй: “Мөн” гэв. Дахиад нэгийг авч үзвэл Ин Чүнийнх байв.

Тэнгэрийн улирал хүний хөдлөлд зүй нь мохдоггүй

Хөдлөл байгаад улиралд эс нийлбэл уулзахуйяа харин бэрх

Юун учир өдөржин пижигнээд салгаж байдаг вэ гэвэл

Арга билгийн тоо хэмжээ барагдашгүйн харгаа болой.

Энэ бол нэгэн хэрэгслийн эд гэснийг харж жаахан бодсоноо Жя Жөн “Энэ будах мөхлөг мөн үү” гэв. Ин Чүнь толгой дохив. Ахиад нэгийг авбал Тань Чүнийнх байв.

Харшийн өмнө багачуул хүүхэд тэргүүн өргөлцөх үе

Ханшны өдрийг засаж чимэглэн их тохилог болгоно

Холбосон утас нэгэнт тасарвал огт хүчгүй болно

Хагацан салбал дорнын салхинд гомдол бүү хэлэгтүн

Энэ бол нэгэн тоглоомын эд гэжээ. Жя Жөн бодож байгаад “Цаасан шувуу биш биз” гэв. Тань Чүнь зөвшөөрч толгой дохив. Жя Жөн дахиад нэгийг авсан чинь Дай Юйнх байв.

Яамалж дуусаад хоёр ханцуйдаа хэн утаа авчрав.

Ятгын хажуу, хөнжлийн дотор алинд ч хамаагүй

Үүр цайхыг тахианы дуугаар мэдүүлэх хэрэггүй

Үдэшийн жинд шивэгчин нэмж зовоох учиргүй

Өглөө өглөө, үдэш үдэш тархи юүгээ сэрээж

Өдөр өдөр, жил жил зүрх юүгээ шатаана

Сар өдрийн өнгөрч одохыг хайрлах хэрэгтэй боловч

Салхи бороо, бүрхэг тунгалаг өөрийн зоргоор хувирна

Энэ бол нэгэн хэрэгслийн эд гэжээ. Жя Жөн уншин бодлогоширсноо: “Энэ чинь, халын хүж21 биш үү” гэсэнд Бао Юй: “Мөөн” гэв. Жя Жөн, бас нэгийг авч үзвэл, “Урагш хандан суувал, эсрэг хандан бараална. Зөв бол мөн зовж, баярлавал мөн баярлана” гэснийг үзээд Жя Жөн: “өө энэ сайн. Энэ чинь толь байна” гэсэнд Бао Юй инээж: – мөн, мөн гэв. Жя Жөн бас нэгийг авч үзээд: “Энэ нь нэргүй юм. Хэн зохиосон юм бэ дээ” гэсэнд Жя Мү: “Бараг Бао Юй зохиосон байхаа” гэв. Тэрбээр юм хэлэлгүй, дараачийнхыг нь гээд Бао Чайн бичсэнийг авч үзвэл,

Хохимой хоёр нүдтэй

Хоосон хөндий гэдэстэй

Зуны халуунд учраад

Намрын сэрүүнд сална

Өлзийгүй эр эм хоёр

Өвлийн цагийг үзэхгүй! 22

Энэ бол нэг хэрэгслийн эд гэжээ. Жя Жөн түүнийг хараад дотроо: – энэ эд бол мөн энгийн юм боловч ийм бага насандаа энэ мэтийн үг зохиох нь тун бэлгэ үгүй болжээ. Үзвэл, цөм насан хутгийг олохгүй улс ажгуу гэж бодоод ихэд гуниглан, толгой даран бодлогоширов. Түүний байр байдлыг хараад Жя Мү: – энэ ядарсан байх гэж бодоод, бас түүнийг байвал энэ олон эгч дүүс санаан зоргоор хөгжөөнтэй наадаж чадахгүй гэж итгэсэн чигтээ Жя Жөнд: “Одоо чи энд байх хэрэггүй. Явж амар. Бид энд баахан сууж байгаад тарнаа” гэсэнд, Жя Жөн “За за” гээд ээждээ нэг хундага архи бариад гарч одов. Тэрбээр өрөөндөө ороод, бодлогошрон урваж хөрвөөд баахан уяралтай хэвтэв. Жя Жөнг явахаар: “За та нар одоо сайхан наргитугай” гэтэл Бао Юй, босож халхавч дэнлүүний дэргэд очоод, хөл гараа хөдөлгөн аман зоргоор: “Энэ нэгний энэ өгүүлбэр муухай”, “Тэр нэгний бичсэний эхлэлт нь зохисгүй” гэхчилэн үглэж торноос гарсан сармагчин шиг зан гаргахад нь Дай Юй:

-Түрүүнийхээ адилаар ярилцан суугаад инээж, хөхөрч суувал дээр юм бишүү гэтэл энэ үед Фөн Же дотор өрөөнөөс гарч ирээд, залган авч:

-Чи ч мөөн! Лаое өдөр бүр чамаас төө салахгүй байвал таарна. Би санасангүй, Лаоег байхад чамаар шүлэг оньсого зохиолгодог байж. Тэгсэн бол чиний хөлс гарахгүй яахав гэсэнд Бао Юй цухалдаж, Фөн Жег шүүрэн барьж авав. Жя Мү, Ли Вань болон олон эгч дүү нартай ярьж, инээж хөхөрсөөр зүдрэх төлөвтэй болжээ. Цаг харвал нэгэнт дөрвөн жин болсон тул идээ ундааг хураалган хүмүүст тараалгаад өндийн босож:

-За амарцгаая. Маргааш бас баярын өдөр тул эрт босоцгоох хэрэгтэй. Орой дахиад наргинаа гэсэнд дор дороо явахыг завдав. Маргааш нь бас ямар гэгч баяр болох юм бол доо. Түүнийг мэдье гэвэл дараах бүлгийг уншицгаая!


Тайлбар:

  1. Хатгуур зүүх нас-Хятад үндэстний хуучин заншлаар хүүхэн хүн арван таван нас хүрэх буюу харьд явуулах болсон бол хатгуур зүүдэг байжээ. Энд бол насанд хүрлээ гэсэн санаагаар хэрэглэжээ.

  2. Үүрч Утайд хүргэнэ-Утай гэдэг нь Шаньси мужийн Ү Тайшан уулыг хэлнэ. Буддагийн шашинтан бол үүнийг бурханы орон гэдэг. Энд бол үхэхийг цээрлэж хэлсэн утгаар хэлжээ.

  3. Күн, И хоёр аялгуу-Хятадын эртний ший жүжгийн зүйл. Күн аялгуу нь Жянши мужийн өмнө хэсгээр дэлгэрсэн шиний аялгуу. И аялгуу нь уг мужийн И Ян газрын шиний аялгуу.

  4. “Баруун газар аялсан тэмдэглэл”-Мин улсын Ү Чинэнийн зохиосон Тансан лам баруун газраас ном залсан тухай үлгэр

  5. Люй Эр хувцсаа барьцаанд өгсөн нь-Нэг зүйлийн хошин ши. Хэн хэзээ зохиосон нь тодорхойгүй.

  6. Сүмийн хаалга-Энэ бол Шүй Шюй Жуань шастирын доторх Лү Жышэн согтуугаар Утайн сүмийг түйвээсэн үлгэрээс сэдэвлэсэн ажээ.

  7. Умарт гүнгийн Дянь Жян Чүнь аялгуу-Энэ бол нэг зүйлийн эгшиглэлийн аялгууны нэр. Эгшиглэл бол Юань улсын үед их хөгжөөд өмнөд, умарт хоёр салбар болон ангилагдаж. Энэ Дянь Жян Чүнь аялгууг умарт салбарын эгшиглэлд олонтаа хэрэглэдэг учир умарт хөг гэжээ.

  8. Харц эрдэмтэн-Нуугдсан эрдэмтэн. Хуучин нийгэмд чадал эрдэмтэй ч зэрэг хэргэмгүй бол биеэ далдлан суухыг хэлнэ.

  9. Увш сахил авав-Үс гэзгээ авч хувраг болохыг хэлнэ.

  10. Баширлан солиорох-Энэ бол Тан улсын Юй Уйжин овлон солиорч Ли Шиминий сэтгэлийг дасгасан үлгэрээс сэдэвлэн зохиосон нэгэн шийний нэр. Дай Юй үүгээр Бао Юйг ов живгүй гэж хошигножээ.

  11. Хүүхэн тоглогч болон хутгагчин тоглогч-Хүүхэн болж тоглох буюу хутгагчин болж тоглодог тусгай авъяастныг хэлнэ.

  12. Сэхээрэв-сэхээрэлт, бас билгийн цээж нээгдэв гэнэ. Буддагийн шашны гүн ухааны нэр томьёо. Тэдний үзэхэЭр Ертөнцийг хоосон гэвэл буруу. Бий гэвэл бас буруу. Бас хоосон бас бий гэвэл мөн буруу, хоосон ч биш, бий ч биш гэвэл бүр буруу. Хэн хүн хэзээ аль нэг цагт энэ дөрвөн зүйлийн үзлээс бүрмөсөн ангижирвал тэр хүний билиг даруй нээгдэж сэхээрнэ гэнэ. Энэ бол ёстой биеч сэтгэлч үзлийн онолч болох юм.

  13. Бодьмөр-Буддагийн шашны номлолоор ертөнцийн хүмүүст, хүний орчлонгоос гадна бас жинхэнэ нэгэн оршин тогтнох орон гэж байдаг бөгөөд тэр оршин тогтнох орныг бол билиг нээгдэж сэхээрсэн хүн олдог байна гэнэм. Тийм хүнийг бол бодьмөрийг олсон гэдэг.

  14. Би үгүй бол чи мөн алга. Нэгийг нь итгэвэл нөгөөг нь үл итгэнэ. Энэ бол би хэрэв дунд нь орсонгүй бол тануус мөн зөрөлдөх учиргүй. Энэ нь хэлэхийг итгэвэл, тэр нь хэлэхийг зөвтгөхийн аргагүй гэсэн санаатай үг болно.

  15. Даяанчийн нууц-Буддагийн шашны үг. Хувраг хүн, даяанч болж номын ёсыг сүвэгчлэхийг даяан хийв гэдэг. Түүний сэтгэн сүвэгчилсэн далд ёсыг нь даяаны нууц гэнэ. Энэ нууцыг номлол болгож хэлэхийг ном тавих гэнэ.

  16. Буддагийн шашны өмнөт салбарын үүсгэгч зургадугаар өвөг Хүэ Нэн-Буддагийн шашин Дундат улсад уламжлан орж ирээд Тан улсын нэрт хуушаан Хүэн Рэнь /тавдугаар өвөг/-ийн үед хоёр хэсэг болжээ. Түүний хоёр шавийн нэг өмнөд нутгийн Хуй Нөн бол хүнийг агшнаа сэхээрч бодь мөрийг олдог гэдэг онолыг баримталсанаар түүнийг шүтсэн нь, өмнөд салбар болж, хойт газрын Шэнь Шю бол хүнийг аажмаар сэхээрч бодь мөрийг олдог гэсэн онолыг баримталсанаар түүнийг шүтсэн нь хойт салбар болжээ.

  17. Төрөл тодруулах-Шашинтан үе залгамжлагчаа тодруулахыг хэлнэ.

  18. Карх, дээл, бадар аягаа түүнд уламжлан өгөв-Энэ нь лам нар өмд, дээл, аягаа уламжлуулан өгсөн хүн нь түүний залгамжлагч болно гэсэн үг.

  19. Номлол үгс-Шашны өвөг дээдсийн хэлсэн үгийг тэмдэглэсэн бичиг

  20. Гөрөөсний толгой-Их ордон харшийн орой дээр хоёр тийш харуулан буга гөрөөс, барс ирвэсийн толгой хийдэг. Түүнийг хэлж буй.

  21. Халын хүж-Хуучин үед цаг мөч үзэх багаж хэрэгсэлгүй тул хүжээр цагийг хэмждэг байв. Үдэшийн таван жинг хэмжихдээ тусгайлан хийсэн хүж асааж, түүнийг асаж дуусахаар нэг жин өнгөрөв гэж мэддэг байв. Ингэж асаасан хүжийг, уриа дуудлагын утгаар халын хүж гэнэ.

  22. Энэ оньсогод хэлсэн зүйл бол халуун оронд хэрэглэдэг нутгийнхны нэрлэснээр “Хулсан хатан” гэдэг эд юм. Нарийхан хулсаар сүлжиж хийх буюу эсвэл хоёр гурван тохой урт, бүдүүн хөндий хулсанд олон нүх цоолоод зуны халуунд өвөртөлж унтахад нүхээр нь салхи орж сэрүүцүүлнэ. Цаг агаар сэрүүнд бол хэрэглэхээ больчихдог зүйл юм.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж