Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

“Муур гэдэг амьтан явж байна. Шувуу гэдэг жигүүртэн нисэж байна. Талх гэдэг хоол идэж байна.” гэж ярьдаг бол танд ямар санагдах вэ? Муур амьтан, шувуу жигүүртэн, талх хоолны нэг төрлийг мэдсээр байтал ийм илүү үг хэрэглэх хэрэг байна уу гэж бодогдож байна уу? Тийм ээ, таны зөв. Тийм ч болоод бид “Муур явж байна. Шувуу нисэж байна. Талх идэж байна.” гэж ярьдаг. Ингэж илүү үг хэлдэг хүнийг “ляпаллисиад”-ууд гэдэг. Түүх нь илүү юм ярьдгаараа алдартай Ля Паллис гэх франц маршлын нэрээс үүссэн. Тэднийг “ляп ляпууд” гэж энүүхэндээ монголчлоод,  гэмийг нь дурдаж, учир шалтгааныг нь тоочоод, номхотгох аргыг хайцгаая.

Өнөө цагт байдал, үйл ажиллагаа, арга хэмжээ, хэмжээ, хугацаа мэтийн ерөнхий нэрийг тусгай нэртэй нь давхардуулж илүү юм ярьдаг монгол “ляп ляп”-ууд ихсэх шинжтэй байна. Үүнийг “байдал” хэмээх үгээр жишээлэн тайлбарлая.  “Хүлээлтийн байдалтай байна, хараат байдлаар амьдарч байна, тав тухтай байдлыг нь алдагдуулах, зогсонги байдалд орсон, хаягдсан байдалтай олдлоо…” мэтээр хамаг юм байдал болчихлоо. Үүний шалтгаан нь үйл зүстэй, нэр үүрэгтэй “цагт нэрийн -Х” дагавраа мартаж хэрэглэхээ болих гээд байгаа явдал юм. Тодруулбал “хаягдсан байх” гэж “цагт нэрийн -Х”-ээ хэрэглээгүйгээс болж “хаягдсан байдал” гэсэн эвгүй үг үүсэж улмаар “Хаягдсан байдалтай олдлоо.” гэсэн монгол үгтэй, англи, орос өгүүлбэрээр хэлэлцдэг болоод байна. Харин “Хаягдсан байхыг нь оллоо.” гэвэл монгол сэтгэлгээ, хэл найруулгатай, яруу сайхан өгүүлбэр болно. Үйлийг хүчээр нэршүүлсэн “байдал” хэмээх үг эх хэлний минь өөр олон үг, нөхцөлийг үгүй хийх шинжтэй байгааг доорх тайлбараас сонирхоно уу…

 “Хүлээлтийн байдалтай байна.” гэдгийн “хүлээх”-ийн ард хүчээр “байдал” нэмснээс болж “-лт”, “-тай” гэдэг илүү нөхцөлүүд ирж, үргэлжлэх утгатай “-сээр” гэсэн сайхан монгол нөхцөлийг минь хийсгэчихлээ. Тэгэлгүй “хүлээсээр байна.” гэвэл товч тодорхой, торох гацах зүйлгүй, энгийн сайхан болно. “Хараат байдлаар амьдарч байна.” гэдэгт “байдал” бүүр ч хэрэггүй. “Яаж амьдарч байна вэ?” гэхээр “Хараат амьдарч байна. Хамаарч амьдарч байна.” гэхчилэн “байдал”-гүйгээр хариулж болоод байгаа нь илүүг нь харуулж байгаа юм. “Тав тухтай байдлыг нь алдагдуулах” гэдгийн “тав тух”-ыг “байдал”-аар нэршүүлэх ямар ч хэрэг байхгүй. Яагаад гэвэл “Танд юу хэрэгтэй вэ?” гэвэл “Тав тух хэрэгтэй.” гэдэг болохоор өөрөө угаасаа нэр үг. Тиймээс илүүдээд байгаа “байдал”-ыг аваад хаячхаар “тав тухыг нь алдуулах” болоод цэгцрээд ирнэ. Тэр байтугай “хэл муутан”-уудаас болж хэлмэгдээд, хаягдаад байгаа “болох” гэдэг сайхан монгол үгээ “босгоод” “Тав тухгүй болгох.” гэвэл бүүр сайн. “Тав тухтай байдлыг алдагдуулах.”, “Тав тухыг нь алдуулах”, “Тав тухгүй болгох.” гурав  утгаараа адил ч аль нь хэлэхэд амар, сонсоход согоггүй байгааг анзаараарай.

…“Манай байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон.” мэтийн илүүгийн илүү үгс бүүр муухай. Муухай болгоод байгаа нь нөгөө л “байдал”. “Байдал” ганцаараа ирсэнгүй “орсон” гэж бас нэг зохиогүй үг татаад бүүр муухай болгосон. Үүнийг “Манай байгууллагын үйл ажиллагаа зогссон.” гэж гоё болгоно. 

Үүнтэй адил “ихээхэн хэмжээний сум эзэмшиж байна, цагдаагийн албан хаагч олон тоогоор ажилладаг…” гээд тоо, хэмжээ мэт ерөнхий нэр заасан үг өөртөө хамаардаг “олон-цөөн, их-бага” мэттэйгээ давхцаад байх юм аа.  Ингэлгүй “Их сум эзэмшиж байна, цагдаагийн олон албан хаагч ажилладаг.” гэвэл илүү үггүй, сонин сонсогдохгүй, сайхан болно.

Өгүүлбэр зохионо гэдэг өөр өөрийн үүрэгтэй, илүүдээ ч үгүй, дутаа ч үгүй, маяг донж нь таарсан үгийг зөв байрлуулж, чихэнд чимэгтэй, аманд аятай байлгаж, хоёргүй утгаар нэгийг хэлэхийг хэлнэ.

Заа ингээд “Бид хүүхдийг тээвэрлэх үйл ажиллагааг хийж байсан. Манай байгууллага найман цагийн үйл ажиллагаа явуулдаг.” гэсэн ус гүйж, хий дүүрсэн хоёр өгүүлбэрийг гоё болгох бяцхан гэрийн даалгавраар өнөөдрийн өгүүллээ жаргаая.

“Егөөтэй 99 тайлбар” номын “Ус гүйж, хий дүүрсэн хоёр өгүүлбэрийг гоё болгоцгооё!” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж