Сайн найруулагч болохын тулд одоог хүртэл суралцаж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

Сайн найруулагч болохын тулд одоог хүртэл суралцаж байна

Сайн найруулагч болохын тулд одоог хүртэл суралцаж байна

Монголын кино урлагийн салбарт 20 гаруй жил хөдөлмөрлөж, 5000 орчим орчуулгын кинонд дуу оруулж, 20 гаруй кино зохиол бичиж, найруулсан А.Миеэгомботой ярилцлаа. Түүнийг үзэгчид сэтгэлд хоногшсон дуу хоолойгоор нь андахгүй. Мөн “Single ladies”, “Ийм нэгэн дурлал” “Сайн муу хэрцгий” зэрэг киногоороо Монголын кино урлагийн салбарт өөрийн орон зайг бий болгосон юм.


-Саяхан “Single ladies” киноныхоо талаар ном гаргажээ. Киноныхоо үйл явдлаар номоо бүтээсэн үү?

-Ерөнхийдөө тийм. Уг нь киноныхоо хоёрдугаар ангийг хийгээд ном гаргая гэж бодсон л доо. Гэхдээ нэг л дутуу юм шиг санагдаад байсан. Киноныхоо гуравдугаар ангийг хийгээд бүтэн зохиолоороо номоо гаргасан. Мэдээж хэрэг кино хэрхэн бүтсэн талаар дурдсан байгаа. Энэхүү номоо хайрт ханьдаа зориулсан. Номын маань онцлог нь зүгээр л кино зохиол.

Тэгэхээр Ундармаа эгчийн хэлснээр хүн болгон энэ номыг уншаад өөр өөрийнхөө оюун бодолд кино бүтээнэ гэсэн үг. Яагаад гэвэл гарсан кино нэг өөр, яг уншаад үзвэл бас өөр. Номонд киноны бүх ангийн зохиол багтсан байгаа.

-“Single ladies 1, 2, 3” кино дэлгэцийн бүтээл болсноосоо хойш тухайн ондоо ашиг, орлогоороо тэргүүлсэн. Яагаад ганц бие эмэгтэйчүүдийн тухай кино хийхээр болсон юм бэ?

-“Single ladies” кино төсөл 2013, 2015, 2017 гэхээр нийт зургаан жил үргэлжилсэн. Үндсэндээ хоёр жилд нэг анги бүтээсэн гэсэн үг. Яарч биш бодож хийсэн. Ганц бие бүсгүйчүүдийн асуудал нэлээн байдаг. Тиймээс асуудлаас хэрхэн гарах вэ гэдгийг нэгдүгээр ангидаа түлхүү харуулахыг зорьсон. Хоёрдугаар ангидаа бол ганц бие гурван бүсгүй яаж учирсан талаар өгүүлдэг. Харин гуравдугаар анги дээр жинхэнэ үйл явдлыг өрнүүлсэн. Киноны эхний анги дээр би найруулагчаар ажилласан. Жаахан л зүйл дээр алдаа гарвал зохиолоосоо гажих гээд байсан болохоор найруулагчаар ажилласан. Хоёрдугаар анги бол зохиолоосоо бага зэрэг өөр. Харин гуравдугаар анги нэлээн өөр шүү. Учир нь хоёр, гуравдугаар ангийг өөр найруулагчаар өөр хүмүүс ажилласан юм. Анхнаасаа зохиолоо бичихдээ хоорондоо бага зэргийн санал бодол зөрөлдсөн. Найруулагчийн орон зай хамгийн чухал байдаг учир хүчин мөхөстсөн.

-Найруулагчийн гараагаа та “Ийм нэгэн дурлал” хэмээх кино бүтээснээр эхэлсэн. Анхны гэдэг утгаараа олон бэрхшээл тулгарсан уу?

-Миний бодлоор 1996-2005 он хүртэл Монголын кино урлагийн салбар уналтын байдалд орсон. Жилд ердөө 4-5 кино л гардаг. Үндсэндээ энэ хугацаанд Монголын киноны салбар чөлөөт уран бүтээлчдэд үлдсэн. Тиймээс энэ салбарт шинэчлэл хэрэгтэй гэж бодож, өөр өнгө төрхтэй, залуучуудад зориулсан кино зохиол бичсэн. 2007 онд киногоо дэлгэцийн бүтээл болгоод нээлтээ хийхэд маш олон хүн үзсэн. Анхны уран бүтээлээсээ маш их урам авсан. Энэ цагаас хойш миний үеийн найруулагчид залуучуудад зориулсан киног гаргаж эхэлсэндээ. Харин “Ийм нэгэн дурлал”-ын хоёрдугаар ангийн зохиолыг нийт долоон удаа буцаасан. Харин найм дахь удаад ганцхан зүйлийг нь өөрчлөөд баталчихсан.

-Та киноны дуу оруулагчаар ажилласнаас хойш найруулагч болох хүртлээ хэчнээн уран бүтээл хийгээд байна вэ?

-Киноны дуу оруулагчаар ажиллах хугацаандаа нийт таван мянга орчим орчуулгын кинонд дуу оруулсан байдаг. Мөн 20 орчим кино зохиол бичиж, гурван кинонд найруулагчаар ажиллаад байна. Тухайлбал, “Сайн муу хэрцгий”, “Саятан болгох дамжаа”, “Ийм нэгэн дурлал” киног найруулсан. Би чанартай уран бүтээл гаргахыг зорьдог. Тиймээс уран бүтээлийн тоонд ач холбогдол өгдөггүй.

-Таны бичсэн кино зохиолыг хараад байхад инээдмийн, олон ангит, залуучуудад зориулсан гээд хэд хэдэн төрөл байх юм. Энэ дунд “Дэв” аймшгийн кино зохиол ч байдаг. Аймшгийн төрлийн кино бичих бусад төрлийн кино зохиол бичихээс юугаараа ялгаатай вэ?

-Би өөрийнхөө бичиж үзээгүй төрлөөр бичье, хийж үзээгүй зүйлээ хийе гэж боддог. Яахав энэ миний саваагүй зан байх л даа. Би ихэвчлэн залуучуудын талаар кино зохиол бичсэн. Энэ дунд тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг “Дэв” гээд аймшгийн кино бий. Энэ бүтээл маань амжилттай болсон. Гэхдээ надад маш эвгүй мэдрэмж төрүүлсэн. Иймээс би энэ киног хийснээс хойш дахиж хэзээ ч аймшгийн кино хийхгүй гэж өөртөө амласан. Яагаад гэвэл зохиол бичихээс эхлээд бүх зүйл тэр чигтээ хар. Зохиол бичиж байх хугацаанд өдрийн цагаар яагаад ч ажил амждаггүй. Харин суух цаг нь шөнө эхэлдэг байсан. Учир нь зохиолыг нүдэндээ харж, төсөөлж бичдэг учраас тэр. Тэгээд л зохиолоо бичиж байхад миний хойно хүн хараад ч байгаа юм шиг, эсвэл хаалга үүд дуугараад харахаар хүн байхгүй. Их сонин. Нэг ёсондоо аливаа юм энергиэ татаж байгаа зүйл юм л даа.

-Багаасаа хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн энэ мэргэжлийг сонгосон уу?

-Кино найруулагч гэдэг бол миний багын мөрөөдөл. Соёл урлагийн их сургуульд орохдоо л найруулагч болно, харин тэнцэхгүй бол цэрэгт явна гэж бодож байлаа. Ингээд “Содура” киноны найруулагч Жаргалсайхан гээд багын найзтайгаа хамт шалгалт өгөөд тэнцсэн. Гэвч найруулагчийн анги хоёр жилийн өмнө элсэлтээ авчихсан байсан. Харин шалгалт авч байсан багш жүжигчний ангид ороод гурав, дөрөвдүгээр дамжаанд найруулагчийн сургалт давхар аваад хос мэргэжлээр төгсөх боломжтойг хэлсэн. Ингээд СУИС-д орсон.

Киногоор дамжуулан залуучуудыг хүмүүжүүлэх хэрэгтэй

-Гэр бүлийнхэн нь СУИС-д орсныг тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Үг дуу цөөтэй хүүхэд байсан болохоор гэр бүлийнхэн маань урлагийн хүн, тэр дундаа жүжигчин болно гэж огт төсөөлөөгүй. Аавдаа хэлсэн чинь над руу нэг их гайхаж харсан. Одоо бол эхнэр маань миний ажлын хамгийн сайн хамтрагч. Уг нь санхүүгийн мэргэжилтэй. Манай эхнэр миний бичсэн зохиолын хамгийн эхний уншигч, бас хамгийн сайн шүүмжлэгч.

-Таныг сургуулиа төгсөхдөө нэлээд шуугиан тарьсан гэж сонссон. Яг юу болсон юм бэ?

-СУИС-ийн жүжигчний ангийн оюутнууд төгсөхдөө тоглож байгаа жүжгийнхээ дүрийн судалгаагаар дипломын бичвэр ажлыг хийдэг байсан. Харин би анхнаасаа кино найруулагч болно гэж орж ирсэн болохоор “Японы кино найруулагч Акира Курасавагийн найруулгын ур чадварын зарим асуудал” гэсэн сэдвээр диплом бичиж, хамгаалсан. Энэ маань СУИС-ийн түүхэнд байгаагүй диплом хамгаалалт болсон юм. Учир нь, Японы кино найруулагч Акира Курасавагийн бүтээсэн “Үймээн”, “Наймдугаар сарын эмгэнэлт дуу”, “Рашимон” гэсэн гурван киног мэргэжлийн өндөр түвшинд монгол орчуулгатайгаар дуу оруулаад “Дипломын бичвэр ажлын кино үзлэг” гэдэг зүйлийг СУИС-ийн түүхэнд анх удаагаа хийсэн. Сургуулийнхаа бүх багш, оюутнуудад бүтээлээ үзүүлж, дипломын бичвэр ажлаа хамгаалсан.

-Сургуулиа төгссөнөөс хойш 10 орчим жил киноны дуу оруулагчаар ажилласан юм билээ. Энэ хугацаанд найруулагчаар ажиллах бодол байсангүй юү?

-Би гуравдугаар дамжаанд байхдаа телевизэд орчуулгын киноны дуу оруулагчаар ажиллаж эхэлсэн. Дөрөвдүгээр дамжаанд байхдаа ангийнхныхаа хажууд цалинтай, ажилтай додигор оюутан байлаа. Миний бодлоор найруулагч болоход хүнд маш сайн дадлага, туршлага, их зүйл сурах шаардлага тулгардаг. Өдөр тутам суралцах шаардлагатай. Би өөрийгөө арай болоогүй байна гэж явсаар өдийг хүрсэн. Мөнгө олох гэсэн, эсвэл зүгээр л нэг энгийн кино хийхийг хүсдэггүй. Аль болох хийсэн зүйлээсээ суралцаж, үргэлж нэг шатаар ахиулж, хүний сэтгэлд хүрсэн бүтээл хийхийг зорьдог. Ерөнхийдөө гадаад кинонд дуу оруулагчаар ажиллана гэдэг өдөр болгон бүтэн кино зохиол уншиж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ маань надад туршлага судлахад их тус болсон. Иймээс би өөрийгөө цаг алдсан гэхээс илүү их зүйл хожсон гэж боддог.

-Кино найруулагчдыг мөнгөний төлөө ажилладаг гэж сэрддэг. Үүнийг юу гэж боддог вэ?

-Өнөөдөр Монголд хошин урлаг, драмын театр, киноныхон гээд олон продакшн кино бүтээж байна. Үүнээс гадна телевизүүд ч кино их хийх болсон. Мөнгөний төлөө ажиллаж байгаа нэг нь ч бий. Үнэхээр сайн кино хийж байгаа мундаг найруулагчид ч байгаа. Залуу найруулагчдаас Б.Тамир, Б.Чингүн нар бол сайн уран бүтэлч. Харин миний үеийнхнээс Д.Галбаяр, Г.Сэр- Од, Ж.Жамьяансүрэн нарыг би их үнэлдэг. Кино найруулагч болно гэдэг маш хүнд ачааг нуруун дээрээ үүрч яваа хэрэг. Хүнээс хөдөлмөр их шаардахаас гадна тал бүрийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Монголын кино найруулагчдын хийсэн бүтээлийг шүүмжилж байна гэдэг нь эргээд улам сайн бүтээл хийхэд түлхэц болж байна гэсэн үг.

-Монголын киноны салбарын хөгжил дэлхийн жишигтэй харьцуулахад ямар шатанд яваа вэ?

-Би өмнө нь энэ талаар яриад олон хүний ад болж байсан. Гэхдээ ярихгүй өнгөрч болохгүй зүйл. Нэг үеэ бодох юм бол маш олон мундаг залуучууд гарч ирээд залуучуудад зориулсан кино хийгээд эхэллээ. Хошин урлаг, театрын продакшнууд ч гэсэн энэ салбарт хүч түрэн орж ирсээр байна. Тэгэхээр энэ салбар маш хурдтай хөгжиж, шат ахиад л байна. Дэлхийн киноны зах зээлд орж, тэр мундаг найруулагчидтай мөр зэрэгцэн ажиллахад төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Бусад улс орон төрийн бодлогоор киноны салбарыг дэмжиж ажилладаг. Гэтэл манайд ийм зүйл огт байдаггүй. Зөвхөн чадах нь хий гээд орхичихсон. Уг нь бол Монголын кино урлагийн салбарт ёс суртахуун гэдэг зүйл хэрэгтэй. Нэг үгээр энэ хүүхэд, залуучуудын үзэл бодлыг киногоор дамжуулан төлөвшүүлж, хүмүүжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. БНСУ-д гэхэд улсаас нь бодлогоор дэмжээд киногоороо дамжуулан хүний оюун санаанд нөлөөлж байна шүү дээ. Тэгэхээр ийм зүйл манайд ч гэсэн хэрэгтэй юм. Ерөнхийдөө төрөөс хөрөнгө мөнгө, техник, бодлогоор хангах юм бол кино салбар маань арай илүү түвшинд хүрч, урагшлах юм болов уу гэж бодож байна.

-Удахгүй “Nomadia pictures”, “Orange” энтертаймэнттай хамтран кино хийх гэж байгааг дуулсан. Ямар төрлийн кино хийх гэж байгаа юм бэ?

-Загварын салбарын тухай нэг ангит уран сайхны кино хийх гэж байгаа. Зохиол маань батлагдчихсан. Одоо загварын салбарт ажиллаж байгаа мундаг хүмүүст шалгуулж, шүүмжлэлийг нь сонсоно. Энэ сэдэв бол үнэхээр хэцүү. Нэг л буруу гишгэчихвэл шугамаасаа халтираад явчихна. Тэгэхээр маш болгоомжтой бичихгүй бол болохгүй. Энэ зохиолоо бичих гэж гаднын олон кино үзэж судалсан. Зохиолоо гурван сарын хугацаанд бичсэн. Уран сайхны кино болохоор магтах, эсвэл муулах зүйл байхгүй гэсэн үг. Ерөнхийдөө дундыг баримталсан, одоо байгаа нөхцөл байдлыг харуулсан л кино зохиол юм. Энэ зун зураг авалт маань эхэлчих байх. Ямар кино болсныг үзэгчид маань үзээд хэлэх байх. Хүн болгон өөрийнхөөрөө төсөөлж, шүүмжлэх байх.

Эх сурвалж: "засгийн газрын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж