Шатахууны үнэ цаашид яах вэ?

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэ цаашид яах вэ?

Шатахууны үнэ цаашид яах вэ?

Өнгөрсөн амралтын хоёр өдөрт “бензиний үнэ нэмэгдлээ”, “92 дууссан”, “Клонк ажиллахгүй байна” гэсэн үг цахим орчинд олны ярих гол сэдэв болов. Хотын клонкуудад эхнээсээ хомсдол үүсч эхэлсэн нь хэрвээ үнэн бол (үнэндээ 1630 хэвээрээ л байна лээ) хэрэглэгчид бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй.

Өдөр тутамдаа 5-20 мянган төгрөгт шатахуун нэмээд явдаг жолооч хомсдлын сургаар банкаа дүүргэж эхэлнэ. Олон жолооч банкаа дүүргээд эхэлвэл клонкуудад 92 дуусах нь ойлгомжтой шүү дээ. Дундаж ШТС долоо хоногт 20 орчим тонн бензин түлш зардаг гэх тооцоо бий. Үүнийгээ ч нефть импортолж борлуулдаг аж ахуйн нэгжүүд олон жил хийгээд, түүндээ нийцсэн тээвэрлэлт, үйл ажиллагаа, агуулахаас клонкууд руу зөөх процесс явж таарна. Зүйрлүүлж хэлвэл гүний худагаас ус авах, зөөврийн худагаас ус авах хоёр ялгаатай байдаг даа. Гүний худагаас хүн хүссэн хэмжээгээрээ усаа авдаг бол зөөврийн устай худагаас олон хүн их хэмжээгээр авбал хурдан л дуусна. Дараагийн усны машин ирж худагийн ёмкостыг дүүргэх хүртэл олон ажил болно. “Хурдан ус авчирч өгөөч ээ” гэж Ус сувгийн газар луу хандаад ч авчирч өгөх машин, жолооч нь тоотой. Ажиллах боломж нь хязгаартай.

Ийм л зүйл болсон юм даа гэдэг шиг өнгөрсөн баасан гарагаас эхлэн иргэд машиныхаа банкыг дүүргэж эхэллээ. Үр дүнд нь хамгийн их хэрэглэдэг 92 бензин зарим клонкуудад дуусчээ. Шатахуун түгээх станцууд мэдээж цаанаа агуулахтай, тэндээсээ шатахуунаа татна. Агуулах нь ажилчидтай, тэндээс зөөх жолооч нар, машинууд бий. Нэгэнт зохиомол эрэлт үүссэн бол шатахууны компаниуд яах ч аргагүй. Амралтын өдрүүдээр агуулахын ажилчдыг илүү цагаар ажиллуулах уу, клонкууд руу бензин зөөх жолоочийн тоог, машины тоог нэмэх үү бас л хүндрэлтэй асуудал.  Өчигдөр орой нэгэн клонкоос бензин авах үеэрээ асуутал түгээгүүрийн газрын ажилтан “4-5 хоногт аажуу уужуу зарчихдаг нөөц хоёр өдөр болоход дуусах гэж байна. Амралтын өдрүүд таарсан учраас агуулахаас шатахуун татаагүй” гэж хэлэв.

Асуудлыг илүү ул суурьтайгаар харвал шатахууны үнэ өсөхөд дотоод хангамж нөөц бус харин гадаад зах зээл 25-30 хувь өссөн нь голлон нөлөөлж байгаа гэсэн мэдээлэл байна. Мөн аж ахуйн нэгжүүдийн хувьд сүүлийн саруудад литр шатахуун тутамдаа байнга алдагдал хүлээж байгаа учраас үнээ нэмэхээс аргагүй болж байгаа ажээ. Бас нэг ойрын өдрүүдэд Орост шатахууны үнийг 20 хувиар нэмэх шийдвэр гарсан мэдээлэл байна.  Эндээс харахад шатахууны үнэ нэмэгдэх бодит шалтгаан нэгэнт үүсчээ. Мэдээж хэрэглэгчдийнхээ дургуйцэл цухал дунд үнээ нэмэх сонирхол импортлогчдод байхгүй нь ойлгомжтой. Хар ухаанаар бодоод үзье л дээ, гэнэт үнэ нэмэхээс илүү, удаан хугацаанд тогтвортой ашигтай ажиллах нь бизнесийн гол зарчим биш гэж үү.

Үнэ нэмэх сургаар манайхан дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийг хамгийн түрүүнд ярих дуртай. Бидний нэг зовлон бол нефтийн бүтээгдэхүүн импортлох хамгийн ойр хөрш бол хойд хөрш. Тэд бидэндээ л монополь загнана. Нэгэнт гадаад зах зээл ярьсных яг өнөөдрийн байдлаар манай хойд хөрш ОХУ-ын Москва хотод 92 автобензин 39.4 рубль буюу 1664 төгрөгийн ханштай байна. Заавал ганц Оросоос авч яадаг юм, хятадаас авъя гэж дураараа ярьдаг хүмүүс бий. Тэгвэл яг өнөөдрийн байдлаар Бээжинд литр шатахуун 6.7 юань буюу 2512 төгрөгийн үнэтэй байгааг тэнд сурдаг найзаасаа асууж мэдлээ. Хоёр хөрш маань хоёулаа нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон.

Хоёр хөршид шатахуун ийм үнэтэй байгаа юм бол сонирхуулаад бидэнд ойрхон бас нэг улсын шатахууны үнийг авч үзье. БНСУ-д литр шатахуун 1569 вон буюу монгол мөнгөөр 3595 төгрөгтэй тэнцэж байна. Солонгос бол мөн л үйлдвэрлэгч орон, гэхдээ тэд түүхий нефтийн нөөцгүй учраас, бас үнийг чөлөөлсөн учраас иймэрхүү байгаа юм. Эхэнд хэлсэн Москва хотын шатахууны үнийг харахад л, Оросоос шатахуунаа авдаг бид нэмэхээс аргагүй болсон нь ойлгомжтой байна. ОХУ-аас шатахуун импортлон аваад ОХУ-аас хямд зарах нь ямар ч боломжгүй нь ойлгомжтой.   Тэгэхээр үнэ өсөх нь гарцаагүй бөгөөд гадаад үнийн өсөлт дээр Засгийн газар он гараад Онцгой татвар нэмсэн нь бүр ч асуудлыг хүндрүүлж байна. Энэ асуудлаар аргагүй байдалд орсон нефть импортлогчид Засгийн газарт хандаад удаж байгаа бололтой. Засгийн газарт тавьж буй тэдний шаардлага юу вэ. Энэ тэр талаар эргэн мэдээлэх болно.

Т.ОД

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж