Ерөнхийлөгчийн хоёр дахь раунд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Ерөнхийлөгчийн хоёр дахь раунд эхэллээ

Ерөнхийлөгчийн хоёр дахь раунд эхэллээ

Тангаргаа өргөөд яг хагас жилийн нүүр үзэж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн тайзан дахь тоглолтоо идэвхжүүлж байна. Оны өмнөхөн утаанаас үүдсэн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзэн онц байдал тогтоох тухай саналаа УИХ-д хүргүүлсэн ч дэмжлэг авч чадаагүй. Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэх нэгдсэн чуулганд оролцсон Х.Баттулга утааны асуудлыг хоёр сарын дотор шийдэж чадахгүй бол УИХ-ыг тараах байр суурьтай байгаагаа хэлээд ч түүний саналыг дэмжээгүй.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНТ болон Ийгл телевизээр ярилцлага өгч байр сууриасаа ухрахгүй гэдгээ илэрхийллээ. Түүнд итгэл өгөн Ерөнхийлөгчөөр сонгосон сонгогчид ч УИХ үүргээ биелүүлж чадахгүй байгаа гэдэгтэй санал нийлнэ гэдэгт Х.Баттулга итгэлтэй байгаагаа хэллээ. Гэр хорооллыг орон сууцжуулах, дагуул хот байгуулах, их дээд сургууль, зарим төрийн байгууллага, тэр дундаа Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, музейнүүдийг нийслэл Улаанбаатараас дагуул хот руу нүүлгэн шилжүүлэх зэрэг шийдэл байсаар байтал өнгөрсөн жилүүдэд эрх баригчид юу ч хийж чадаагүй, зөвхөн утаагаар бизнес хийж хонжоо олж ирсэн гэдгийг хэллээ. Мөн өнгөрсөн амралтын өдрөөр Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа. Нүүр тулсан ярилцлагаас дөлдөг “комплекстой” Ерөнхийлөгч ийнхүү нэг долоо хоногт хоёр телевиз дараалан ярилцлагад орж, иргэдтэй уулзаж байгаа нь анхаарал татаж байна.

Дөрвөн уулын дунд хашигдсан Улаанбаатарын хувьд утаанаас үүдсэн агаарын бохирдол энд амьдарч буй хүн бүрийн амь насанд заналхийлэх хэмжээнд хүрсэн нь бодит үнэн. Арав хорин жилийн дараа нийслэлийн хүн амын дийлэнх нь энэ утаанаас улбаалсан өвчин эмгэгтэй болохыг зөн билгээр биш энгийн ухаанаар тааж болохоор байна.

Ямар сайндаа эмч нар утаа ихтэй сард жирэмслэхгүй байхыг эмэгтэйчүүдэд зөвлөхөв дээ. Өнгөрсөн жилүүдэд нүүрс, зууханд 200 тэрбум төгрөг зарцуулаад ч утаа багасаагүй. Энэ 200 тэрбумийг дүрэм журмаа зөөллөөд орон сууцны ипотекийн зээлд зарцуулсан бол Улаанбаатарын үзэгдэх орчин салхигүй өглөө одоогийнхоос хамаагүй дээр байх байсан.

Дунд нь мөнгө цавчих дамжлагагүй шийдлийг улстөрчид дэмжихгүй байна гэж Ерөнхийлөгч ярилцлагадаа үнэн хэлсэн. Гэхдээ Ерөнхийлөгчийн санал болгож байгаа шийдэл дунд өөрийнх нь Яармаг хороолол, Майдар хотхон гэсэн хоёр том төсөл байгаа нь бас л хоржоонтой. Төрийн байгууллагууд хотоос гарах ёстой гэж хэлээд Батлан хамгаалах болоод Гадаад харилцааны яамыг хэл хальтраад дурдсан гэж үзэх үү, эсвэл Майдар хотхонд стратегийн хоёр яамаа шилжүүлчээд Монгол Улсын улс төрийн нийслэл Улаанбаатар болох уу, Майдар болох уу. УИХ-ыг тараах эрх зүйн боломжгүй сүрдүүлгийн ард цавчааны бизнес яваа гэж ойлгогдож байна. “Монгол ялна” уриатайгаар улстөрчдийн тоолгүй орхисон хар массын дэмжлэгт дөрөөлөн гарч ирсэн Ерөнхиийлөгч хоёр дахь раундаа эхэллээ.

Парламентад 65 суудалтай эрх баригч МАН уг нь улс төрийн тавцанд хүссэнээрээ тоглолт хийх алтан боломжийг атгаж буй. Гэвч энэ нам дотроо хоёр хагарсан энэ үед Ардчилсан намаас угшилтай Ерөнхийлөгчид хүссэнээрээ тоглолт хийх боломж гарч ирж байна. Хэд хэдэн удаагийн хоригийг нь хүлээн аваагүй МАН-ын гишүүдийн үйлдлийг “Ардчилсан намын Ерөнхийлөгч гэж үзээд байх шиг байна” хэмээн тайлж байгаагаа Ерөнхийлөгч үгэндээ хэлсэн.

Маниусийнхаа сайн сайхны төлөө гэсэн халхавчтай ноёдын ээлжит шөргөлдөөн эхэлсэн. Харамсалтай нь ноёдын шөргөлдөөн хэзээ ч ардуудад сайнаар тусч байгаагүй.

Өнгөрсөн долоо хоногт ноёд маань бидний сайн сайхны төлөө “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг өгөх шийдвэр гаргаж “баярлууллаа”. Бүх иргэддээ хувьцаа тараах сайхан шийдвэр. Гэхдээ нэг хүнд хэдэн хувьцааг яаж тараах талаар судалгаа хараахан хийж эхлээгүй байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг оросуудаас худалдан авсан хувийн хэвшлийн хувийг Монголын төр мэдэлдээ авах шийдвэр гаргасныг 49 хувийнхан эсэргүүцэн олон улсын Арбитрын шүүхэд хандаад байгаа. Энэ нь Монголын төр “Эрдэнэт”-ийг 100 хувь төрийн мэдэлд авсан нь зөв эсэхийг эцэслэн шийдэгдтэл хоёроос гурван жилийн зай байна гэсэн үг. Тэр болтол бид “Эрдэнэт”-ийн хувьцаатай гэж баярлах болоогүй. Ноёд маань биднийгээ хувьцаагаар анх удаа ч баярлуулж байгаа юм биш. “Тавантолгой”-н 1027 ширхэг хувьцааг хүн болгон тараах өгөөмөр шийдвэр сонгуулийн мөнгөн хахууль болоод дууссаныг мартаагүй л биз дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж