УИХ-ын чуулганы хуралдаанаар Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Хуулийг төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ дахь ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахалсан юм. Төв банкны хуулиар УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.
-Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг багагүй хугацаанд хэлэлцэж баталлаа. Хуульд орсон гол гол өөрчлөлтүүд юу байв?
–Төв банкны тухай хууль 1996 онд баталж, түүнээс хойш 13 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Энэ удаад мөн нэмэлт, өөрчлөлт оруулж байна. Монголын эдийн засаг шилжилтийн үед байна. Ийм үед Төв банкны хуулийг тодорхой хугацааны дараа буюу шилжилт дуусах үед шинэчлэн найруулах нь зүйтэй гэж бодож байна. Хууль санаачлагчдын зүгээс хуулийн төслийн 40 гаруй хувьд нь өөрчлөлт оруулахаар боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд олон удаа ярьж, хэлэлцүүлж, ойролцоогоор 18 хувьд нь өөрчлөлт оруулж, зарим хуучин заалтуудыг нь хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн. Тухайлбал, Монголбанкны үндсэн зорилтыг өөрчилж, үнийн тогтвортой байдлыг хангана гэж хууль санаачлагчид боловруулсан. Үүнийг УИХ-ын байнгын хороо, ажлын хэсэг хэлэлцэж Монгол төгрөгийн тогтвортой байдлыг хангана гэсэн хуучин зорилтыг хэвээр үлдээсэн. Үнийн тогтвортой байдалд төгрөгийн тогтвортой байдал орж байгаа нь үнэн. Төгрөг тогтвортой байвал үнэ тогтвортой байна, төгрөг тогтвортой байвал хүний бий болгосон баялаг үнэгүйдэхгүй байна гэдэг утгаараа зорилтыг өөрчлөх шаардлагагүй гэж тодотгосон. Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд төгрөгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр өнгөрсөн хугацаанд сайн ажиллаж чадаагүй. Тухайлбал, 2012 онд нэг ам.доллар 1430 төгрөгтэй тэнцэж байсан 2016 онд 2400 орчим төгрөгтэй тэнцэж байсан. Үүнийг Монгол төгрөгийн тогтвортой байдал хангагдаагүй гэж үзэж байгаа юм. Аливаа хямрал хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг. Монгол төгрөгийн үнэгүйдэл бас хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэдэгтэй хэн ч маргахгүй.
Монголд нүүрлэсэн санхүү эдийн засгийн хямрал бол төлбөрийн тэнцлээс үүдэлтэй валютын ханшаар өдөөгдсөн хямрал мөн. Энэ хямрал нь санхүүгийн, санхүү эдийн засгийн хямрал болж хүрээгээ тэлсэн.
Үүнийг Монголбанк хуулийн үндсэн зорилтоосоо хазайж, мөнгөний буруу бодлого явуулснаас хямрал үүссэн гэж үзэж байна. Мөн нэмэлт өөрчлөлтөөр санхүүгийн зах зээлийн тэнцвэртэй байдлыг хангах зорилтыг хэвээр үлдээсэн. Төв банкны үндсэн зорилтын нэг болох санхүүгийн зах зээлийн тэнцвэртэй байдлыг хангах замаар макро эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлнэ гэсэн зорилтоо хангах үүргээ биелүүлээгүй. Улсын санхүүгийн зах зээлийг авч үзэхэд 95 хувь нь банкин дээр, таван хувь нь хөрөнгийн зах зээл, даатгал, банк бус санхүүгийн байгууллагад оногдож байгаа. Энэ бол өрөөсгөл үзүүлэлт. Нэгэнт зорилгоо биелүүлж чадаагүй учраас энэ зорилтыг хэвээр үлдээсэн.
-Төв банкны хараат бус, бие даасан байдлыг хангасан хууль болж чадсан уу?
–Монголбанк хараат бус ажиллана гэж хуульд өмнө нь байсан, одоо ч бий. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн алдаатай бодлогод дүгнэлт хийж, Монголбанк Засгийн газар, УИХ-тай харилцах харилцааг маш тодорхой хуульчилсан. Тухайлбал, Засгийн газартай хамтарч төсөл хэрэгжүүлэх, хуульд заагаагүй гэрээ хэлцэл байгуулахыг хориглосон. 2012-2016 онд Төв банк төсвийн үүрэг гүйцэтгэсэн, төсвийн шинж чанартай олон ажил үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тухайлбал, Монголбанк 2012-2016 онд 3,1 их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан. Зөвхөн үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 427 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Зах зээлийн үнээс хямд үнээр форвард, своп хэлцэл байгуулснаас 930 тэрбум төгрөг, ханшийн тэгшитгэлээс 240 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ нь Төв банк хуулиа зөрчиж, Засгийн газартай хамтран төсвийн чанартай ажил үүрэг гүйцэтгэсэнтэй холбоотой. Мөн хариуцлагагүй, бодлогогүй ажилласнаас их хэмжээний алдагдал хүлээсэн. Тиймээс энэ алдааг давтахгүй хуульд маш тодорхой заалт оруулж өгсөн. Түүнээс гадна зарим арилжааны банкуудад давуу эрх олгосон судалгаа байдаг. Энэ нь Монголбанкинд алдагдал болж, арилжааны хэд хэдэн банкинд ашиг болж очсон. Шинэ хуулиар Засгийн газарт зээл олгох, бонд худалдаж авахдаа тухайн жилийн төсвийн орлогын 10 хувиас дээшгүй хэмжээгээр зээл олгож болно гэж оруулсан. Тухайлбал, 2018 оны орлогыг 7,2 их наяд төгрөгөөр тооцсон. Тэгвэл Засгийн газрын бонд худалдаж авах, зээл олгохдоо Төв банк 720 тэрбум төгрөгийн зээл олгоно.
-Төв банкны Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн, хариуцлагаас мултрах гэсэн заалтууд байгааг хэлэлцүүлгийн үеэр гишүүд шүүмжилж байсан. Энэ заалтуудад өөрчлөлт орсон уу?
-Монголбанкны ерөнхийлөгч гэмт хэрэг, хууль бус зүйл хийж, үйлдэл дээрээ баригдаагүй бол шалгах эрхгүй байсан заалтыг авч хаяж, жирийн иргэдийн адил шалгуулах эрхтэй болсон. Төв банкны ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн гэхээс олонхоороо, хамтын шийдвэр гаргадаг болгосон. Мөнгөний бодлогын зөвлөлийг хороо болгож өргөтгөсөн. Хуучин хуульд мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, Монголбанкны ерөнхийлөгчид саналаа хүргүүлдэг байсан бол одоо Мөнгөний бодлогын хороо шууд хамтын шийдвэр гаргадаг болно. Тус хороонд Монгобанкны гурван ерөнхийлөгч, УИХ-аас дөрвөн хүн томилогдож ажиллана. Шийдвэрийг олонхоороо гаргана. Тухайлбал, Мөнгөний бодлогын хорооны хурлаар мөнгөний бодлогын хүүг 11 хувь байна гэж олонх нь шийдвэрлэсэн бол Төв банкны ерөнхийлөгч түүнийг нь өөрчлөх эрхгүй болно. Үүгээрээ Монголбанкны бие даасан, хараат бус байдлыг бий болгосон. Түүнээс гадна Монголбанкны дэргэд хяналт, шалгалтын зөвлөл гэж байсныг Хяналт, шалгалтын хороо болгож, Монголбанк, арилжааны банкуудад хяналт тавих чиг үүрэгтэй болгосон. Хяналт шалгалтын хорооны хяналт, шалгалтын үр дүнд үндэслэн Төв банкны ерөнхийлөгч шийдвэр гаргана. Монголбанк өмнө нь гүйцэтгэлд суурилсан хяналт, шалгалтын зарчмаар ажиллаж байсан бол одоо эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын зарчмыг бий болгосон. Өмнө нь аливаа банкны санхүүгийн зохистой харилцааг муудсаных нь дараа арга хэмжээ авдаг байсан бол шинэ хуулиар өмнө нь урьдчилж арга хэмжээ авна. Ингэснээр банк дампуурах эрсдэл буурна. 2000 оноос хойш арилжааны гурван банк дампуурч, татвар төлөгчдийн мөнгөнөөс 620 орчим тэрбум төгрөгөөр төлсөн байдаг. Одоо банк дампуурахад улсаас мөнгө олгохгүй. Харин дампуурахаас урьдчилан сэргийлэх олон ажил хийгдэнэ.
Төлбөрийн чадвар нь түр хугацаанд хүндэрсэн банкинд Монголбанкнаас хүлээн зөвшөөрөгдсөн активыг барьцаалж, зээл олгодог болно.
-Мөнгөний бодлогын хорооны гишүүдийг УИХ-аас томилохоор хараат болчих юм биш үү гэсэн болгоомжлол байна. Хорооны гишүүд хэн байх юм бэ?
-УИХ-аас дөрвөн гишүүнийг нь томилж өгнө. Гишүүд нь санхүү, эдийн засгийн мэргэжилтэй, Төв банкны ерөнхийлөгч, Сангийн сайд, УИХ-ын гишүүд байсан, энэ чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг мэргэжилтнүүдээс сонгож, УИХ томилно. Хорооны гишүүдийг хууль хэрэгжиж эхлэхээс өмнө томилно. Төв банкны тухай хууль дөрөвдүгээр сарын 1-ээс өмнө, дагаж мөрдөх журам, заавар, аргачлалыг зургадугаар сарын 1-ээс мөрдөнө.
-Төв банкны ерөнхийлөгчийн цалинг итгэлцүүрээр тогтооно гэсэн. Итгэлцүүрийг яаж тогтоох юм бэ?
-Төв банкны ерөнхийлөгчийн цалинг УИХ тогтоодог хэвээрээ. Харин итгэлцүүрээр цалинг нь тогтоохоор болсон. Итгэлцүүр гэдэг нь төрийн албаны хуульд байдаг. Тухайлбал, Цэцийн дарга, цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч, прокурор, түүний орлогчийн цалинг УИХ-аас итгэлцүүрээр тогтоодог. Түүнтэй адил Төв банкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч гэсэн гурван хүний цалинг УИХ итгэлцүүрээр тогтооно. Одоо Монголбанкны ерөнхийлөгч нь сард 1,1 сая төгрөгийн цалинтай байгаа нь дэлхийн бусад орны Төв банк, Монголын арилжааны банкуудын захирлуудын цалингаас 10 дахин бага байна. Тухайлбал, Хөгжлийн банк, Төрийн банкны захирлууд бүх татвараа төлөөд сард 10 сая төгрөгийн цалин авч байна. Арилжааны банк ашгийн төлөө байгууллага учраас захирлууд нь 20 хүртэл сая төгрөгийн цалин авч байгаа. Иймээс Монголбанкны ерөнхийлөгчийн цалинг ажлын үр дүнтэй нь уялдуулж УИХ-аас итгэлцүүрээр тогтооно. 2017 онд гэхэд Монголбанкны ерөнхийлөгч хэрхэн ажилласан бэ гэдгийг хэд хэдэн үзүүлэлтээр нь харж, дүгнэнэ. Тухайлбал, Монгол Улсын гадаад валютын нөөцийг 1,1 тэрбумаас гурван тэрбум болгосон, Төв банк 20 тонн алт худалдаж авсан, Монгол төгрөгийн ханш 2400 орчимд тогтворжсон, инфляци зорилтот түвшингээс бага байгаа зэрэг үзүүлэлтүүдээс харахад Монголбанкны ажил сайн байгаа гэж үзэж болно. Энэ мэт ажлын үр дүнгээс итгэлцүүрийг нэмэх, хасах асуудлыг УИХ тухай бүрд нь шийднэ.
-Хэлэлцүүлгийн үеэр Төв банкныхан лоббид автдаг гэсэн шүүмжлэлийг гишүүдийн зүгээс маш их илэрхийлж байсан. Монголбанкны гурван ерөнхийлөгч лоббид автахгүй байх хараат бус байх боломжийг хуульчилсан уу?
-Хууль хэрэгжүүлж, хуулийн хүрээнд ажиллаж, амьдрах нь хүн бүрийн үүрэг. Лоббид автах, хууль зөрчсөн бол хуулийн хариуцлага хүлээнэ.