“Мансууруулах бодис харахад цэвэрхэн юм шиг хэрнээ аюул нь архинаас хамаагүй их” | News.MN

“Мансууруулах бодис харахад цэвэрхэн юм шиг хэрнээ аюул нь архинаас хамаагүй их”

Хуучирсан мэдээ: 2018.01.14-нд нийтлэгдсэн

“Мансууруулах бодис харахад цэвэрхэн юм шиг хэрнээ аюул нь архинаас хамаагүй их”

“Мансууруулах бодис харахад цэвэрхэн юм шиг хэрнээ аюул нь архинаас хамаагүй их”

Монголын залуу үеийн нэг хэсэг хэрхэн амьдарч байгааг илчилсэн нэгэн охины бичлэг өнгөрсөн 2017 оны сүүлээр цацагдаж, энэхүү бичлэгийг хүмүүс нэг нэгэн рүүгээ гэрлийн хурдаар түгээсэн. Энэ бичлэгт хоёр ноцтой гэмт хэргийг илчилдэг. Эхнийх нь хүчингийн, хоёр дахь нь мансууруулах бодисын хэрэглээ. Өөрийгөө золиослон гэмт хэргийг илчилсэн охины хэргийг Монголын хууль хяналтын байгууллага хэрхэн шалгаж шийдвэрлэхийг олон нийт хүлээж байна.

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийн тоо, холбогдогч сүүлийн гурван жилд анхаарал татахуйц нэмэгджээ. Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний өнөөгийн байдал ямар байна вэ, үүнтэй тэмцэхийн тулд ямар бодлого баримталж, юу хийж байна вэ, яагаад залуусын дунд идэвхтэй тархаж байна вэ, урьдчилан сэргийлэх ажил хийгдэж байна уу гэсэн олон асуултын хариуг NEWS агентлаг хайлаа.

Цагдаа, гааль, бодлого боловсруулагчид гээд тус тусдаа ажил хийгээгүй биш хийж байна, гэвч асуудлыг гинжин урвалын учир шалтгаанаар нь харж зангидах ажил хаана хийгдэх ёстой нь тодорхойгүй байна. Ялангуяа урьдчилан сэргийлэх, залуусын дунд мэдлэг ойлголт өгөх, энэ хэрэгт гаршсан хүмүүст уруу татагдахгүй байх тал дээр учир дутагдалтай байна.

Мэдээж эцэг, эх үр хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах нь зөв ч хүүхэд залуучуудын нэрээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад санаачилга харагдсангүй. Мөн хар тамхи, мансууруулах бодисын хэргийн талаар мэдээлэх нь гэмт хэргийн сэдлийг өдөөнө гэсэн байр суурийг цагдаагийнхан барьж байгаа нь зөв үү.

НҮБ-ын дэргэдэх Дэлхийн хар тамхитай тэмцэх алба 2010 онд Монгол Улсыг хар тамхи, мансууруулагч бодис тээвэрлэгч орон гэж үзэж байсан бол дөрвөн жилийн дараа хэрэглэгч орон хэмээн үзжээ. Ингэхдээ химийн аргаар гаргаж авсан сэргээшийн төрлийн синтетик бодисын хэрэглээ нэмэгдэх хандлагатай орон гэж тодотгожээ. Монгол улсад каннабис буюу олсны ургамлын байгалийн тархац их учраас каннабисын хэрэглэгч ихтэй орон гэж бас дүгнэжээ.

Монгол Улс Мансууруулах бодисуудын тухай 1961 оны конвенцид 1990 онд, Сэтгэцэд нөлөөлөх бодисуудын тухай 1971 оны конвенцид 1999 онд, Мансууруулах бодисууд ба сэтгэцэд нөлөөлөх бодисуудын хууль бус эргэлтийн эсрэг 1988 оны конвенцид 2001 онд тус тус нэгдэн орсон.

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг Монгол Улсад 2014 онд 61 бүртгэгдэж, 153 хүн шалгагдаж байсан бол 2015 онд 79 эрүүгийн хэрэгт 169 хүнийг, 2017 онд 78 гэмт хэрэгт 182 хүнийг холбогдуулан шалгажээ. Мөн гадаадын улс оронд Монголын 33 иргэн хар тамхины хэргээр ял эдэлж байна.


Бидний хэлдгээр “ice” буюу мөс татаж байгаад баригдаж, хоёр жилийн ялаар шийтгүүлж, гарч ирээд эмчилгээ хийлгэж байгаа тэрбээр нэрээ нууцлахыг хүслээ. Хэдийгээр өөрөө хичээж байгаа ч маш их бодогддог, чадлаараа түүнээс салахын тулд тэмцэж байгаа гэх тэрбээр одоо 30 настай. Анх сонирхож татаж үзээд ийшээ хөл хальтирсан гэж харамсан ярьж байна.

-Анх мансууруулах бодис хаанаас олж хэрэглэсэн бэ. Ер нь яагаад энэ аймшигтай зүйл рүү орчихов. Эхлээд хэрэглэхдээ зорьж хэрэглэсэн үү, эсвэл?

-Зорьж хэрэглэнэ ч гэж юу байх вэ дээ. Анх манай найзын танил гээд тэр хүн л өгсөн л дөө. Анхандаа сонирхоод, яадаг юм бол гээд хэрэглэж үзсэн. Хоёр дахь удаагаа бас л тэр нөхрөөс аваад хэрэглэсэн. Ингээд нэг нь хоёр болоод, хоёр нь гурав болоод, гурав нь дөрөв болоод явсан.

Эхлээд бид нарт үнэгүй өгөөд, дараагаас нь зардаг болсон. Нэг хэрэглээд цаашаа давтамжтай хоёр, гурван удаа хэрэглээд ирэхээр хүн донтдог. Зүгээр байхад л бие организм нэхээд эхэлдэг. Анхандаа бол түүнд орно гэж ерөөсөө бодохгүй шүү дээ. Энүүнээс хэзээ л бол хэзээ гарч чадна гэж сонирхоод татдаг. Яваандаа нөгөөдөх нь даамжирсаар байгаад нэг мэдэхэд л донтчихсон байдаг. Түүнийгээ татахын тулд мөнгө хэрэгтэй. Мөнгөгүй байвал яаж ийж байгаад, эд хогшлоо хүртэл зараад мөнгө олоод авдаг. Мөнгө олбол түүндээ л зарцуулна.

-Олдоц хэр байх уу. Тийм элбэг зараад байдаг юм уу?

-Зөндөө зарна. Гэхдээ талх шиг ил зараад байхгүй. Таньдаг, мэддэг хүрээлэлдээ л зарна. Түүнээс хаа хамаагүй хүмүүст бол өгөхгүй. Олдцын хувьд элбэг. Ер нь манай залуучууд их хэрэглэдэг болсон.

Хамгийн эмгэнэлтэй, харамсмаар зүйл гэвэл манай хууль, хяналтын байгууллага, цагдаагийнхан энэ муухай зүйлээс залуусыг урьдчилан сэргийлж, хамгаалах биш бүр даамжирсан үед нь арга хэмжээ авдаг. Мансууруулах бодис хэрэглээд байгаа нөхдийг барьж илрүүлэх л арга хэмжээ авдгаас биш түүний хор холбогдол нь юу вэ, яагаад үүнийг хэрэглэж болохгүй юм гэж дорвитой арга хэмжээ авдаггүй.

Баригдлаа, ял авлаа гээд буй хүмүүсийг харж байхад учиргүй донтчихсон биш байдаг. Залуучууд анх сонирхоод л, тэр нь даамжирчихдаг. Бид хар тамхи, мансууруулах бодистой тэмцэхийг тулд хамгийн түрүүнд урьдчилан сэргийлэх, хор уршгийг нь сайн таниулах ажил л хиймээр байгаа юм. Хүмүүс тар тамхи гэхээр хөгжилтэй орнуудад л байдаг гэж хийсвэр ойлгодог. Гэтэл манайд газар авчихсан.

-Нэгэнт мансууруулах бодист донтчихсон бол эмчилгээ хийлгээд ч үр дүн багатай гэж дуулдсан. Эмчилгээ хийлгэсний дараа ямаршуухан байдалтай байна?

-Ийшээ нэг л халтирчихсан байхад эмчлүүлнэ гэдэг бол маш хэцүү. Ер нь эдгэрэх боломжгүй ч гэдэг юм билээ. Үр хүүхдээ бодоод л тэсэхийг хичээж байна. Байнга нөгөөдхөө бодно. Нөгөө хүмүүстэй уулзаад авчихмаар болоод, толгойд байнга бодогдоод байдаг. Миний хувьд, сайн эмч нарын буянаар эмчлүүлж, арай дээрдэж байна. Гол нь эмчлүүлнэ гэхээсээ илүүтэй сонирхлын журмаар татаж үзэлгүйгээр хол байсан нь хамгийн зөв арга. Түүнээс ийм эмчилгээ үр дүнтэй гэж ярих нь утгагүй байх л даа.

-Хилээр яаж оруулж ирээд байна вэ? Хууль хяналтын байгууллагын хараа, хяналт сул байгаад байна уу?

-Сүлжээ байдлаар л ажилладаг юм болов уу гэж би ойлгодог. Яг яаж оруулж ирдэг вэ гэдгийг сайн мэдэхгүй. Ганц нэг манайд ургадаг өвс байдаг л байх. Гэхдээ залуусын хэрэглээд байгаа бодисууд бол дийлэнх нь гаднаас оруулж ирж байгаа.

Гааль, цагдаагийнхны нүднээс далдуур орж ирээд байна аа гэдэг чинь маш том холбоотой сүлжээ байж л орж ирдэг байх. Шалгалт хийгээд байхад л орж ирээд байна гэхээр төрийн байгууллагад хамтарч ажилладаг хүн байхыг үгүйсгэхгүй. Хамгийн хачирхалтай юм нь манай хууль, хяналтынхан өөрсдөө залуучуудад өгөөш тавиад, нөгөөдхийг нь залуус сонирхоод баригдчихдаг. Шүүхийнхэн залуучуудыг үүнээс урьдчилан сэргийлэх дохио өгөхийн тулд хамгийн хүнд шийтгэлийг нь оногдуулах бодлого барьж байна гэж телевизээр ярьж байна билээ. Гэтэл тэр залуус ид ажил мэргэлтэй болж, ид боловсрох насандаа ял авч байна гэдэг цаашдаа хэн болох вэ гэдэг нь ойлгомжтой л болж байгаа юм. Ид хийж бүтээдэг, боловсордог, хайрлаж дурладаг насан дээрээ шоронд орчихоор ямар олиг байх вэ дээ. Тэднийг ялаа эдлээд гараад ирэхэд нь нийгэм яаж хүлээж авах уу? Хорт зуршлаасаа салж ажил хийе гэж бодлоо гэхэд манайд ажлын байр байна уу? Тийм хүнийг ажилд авах уу гээд бодохоор тэр хүний амьдрал ерөөсөө л сүйрч байгаа юм.

-Мансууруулах бодис хэрэглээд байгаа хүмүүсийг ажихад ямар хүн байна вэ?

-Ядуу тарчиг амьдралтай айлын хүүхэд эсвэл ядарсан хүн үүнийг хэрэглээд байгаа юм байхгүй. Аль боломжтой бололцоотой, боловсролтой, манай нийгмийн гайгүй гэсэн хүмүүс, тэдний хүүхдүүд л ихэнхдээ хэрэглэж байгаа.

Зардаг борлуулдаг нөхөд ч тэднийг бүр нүдэлж авч байгаад эхлээд үнэгүй өгч, оруулж, донтуулж байгаад зардаг.  Нэгэнт донтчихсон хүн бол нөгөөдхөө л хэрэглэхгүй бол байж сууж чадахаа больдог. Амьдрал, мөнгө, гэр орноо бодно гэсэн ойлголт бол байхгүй болчихдог. Телевизээс ч харж л байгаа биз дээ. Хар тамхины хэрэгт холбогдсон залуус дандаа л гайгүй айлын боломжтой, мөнгөтэй, төрийн томчуудын хүүхэд хүртэл холбогдоод явж байна.

Нийгмээ гайгүй авч яваа хүмүүсийг, тэдний үр хүүхдийг донтуулаад байна гэдэг чинь улс орны хөгжил, аюулгүй байдал, цаашид оршин тогтнох асуудалд хамгийн аймшигтайгаар заналхийлж байна. Зүгээр архинд орчихсон хүн ямар байдаг билээ. Гэр орон, үр хүүхдээ анхаарахаа больдог. Гэхдээ харьцуулахад зарцуулж байгаа мөнгөний хэмжээ бага. Мансууруулах бодис харахад цэвэрхэн юм шиг хэрнээ аюул нь архинаас хамаагүй их.

-Та залууст хандаж юу гэж зөвлөмөөр байна?

-Сонирхоод ганц, хоёр татаад үзчихье. Би энүүнд орохгүй, донтохгүй гэж бодож байгаа байх. Үнэндээ бол тийм биш шүү. Нэг л мэдэхэд чи орчихсон. Тэр үед амьдралын сайн сайхан гээч юу ч үгүй. Түүнээсээ өөр юу ч боддоггүй болгочихдог ийм л муухай зүйл. Залуус минь, хэзээ ч битгий сонирхоорой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зоч 2018-01-14 66.181.191.149

Монгол улс Төмөр нүүрээ харуулж зарж байгаа нөхөдыг аль !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж