Хятад дэлхийн хогийн цэг байхаас татгалзав

Хуучирсан мэдээ: 2018.01.14-нд нийтлэгдсэн

Хятад дэлхийн хогийн цэг байхаас татгалзав

Хятад дэлхийн хогийн цэг байхаас татгалзав

Дэлхийн улс орнуудын хуванцар сав, цаасны тэн хагасыг дахин боловсруулдаг Хятад улс өнгөрсөн жил цаашид дэлхийн хогийн цэг болохгүй хэмээх шийдвэр гаргаснаас хойш барууны орнууд хог хаягдлаа хэрхэхээ мэдэхгүй байна.

Учир нь Хятадын хуванцар хог хаягдал дахин боловсруулахгүй тухай шийдвэр 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжиж эхэлсэн юм.

Их Британи улс одоогоор үүний хариуд ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Лондон хот дахь хуванцар хог хаягдлын цэг ачааллаа дийлэхээ больсноос төлбөр төлөөгүй албан газрын хог хаягдлыг авахгүй байхаар болжээ.

Канад, Ирланд, Герман зэрэг барууны Европын орнуудад ч дээрхтэй адил нөхцөл байдал үүссэн бөгөөд Хонконг шиг далайн боомт хотуудад хуванцар хог хаягдлын цэгүүд хэдэн зуун тонн хуванцар хог хаягдлыг дийлэхээ больсон гэнэ.

 

АНУ-ын Орегон мужийн хуванцар дахин боловсруулах үйлдвэр жилд 220,000 тонн хуванцар материалыг түүж, ангилдаг хоёр үйлдвэр саяхныг болтол бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг Хятад руу экспортолдог байсан юм. Үйлдвэрийн эзэн Стив Фрэнк “Би бүх арга чаргаа шавхсан” хэмээн ярьжээ.

Түүний хэлснээр Хятадын шийдвэр дэлхийн хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэлийг үндсэндээ зогсоосон бөгөөд барууны орнууд одоо хуванцар хаягдлуудаа Индонез, Энэтхэг, Вьетнам, Малайз зэрэг орнууд руу экспортлох боломжийг судалж байгаа ажээ. Гэвч одоогоор ямар ч өөрчлөлт гараагүй байгаа юм.

Их Британийн хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн гүйцэтгэх захирал Жаклин О`Донован “Хятадын дээрх шийдвэрийн дараа хог хаягдлын менежментийн зах зээл эрс өөрчлөгдсөн. Ирэх саруудад Англи даяар хог хаягдал дахин боловсруулагч үйлдвэрүүд ачааллаа дийлэхээ болино” гэжээ. Түүний компани жилд 70,000 тонн хуванцар хог хаягдал цуглуулж, боловсруулдаг байна.

Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй тус улс 25 жилийн дотор зайлсхийж болох хог хаягдлаас бүр мөсөн ангижирна хэмээн амласан. Тереза Мэй хог хаягдлын менежментийн талаарх илтгэлдээ супермаркетуудад хуванцар сав, баглаа боодолтой хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй байхыг уриалсан юм.

Европын холбоо Хятадын дээрх шийдвэр болон далай тэнгис дэх хог хаягдал улам нэмэгдэж буй зэрэг олон шалтгааны улмаас хуванцар сав, баглаа боодол хэрэглэгч үйлдвэрүүдэд татвар ноогдуулахаар төлөвлөж байгаа юм.

Эдгээр арга хэмжээ хэзээ нэг өдөр хэрэгжиж үр дүнгээ өгч магадгүй ч дэлхийн олон орон хуванцар хог хаягдлаа хааш нь далд оруулахаа мэдэхгүй байна.

Хуванцар хог хаягдлыг шатаах болон овоолох нь аль алин нь байгаль орчинд хортой нөлөө үзүүлдэг учраас шинжээчид энэ асуудлаар нэн даруй арга хэмжээ авахыг анхааруулж байгаа юм.

Хятад улс энэ оны нэгдүгээр сараас эхлэн цаас болон хуванцар сав хийхэд ашигладаг Полиэтилентерефталат зэрэг 24 төрлийн хог хаягдалд хориг тавьсан. Өмнө энэ төрлийн химийн найрлага орсон, хольсон бусад хог хаягдлуудад ч мөн шинэ хориг тавьсан байна.

Хятад улс 2016 онд дэлхийн хуванцар, метал, цаасан хог хаягдлын тал хувь болох 7.3 сая тонн хог хаягдлыг дахин боловсруулсан байдаг. Харин өнгөрсөн жил байгаль орчны бохирдлыг бууруулах, сөрөг нөлөөг арилгах, нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор хог хаягдал импортлохоо бүрмөсөн зогсоох болсон тухай Дэлхийн худалдааны байгууллагад мэдэгдсэн.

Дэлхийн худалдааны байгууллагад гаргасан мэдэгдэлдээ Хятадын албаны хүмүүс хуванцар хог хаягдал нь их хэмжээний хорт бодис болон дахин боловсруулах боломжгүй бодистой холилдсон байдаг учраас байгаль орчинд асар их хор хөнөөл учруулдаг гэжээ.

Хятадын энэ шийдвэр нь хог хаягдлаа импортлогч орнуудын хувьд гэнэтийн зүйл болсон бөгөөд одоо уул овоо шиг болсон хог хаягдлаа хэрхэх нь дэлхийн олон орны хувьд толгойн өвчин болоод байна.

Канадын Калгари хот л гэхэд хуванцар хог хаягдлын 50 хувь, цаасан хог хаягдлыг 100 хувь Хятад руу экспортолдог байсан бол шинэ хоригоос хойш агуулах, контейнер, хогийн цэгт 5000 тонн хог хаягдал овоорчээ.

Гэвч канадчууд хог хаягдлаа хог гэж үзэхгүй зарж, худалдаж болох зүйл гэж харж байгаа учраас шинэ зах зээл олох хүртэл хэдий л бол хэдий хугацаагаар хадгалахаар төлөвлөж байгаа ажээ.

Харин Их Британи хог хаягдал, үүнээс үүдэлтэй бохирдлын асуудлыг шийдэх улс төрийн шийдэл олоогүй байгааг тус улсын байгаль орчны яамны төрийн нарийн бичгийн дарга Майкл Гав хүлээн зөвшөөрсөн билээ. Түүнээс Хятадын засгийн газрын шийдвэр тус улсад ямар үр дагавар авчрах талаар асуухад “Үнэнийг хэлэхэд би энэ талаар бодож үзсэнгүй” хэмээн хариулсан юм.

Хуванцар хог хаягдлаас үүдэлтэй байгаль орчны бохирдлын асуудал сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Далай тэнгисийн усан дахь хуванцар сав болон бусад хог хаягдлын хэмжээ гамшгийн хэмжээнд хүрч, загас, жараахайнаас авахуулаад яст мэлхий болон усны амьтад олноор үхэж буйг BBC телевизийн “Цэнхэр гариг II” баримтат цуврал харуулсан юм.

Их Британи жил бүр 10,000 олимпын усан санг дүүргэсэнтэй тэнцэх хэмжээний хог хаягдлыг Хятад руу экспортолдог бол АНУ жил бүр 1.42 сая тонн хог хаягдал илгээдэг байжээ.

Харин одоо Хятад улс цаашид хог худалдаж авахаас татгалзах болсон тул дээрх орнууд өөр зах зээл хайхаас аргагүйд хүрч байна.

Агаарын болон байгаль орчны бохирдлын хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог Хятадын хувьд хог хаягдал импортлохгүй байх шийдвэр бол байгаль орчны бохирдлыг бууруулж, бохирдлын хүчин зүйлсийг арилгах эхний алхам юм. Хятадад агаар тунгалаг, тэнгэр цэлмэг байхыг харсан хүн бараг байдаггүй гэлцдэг. Харин хятадууд тийм өдөр удахгүй ирнэ гэж найдаж байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж