П.Орхон өрсөлдөгчөө цэвэр ялж, улсын аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2018.01.14-нд нийтлэгдсэн

П.Орхон өрсөлдөгчөө цэвэр ялж, улсын аварга боллоо

П.Орхон өрсөлдөгчөө цэвэр ялж, улсын аварга боллоо

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд өнөөдөр өндөрлөлөө.

Дэлхийн бөхийн холбооны шинэчилсэн дүрмээр явагдсан энэ оны улсын аваргын тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр нийт 10 жинд шилдгүүдээ тодруулсан.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо. Энэ өдөр олон шилдэг бөхчүүд дэвжээнд гарсан. Тодруулбал, дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон, дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумъяа, дэлхийн аваргын хүрэл медальт Б.Одончимэг нарын шилдэг тамирчдаас гадна өсөх ирээдүйтэй олон бөхчүүд “Хангарьд” ордны дэвжээнд барилдлаа.

53 кг-ын жингийн шигшээ барилдаанд Э.Сумъяа, Г.Отгонжаргал нар шалгаран үлдээд байсан. Барилдааны зургаан минут дуусахаас хоёр секундын өмнө оноо 4:4 өөр тэнцээд байсан бөгөөд Э.Сумъяа шийдсэн мэх хийж, 7:4 оноогоор хожлоо.

Дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумъяа улсын хошой аварга боллоо.

62 кг-ын жинд дэлхийн аварга П.Орхон бүх өрсөлдөгчөө цэвэр яллаа. Тэрбээр шигшээ барилдаанд Д.Түмэнхүслэнг 20 секундэд даралтанд оруулсан юм. П.Орхон улсын аваргад гурван жил дараалан түрүүллээ.

76 кг-ын жинд ‘Хүч’ спорт хорооны тамирчин А.Чанцалнямаа шигшээ барилдаанд өрсөлдөгчөө цэвэр ялснаар улсын аваргад анх удаа түрүүллээ.

ДҮН

ЭМЭГТЭЙ:

53 кг:

  • Алтан медаль: Э.Сумъяа (Хилчин)
  • Мөнгөн медаль: Г.Отгонжаргал (Алдар)
  • Хүрэл медаль: Н.Мөнхзул (Хангарьд), О.Ванчигмаа (Женко)

62 кг:

  • Алтан медаль: П.Орхон (Алдар)
  • Мөнгөн медаль: Д.Түмэнхүслэн (Женко)
  • Хүрэл медаль: Х.Болортуяа (Аврагч), Б.Сарнай (Налайх)

76 кг:

  • Алтан медаль.: А.Чанцалнямаа (Хүч)
  • Мөнгөн медаль: Г.Ариунжаргал (Алдар)
  • Хүрэл медаль: О.Анударь (Аваргууд), Б.Одончимэг (Алдар) тус тус шалгарлаа.

Монгол бөх олимпийн наадмаас анх медаль хүртсэний 50 жилийн ой, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит хүрээнд болсон УАШТ-д 25 байгууллагын 300 гаруй бөхчүүд эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд шилдгүүдээ тодруулав.

Тэмцээнийг ETV телевиз шууд дамжуулан үзүүллээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж