Шинжилгээний дүн сарын дараа гарна

Хуучирсан мэдээ: 2018.01.14-нд нийтлэгдсэн

Шинжилгээний дүн сарын дараа гарна

Шинжилгээний дүн сарын дараа гарна

Монгол Улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдар  нь эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог хавдрын хоёрдугаарт ордог. Умайн хүзүүний хорт хавдрын зонхилон тохиолддог шалтгаан нь  хүний хөхөнцөр вирус /ХХВ/ юм. Дэлхийд ХХВ-ийн 16 болон 18 хэв шинжийн халдвараас сэргийлэх боломжтой Гардасил, Церварикс гэсэн хоёр төрлийн вакцин байдаг аж.

Эрүүл  мэндийн яамнаас 2012 онд хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Гардасил вакцинд Улаанбаатар хотын Баянгол, Багануур дүүрэг, Сэлэнгэ, Өмнөговь аймгуудын харьяалалтай охидыг хамруулсан байна.

Харин өнөөдөр /2018.01.14/ Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт умайн хүзүүний хавдрыг үүсгэдэг ХХВ-ийг илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийлээ. Зорилго нь Гардасил вакцин хийлгэсэн бүлэг болон хийлгээгүй бүлгийн хооронд ХХВ-ийн халдвар ялгаатай байгаа эсэх, мөн ХХВ-ийн вакцин, умайн хүзүүний хорт хавдрын талаар эмэгтэйчүүдийн мэдлэг, хандлагыг судлахад чиглэжээ. Энэхүү судалгааг “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ болон Австралийн Мельбурн  хотын Мурдокийн хүүхдийн судалгааны  хүрээлэнгийн судлаачид хамтран гүйцэтгэж байна. Өнөөдөр шинжилгээ өгсөн иргэдийн дүн нь сарын дараа гарна. Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэсэн болон вакцинд хамрагдаагүй иргэдийн дунд ХХВ-ийн халдвар ямар байна вэ гэдэг дүн тодорхой болно. 

Судалгаагаар дээрх вакцин хийлгэсэн аймаг, дүүргүүдийн охид эмэгтэйчүүдээс гадна, сайн дурын үндсэн дээр үзлэгт хамрагдах 2000 охид эмэгтэйчүүд багтаж байгаа юм.  Энэ төрлийн шинжилгээг хувийн лабораториудад 100,000 төгрөгийн үнэтэй хийдэг бол тус эмнэлгийн ашиглаж байгаа оношлуураар хавдрын эрсдэл бүхий 13 төрлийн хэв шинжийг үнэ төлбөргүй тодорхойллоо.

Өнөөдрийн байдлаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт  200 гаруй охид, эмэгтэйчүүд  шинжилгээнд хамрагдлаа. Үнэ төлбөргүй шинжилгээг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хийв. 

                    Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж