Японы сүмогийн холбооны Захирлуудын зөвлөл өчигдөр /2017.01.13/ хуралдаж, дуулианд нэр холбогдсон гёожи буюу тэргүүн засуулыг огцруулах шийдвэр гаргасан байна.
Сүмогийн дэвжээн дээрх ахмад шүүгч Шикимори Иносүкэ залуу шүүгчийг оролдож, биеийг нь илж таалах, үнсэх зэрэг зүй бус авир гаргасан гэх асуудлаар Сүмогийн холбооны удирдлагууд түүний барилдаан шүүх эрхийг гурван башё дараалан хасах шийтгэл ногдуулжээ. Ирэх тавдугаар сард энэ шийтгэл дуусмагц Шикиморийн огцрох хүсэлтийг хүлээн авч, албан тушаалаас нь чөлөөлөх болно гэж сүмогийн холбооны удирдлагууд мэдэгдсэн байна.
Сүмогийн холбоо ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржийн нэр холбогдсон хэргийг шалгаж байх зуур дээрх хэрэг гарчээ. Ёкозүна цолтон өөрөөсөө зиндаа доогуур сүмочийг зодож танхайрсан хэрэг намжтал, залгуулаад шүүгчийн зүй бус авиртай холбоотой асуудал дэгдсэнд гүнээ харамсаж буйгаа Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү илэрхийлсэн байна.
Шикимори Иносүкэ өнгөрсөн сард тойргийн барилдааны үеэр халамцуу байхдаа залуу шүүгчийг үнсэж, цээжийг нь илж таалсан хэрэгтээ албан ёсоор уучлал хүссэн юм. Залуу шүүгч ч цагдаад гомдол мэдүүлэхээс татгалзжээ.
Тойргийн барилдааныг хариуцан ажиллаж буй ояката Касугано, мөн Шикиморийн харьяалагддаг Миягино дэвжээний ояката нарт Сүмогийн холбооноос хатуу анхааруулга өгчээ.
Өнөөдөр /2017.01.14/ эхэлж буй шинэ оны тэргүүн башёгаас эхлээд тавдугаар сарын барилдаан дуусах хүртэл Шикимори Иносүкэгийн нэр шүүгчдийг эрэмбэлсэн жагсаалтад байх боловч Шикимори шүүгчээр ажиллахгүй гэнэ.
С.ЦЭЛМЭГ