Нууцын зэрэглэлтэй материалыг дэлгэсэн хэргээр ял сонсож байсан АНУ-ын тагнуулын албаны шинжээч Челси Мэннинг Мэрилэнд мужаас АНУ-ын Сенатад нэр дэвших бодолтой байгаа гэнэ.
Мэннинг 2013 онд 35 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. Харин ерөнхийлөгч асан Барак Обама түүнд өршөөл үзүүлсэн билээ. Тэрбээр 2017 оны тавдугаар сард суллагдсаныхаа дараа Мэрилэнд муж руу нүүж, тэндээ суурьшжээ.
Брэдли Мэннинг нэртэй боловч сүүлд нэрээ Челси болгон өөрчилсөн трансжендер тэрбээр Сенатад нэр дэвших эрхийн төлөө Ардчилсан намын сенатч Бен Кардинтай өрсөлдөх ажээ. Кардин нь өдгөө 74 настай, туршлагатай улстөрч бөгөөд 2007 оноос хойш Мэрилэнд мужаас Сенатад сонгогдсон нэгэн.
Мэннинг 2010 онд Иракт баривчлагдсан юм. Түүнийг улсын нууцын зэрэглэл бүхий 700 мянга гаруй баримт, бичлэг зэргийг Wikileaks-т дэлгэсэн хэрэгт буруутгаж, ялласан. Тэрбээр өөрөө эдгээр баримт нь АНУ-ын гадаад бодлогын асуудлаарх маргааныг эцэслэх зорилготой гэж мэдэгдсэн ч АНУ-ын засгийн газар олон хүний амь насыг эрсдэлтэй байдалд оруулсан гэж буруутгаж байсан юм. Мэннинг өөрөө, бас түүний энэ хэрэгт АНУ-ын улстөрчид харилцан адилгүй ханддаг.
Шоронгоос суллагдсанаас хойш Мэннинг сошиал орчинд идэвхтэй байж, засгийн газрын эрх мэдлийн шилжилт, эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мөн трансжендер хүмүүсийн эрхийн асуудлаар үзэл бодлоо илэрхийлсээр иржээ.
С.ЦЭЛМЭГ