Хувьцаатай, 80 саятай долоо хоног

Хуучирсан мэдээ: 2018.01.14-нд нийтлэгдсэн

Хувьцаатай, 80 саятай долоо хоног

Хувьцаатай, 80 саятай долоо хоног

Сонгуулийн мөчлөг ойртов уу гэмээр шийдвэрийг өнгөрч буй долоо хоногт УИХ, Засгийн газраас шил дараалан гаргалаа.

“Эрдэнэт” үйлдвэрээс иргэн бүр үнэ төлбөргүй хувьцаа эзэмших бол Ударьник цолтноос эхлээд Улсын баатар, Хөдөлмөрийн баатруудад сар бүр 200 мянган төгрөгийг тэтгэврээс нь гадна олгох болж байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн ар гэрт мөн 40 сая, 80 сая төгрөгийн тэтгэмж олгохоор УИХ-аас хууль баталлаа.

Шийдвэрүүдийг “Долоо хоногийн тойм” буландаа онцлов.

“Эрдэнэт”-ийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшинэ  

 Засгийн газар өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаараа “Эрдэнэт” үйлдвэрийг нээлттэй хувьцаат компани болгож, хувьцааг нь ард иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гаргалаа. Хэчнээн ширхэг хувьцаа эзэмшүүлэхийг үнэлгээ хийлгэсний дараа тодорхой болно.

Гол нь дээрх шийдвэрийн хүрээнд монголчууд ганц ашигтай ажилладаг саалийн үнээнээсээ хувьцаа эзэмших болж байгаа. Хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох боломжтойг ойлголгүй 27 жилийг үдсэн монголчуудад дээрх шийдвэр олон зүйлийг таниулж, улс төрийн шахаа төрийн өмчит компаниудад хяналтаа тогтоож, ашгийг нь хүртдэг тогтолцоог хална гэж эдийн засагчид харж байна.

Хөдөлмөрийн баатрууд сар бүр 200 мянган төгрөг авна  

УИХ-аас өнгөрсөн баасан гаригт Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

Ингэснээр Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан /1990-1992/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор боллоо. Тэтгэврээс нь гадна нэмэгдэл болгон олгоно. 2018 оны төсөвт шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг суулгасан тул энэ сараас тооцон олгоно гэж ойлгож болно.

Хэлмэгдэгчдийн ар гэрт тэтгэлэг олгоно

УИХ баасан гаригийн хуралдаанаараа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Энэхүү хууль батлагдснаар улстөрийн хилс хэргээр цаазлагдсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая, харин хилс хэргээр хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгохоор хуульчлагдаж байна. Хууль 2020 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл үйлчилнэ. 

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж