Дэлхийн өнцөг булан бүрт байгаа Starbucks-ын 24,000 салбарын аль нэгэнд зочилж, гэртээ байгаа юм шиг мэдрэмж авах амархан.
Харин тэнгис далайг гаталж, хэн хүний очиж үзээгүй газрыг үзэж, хүний хөл хүрээгүй газарт хөл тавих нь экстрим аялал сонирхогчдын зорилго билээ.
Ингээд та бүхэнд экстрим аялагчдын хайж байдаг ер бусын адал явдалтай учирч болох газруудыг танилцуулж байна.
Испани: Бухын уралдаан
Испанийн Памплонд жилийн бүрийн долдугаар сард болдог хамгийн догшин, хамгийн чадалтай бухын уралдааныг үзэх гэж олон мянган хүн тэсэн ядан хүлээдэг байна. Улангассан олон бухын хажуугаар хүмүүс ч бас уралддаг нь уралдааныг улам сонирхолтой болгож, үзэгчдийн цусыг хөөргөдөг. Уралдааны үеэр хүмүүс гэмтэж бэртэх тохиолдол олон. 2016 онд л гэхэд 100 гаруй хүн гэмтэж, бэртсэн. Харин бухын уралдааны үеэр хүний амь нас эрсдэх нь тун ховор ажээ. Гэсэн ч бухын уралдаан явуулж эхэлснээс хойш 100 гаруй жилийн хугацаанд 13 хүн амиа алдсан юм.
Аляск: Нохой чарганы уралдаан
Аляскийн нохой чарганы уралдаанчид байгалийн эрс тэс нөхцөлд 1600 км-ийн хол замыг дор хаяж найм хоногт туулдаг. Температур -50 C хүрдэг энэ нутагт цас орж, цасан шуурга тавих нь уралдааныг хойшлуулах ноцтой шалтгаан болохгүй.
Украин: Чернобылийн цацраг идэвхит үхлийн бүс
1986 онд Чернобылийн атомын цахилгаан станцад осол гарч, Припят хотын оршин суугчдыг бүгдийг нүүлгэн шилжүүлснээс хойш гуч гаруй жил өнгөрч байгаа юм. Гэвч цацраг идэвхит бодис ихээр алдагдсан энэ бүсэд очих жуулчдын тоо буурах биш, харин нэмэгдсээр байгаа нь хачирхалтай. Хэдийгээр энэ хотын эзэнгүй хоцорсон байшин барилгад сонирхол татах зүйл байхгүй ч хүмүүсийг явсны дараа зэрлэг ан амьтдын тоо толгой нэмэгдсэн нь олны гайхашралыг төрүүлдэг.
Туркменистан: Тамын хаалга
“Тамын хаалга” хэмээх энэ газартай төстэй газар Төв Азиас өөр хаана ч байхгүй. 1971 онд газар доорх байгалийн хийн орд нурснаас асар том ангал үүсчээ. Зөвлөлтийн геологичид метан хий алдагдахаас сэргийлж, гал асааснаас хойш энэхүү галт нүх одоо хүртэл тасралтгүй асч байгаа юм. Ангалын амны диаметр нь 69 метр бол гүн нь 30 метр юм. 2009 оноос хойш энэхүү “Тамын хаалга”-ыг 50,000 гаруй жуулчин очиж үзсэн юм.
Теахупоо: Давалгаа унагчдын диваажин
Францын Полинезийн арал дээрх Теахупоо тосгон бол давалгаа унагчдын амьдралдаа ганц удаа ч болов очиж үзэхийг хүсдэг газар билээ. Учир нь Номхон далайн энэ буланд л хамгийн том, хамгийн хүчтэй давалгаа үүсдэг. Давалгаа унагчдын хувьд арван метрийн өндөр давалгаатай тааралдах нь уулчин хүн 10,000 метрийн өндөрт гарсантай адил мэдрэмж юм.
АНУ: Үхлийн хөндий
Хэдийгээр “Үхлийн хөндий” нэртэй боловч энэ хөндийд зэрлэг цэцэгс төрөл бүрээр ургадаг нь дулаан уур амьсгал биш, чийгшилтэй холбоотой юм. Калифорнийн энэ цөлд температур жилд дунджаар 54 C хүрдэг.
ОХУ, Өймөкөөн: дэлхийн хамгийн хүйтэн газар
Хэрэв та дэлхийн халуун цөл газарт очиж, төөнөм халууныг тэсч чадсан бол дэлхийн нөгөө өнцөг дэх хамгийн хүйтэн газарт очиж яагаад болохгүй гэж? Ердөө 500-аад оршин суугчтай Сибирийн энэ жижиг сууринд өвөл температур дунджаар -50 C байдаг боловч заримдаа бүр -67.8 C хүрдэг.
Конго: Каяаки завьтай аялал
Конгод түргэн урсгалтай голоор каяаки завьтай аялсан Стив Фишерийг үндэсний газар зүйн нийгэмлэгээс оны хамгийн адал явдалтай аялагч хэмээн нэрлэсэн нь санамсаргүй тохиолдол биш байв. Тэрбээр асар өндөр хүрхнээсээ завьтай нисч, түргэн урсгалтай голоор аялж, боргионд цохиулан, эргүүлэгт орох шахсан юм.
Энэтхэг, Мосинрам: дэлхийн хамгийн чийглэг газар
Энэтхэгийн Мосинрам тосгон бол хамгийн их бороо ордог дэлхийн хамгийн чийглэг газар юм. Энэ тосгонд Лондон хотод жилд ордог хур борооноос 20 дахин их бороо ордог.
Мексик: Дэлхийн гүн рүү аялахуй
Агуйн зарим хэсэг бүрэн судлагдаагүй ч Мексик дэх хоёр метр гүн Чеве агуй дэлхийн гүн рүү нэвтрэх боломж олгодог.
Хэрэв та харанхуйгаас айдаг бол тийшээ зүглэх хэрэггүй гэж зөвлөе.