УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс санаачилга гарган, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдуудтай ажил хэрэгч уулзалт зохион байгуулав. Тус уулзалтад БНЧУ, БНКУ, БНСВУ, ОХУ, Канад улс, БНСУ, Унгар улс, ИБУИНВУ, АНУ, Австрали, БНАЛАУ, БНЭУ, ХБНГУ, БНКУ, Япон зэрэг 15 улсынЭлчин сайд нар оролцлоо.
Уулзалтыг нээж УИХ-ын гишүүн, УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Оюунхорол үг хэлсэн юм.
Д.ОЮУНХОРОЛ:
-“УИХ-ын эмэгтэй гишүүдийн хүсэлтийг хүлээн авч өнөөдрийн уулзалтанд хүрэлцэн ирсэн та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж эрүүл энхийг хүсье. Монголын парламентын түүхэнд 2016 оны УИХ-ын сонгуулиар хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн сонгогдсон. Энэ нь нийт парламентын гишүүдийн 17.1 хувь болж байна. Эмэгтэй гишүүдийн бид хүн амын 51.3 хувийг бүрдүүлдэг охид, эмэгтэйчүүдээ төлөөлөх, тэдний эрх ашгийг хамгаалж, нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар санал нэгдэж УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийг албан ёсоор байгуулсан. Эмэгтэй гишүүдийн бүлэг үндсэн 10 сэдвийн хүрээнд үйл ажиллагаа чиглүүлэн ажиллах болно.
Эмэгтэй гишүүдийн бүлэг хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, боловсрол, эрүүл мэндийн салбарт төрийн үйлчилгээг үзүүлдэг багш, эмч нарынхаа хөдөлмөрийн үнэлгээг бодитой болгох, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг дэмжиж хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлуудад анхааран ажиллахаас гадна, Ахмадын асрамжийн газрын хууль эрх зүйн орчныг боловсронгүй болгох, Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэй гишүүдийн бүлгийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжих чиглэлээр ОУБ-уудтай хамтрах зэргээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Энэ хүрээнд өнөөдөр та бүхэнд Эмэгтэйчүүдийн бүлгийн үйл ажиллагааны чиглэлийг танилцуулах, Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцооны талаар болон Сайн дурын үйл ажиллагааг дэмжин зохицуулах тухай, Цахим хэрэглээг хязгаарлах, хянах, зохицуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд та бидний оролцоо, хамтын ажиллагааны талаар ярилцахыг хүсч байна.
Аль ч цаг үед улс эх орон, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө ээжүүд, эмэгтэйчүүд түүхэн үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Дэлхийн улс орнууд эдийн засагт суурилсан хөгжлийн бодлогоос илүүтэйгээр, Хүний хөгжилд суурилсан хөгжлийн бодлогыг чухалчилж, хүнээ хөгжүүлсэн улс хөгжиж байгааг бид харж байна.
НҮБ-аас дэвшүүлэн тавьсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо маш чухал гэж үзэж байна. Тогтвортой хөгжлийн зорилт нь дэлхийд тэгш бус байдлыг багасгаж баян хоосны хэт их ялгарлыг бууруулж, ирээдүй хойч үедээ хор хөнөөл учруулахгүйгээр нийгмийн баялгыг тэгш хувиарлан хүртэх, эх дэлхийгээ хамгаалах, хүн бүр экологийн тэнцвэрийг хадгалах, сэтгэл тайван амьдрах, нийгмийг удирдах хариуцлагатай хүчтэй институцийг бий болгохыг зорьж байна. Хуулийг дээдлэх, тэгш шударга байх, хүчтэй засаглалын тогтолцоог бүрдүүлэхийг иргэд маань хүсэж байна.
Мөн эмэгтэй гишүүдийн бүлгээс “Сайн дурын үйл ажиллагааг дэмжин зохицуулах тухай” хуулийн төслийг боловсруулж байна. Сайн дураараа аливаа үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж бусдын тусын тулд үйлчлэх хүсэл эрмэлзэл хүн бүрт байдаг. Хувь хүний сэтгэлийн угаас үзүүлсэн дэмжлэг нь хэнд яаж хүрэв, ямар үр дүн өгөв гэдэг нь тухайн хүний сэтгэл хангалуун явахад нөлөөлдөг. Гэвч сайн дурын үйл ажиллагаа нь хуулиар зохицуулагдахгүй, хяналтгүй явж ирсэн нь зарим тохиолдолд мөнгө олох хэрэгсэл болж иргэд олон нийтийн итгэлийг хөсөрдүүлж байна.
Иймээс хуулийн зохицуулалттай болсноор олон нийтийн дундах сайн дурын үйл ажиллагааны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, түүний ач холбогдлыг ойлгуулах, сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж хэвшүүлэх, хувь хүн, гэр бүлийн эсвэл нийгэмд тулгамдсан аливаа төрлийн асуудлыг хамтдаа шийдвэрлэх, хүн хүндээ туслах хүсэл эрмэлзэл бий болгож, төлөвшүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Дараагийн чухал сэдэв бол “Цахим хэрэглээг хязгаарлах, хянах, зохицуулах” хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Техник технологийн 21-р зуунд хүн төрөлхтөн цахим сүлжээ буюу интернэт ертөнцөөс шууд хамааралтай болж, гар утас, компьютерээс хэрэгтэй мэдээллээ хүссэн газраасаа авах боломжтой болсон. Энэ нь хэдий сайшаалтай ч сүүлийн үед сөрөг талууд давамгайлах хандлагатай байна.
Цахим орчин дахь хязгаарлалт хяналт байхгүй учир хэн дуртай нь фэйсбүүк, твитер хаяг, сайт нээж, хувь хүний тухай, хувийн амьдралынх нь тухай эрээ цээргүй, ёс жудаггүй, хайрлах энэрэх сэтгэлгүй бичиж, нэр төрийг нь гутаах ажлыг зохион байгуулалттай хийж байна. Мөн өсвөр насны хүүхдүүд гадуурхагдах, хэл амаар доромжлуулах, буруу зүйл, буруу хүмүүст уруу татагдах бүр цаашилбал сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэлд өртөх, хүний наймааны золиос болох, амиа хорлох хүртэлх эрсдлүүд бий болж байна. “Цахим гадуурхал”-аас болж хүүхдүүд амиа хорлох явдал нэмэгдэж байна. ‘2012-2016 онд насанд хүрээгүй 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорложээ. Гадуурхлын олон хэлбэр байдаг ч олон нийтэд хурдан хүрдэг, хүссэн үедээ үйлдэж болдог, өргөн цар хүрээг хамардаг зэргээрээ цахим гадуурхал нь илүү хор хөнөөл дагуулж байна. Мөн цахим гэмт хэрэг, залилан газар авч байна. 2014-2016 онуудад цахим шуудангийн залилан мэхлэх гэмт хэргийн тохиолдол 51 удаа бүртгэгдэж нийт 2,5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Иймээс цахим хэрэглээг хязгаарлах, хянах, зохицуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага байна. Энэ чиглэлийн сайн туршлагыг судлах хэрэгцээ байна.
Дараагийн нэг асуудал бол агаар, орчин бохирдлыг бууруулах чиглэлээр сайн туршлагыг судлах, хэрэгжүүлэх, өрх толгойлсон эмэгтэйчүүд рүү чиглэсэн нийгмийн халамжийн бодлого, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлсэн сайн туршлагуудыг сонсож судлаж хамтран ажиллах хүсэлтэй байна”.
Элчин сайдууд ажил хэрэгч уулзалт зохион байгуулж байгаа эмэгтэй гишүүдэд талархал илэрхийлээд, санал солилцон, өөрийн орны тэргүүн туршлагуудыг ярилцаж, 10-аад орны ЭСЯ хамтран ажиллах санал гаргасан.
Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Эрхэмсэг ноён Жон Лангтри “Монгол улс эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд анхаарах шаардлагатай байна. Ялангуяа умайн хүзүүний хорт хавдраар азийн бүсэд тэргүүлж байна. Хорт хавдар үүсгэгч хөхөнцөр вирусын вакцин хийвэл энэ өвчнөөс бүрэн ангижрах боломжтой. Эмэгтэй гишүүд хамтраад энэ вакцинд хамруулах ажлыг дэмжин ажиллавал сайн байна’ гэсэн санал хэлж байв.
Канад улсаас Монгол улсад суугаа элчин сайд Элчин сайд Виллиам Спрүл “Манай улсаас улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төсөл хөтөлбөрүүдийг Монголд хэрэгжүүлэн ажилладаг. Ойрын хугацаанд тусгайлан ажил хэрэгч уулзалт зохион байгуулж, ямар чиглэлд хамтран ажиллахаа ярилцах саналтай байна’ гэв.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд “УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс санаачилга гарган ийм сайхан зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсанд талархал илэрхийлье. Манай улсаас эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах төсөл, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төслүүдийг хэрэгжүүлдэг. Бид эмэгтэйчүүд, охидын оролцоог бүх түвшинд хангахад анхаарч байна. Цаашид ч хамтран ажиллахад бэлэн байна" гэдгээ илэрхийллээ.
Мөн Энэтхэг улсаас суугаа Элчин сайд ноён Суреш Бабу “Энэтхэг улс уушигны хавдраас урьдчилан сэргийлэх вакцин гаргасан тухайгаа”, Их Британи улсаас суугаа элчин сайд хатагтай Катрин Элизабет Жейн Арнолд “Жендэрийн тэгш байыдал гэдэг нь аль аль хүйс тэгш оролцоотой байхыг хэлнэ. Эмэгтэйчүүдээ хүчирхэгжүүлээд гэр орноо, цаашлаад улс гүрнээ авч явахад хүргэж байна. Эрэгтэйчүүдийн боловсролд анхаарч тэднийг хүчирхэгжүүлэх шаардлага тулгарч байна. Эмэгтэйчүүдээс сул дорой байгаадаа бухимдаж хүчирхийлэл үйлдэхэд ч хүргэж байж магадгүй талаар”, БНВУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд хатагтай Доан Ти Хуонг “Вьетнам улсаас ганц бие ээжийг ажлын байраар хангах асуудлыг онцгойлон анхаардаг бөгөөд ЖДҮ-д харьцангуй бага татвар оногдуулдаг, иргэддээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх боломжийг бүрдүүлэх үүднээс МСҮТ-д сургахыг төр засаг нь анхаардаг тухайгаа ярьлаа. Япон улсаас манай улсад суугаа Элчин сайд ноён Такаока Масато “Монгол эмэгтэйчүүд илүү загварын мэдрэмжтэй, бизнес болон нийгмийн идэвхтэй, маш хүчирхэг ухаалаг тухай” сэтгэгдлээ ярьлаа. Мөн Герман улсаас Монгол улсад суугаа Элчин сайд ноён Штефан Херманн Дуппел “Улс төрд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх чиглэлээр олон жил хамтран ажиллаж байгаа. Зөвхөн УИХ гэлтгүй орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд онцгойлон анхааран ажиллана’ хэмээсэн юм.
Б.ЦЭЦЭГ