Х.Мэргэн шиг орчуулагч дахин мэндэлтэл зуун жил шаардагдана

Хуучирсан мэдээ: 2018.01.13-нд нийтлэгдсэн

Х.Мэргэн шиг орчуулагч дахин мэндэлтэл зуун жил шаардагдана

Х.Мэргэн шиг орчуулагч дахин мэндэлтэл зуун жил шаардагдана

Нөхрийн дурсгалд

Хасбаатарын Мэргэнтэй анх Москва хотноо Утга зохиолын Дээд сургуульд хүүхэд насандаа таарч билээ. Тэр надаас 2 насаар ах, дээд анги учир хүндэлнэ. Бодоход бид холбоотой байх учиртай байж. Мэргэний аав орчуулагч, судлаач шүүмжлэгч Ц.Хасбаатар гуай, миний аав утга зохиолын судлаач шүүмжлэгч Д.Цэнд нар нас чацуу, Монголын нийгэмд танигдсан нэртэй сэхээтэн, мэргэжил, үзэг нэгт найз нөхөд байсан. Үзэл бодол зөрөх тал байсан ч гэсэн Монголын уран зохиол, шүүмж судлал, МЗЭ гэх том байгууллага тэднийг нэгтгэж байсан байдаг. Тэр үед, Төв Хорооноос Монголын уран зохиолыг гадаадад сурталчлах бодлого шийдвэр гарч, энэ бодлогын хүрээнд 4 залууг Утга зохиолын дээд сургуульд орчуулагчаар мэргэшүүлэхээр илгээсэн байдаг. Мэдээж утга зохиолд ‘ойр’ хүүхдүүдийг сонгосон нь санамсаргүй явдал биш юм. Сонгогдсон дөрвөн хүүхдийн нэг бол Х.Мэргэн. Мэргэн аавынхаа мэргэжлийг өвлөхөөр Н.Энхбаяр (Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч), Б.Нарантуяа, Л.Нарангэрэл (Утга зохиолын судлаач шүүмжлэгч Лувсанвандангийн охин) нарын хамт Утга зохиолын Дээд сургуулийг зорьсон.

Миний бие ч Утга зохиолын шүүмжлэгчийг бэлдэх бодлогод мөн хожим хамрагдаж Мэргэн, Нарангэрэл нарын адил аавынхаа мэргэжлийг өвлөхөөр Утга зохиолын дээд сургуульд суралцах эрхийг өвөртлөн тэдний араас очсон. Утга зохиолын дээд сургууль тэдэнд зориулж орчуулгын анги нээсэн, тэдэнтэй нэг ангид Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Санжийн Пүрэв, Данигайн Давааням нар суралцаж, ангидаа олуулаа сурч байсан нь миний атаархлыг төрүүлдэг байсан. Хожим бидний араас О.Дашбалбар, Ж.Сарантуяа, Цэндийн Нямаа, Д.Намсрай нар суралцахаар нэмэгдэж, бид олуулаа бужигнасан. Дараа нь тэдэнтэйгээ Монголын Зохиолчдын Хороонд хамтдаа ажиллах хувь оногдсон. Мэргэнтэй бол Монголын Үндэсний Телевизэд ч дөрвөн жил мөн хамтдаа зүтгэсэн. Мэргэжилдээ үнэнч байхыг Мэргэнээс харлаа. Түүнтэй хамт Утга зохиолын дээд сургуульд сурч, Монголын Зохиолчдын Хороо, Монголын Үндэсний Телевизэд хамтдаа ажилласандаа бахархаж байна. Би олон байгууллага дамжсан бол Мэргэн маань МЗЭ, МҮОНРТ гэсэн хоёрхон байгууллагын дээвэр дор ажиллаж, хөдөлмөрлөж, орчуулгын бүтээлээ туурвилаа. Завсарт нь хоёр жил Москва хотод дипломатын ажил гүйцэтгэхдээ ч тэрбээр уран бүтээлээ завсарлаагүй. Энгийн хэллэгтэй Халтар Царайт олон ангит уран сайхны киноноос Шекспирийн адармаатай хэллэг бүхий драмын жүжиг зэрэг олон зуун бүтээлийг эх хэлнээ хөрвүүлэн буулгасныг уран бүтээлч нөхөд нь өндрөөр үнэлдэг.

Хамгийн сүүлд ‘Эртний Грек, эртний Ромын домог’-ийг орчуулан, хэвлүүлж Монгол уншигчдадаа хүргэсэн. Мэргэний орчуулга бол амьд орчуулга гэж мэргэжил нэгт нөхөд нь үнэлдэг. Тэр үг нэг бүрийг, утга санаа бүрийг Монгол хэлэндээ дүйцүүлэн буулгах эрдмийг эзэмшсэн байсан. Энэ бол түүний сурсан эрдэм гэж бардам хэлж болох. Мэргэжилдээ үнэнч, тууштай байхыг ч түүнээс харлаа. Тэр мөн нэг л зангаараа хорвоог элээсэн. Чимээгүй л туурвих, энгийн байх. Хүнд өвчин туссанаа хэнд ч дуулгалгүй, хэнд ч ялархалгүй, чимээгүй л эмчилгээгээ хийлгэсээр л хорвоог орхиж. Фэйсбүүк үгүй бол түүнийхээ нас барсныг ч олж дуулахгүй өнгөрч мэдэх байж. Ийм л даруу, энгийн хүн байсан, тэр л зангаараа… Юм юман дээр тэр зан нь илрэх. Тэр жил Телевизийн 35 жилийн ойгоор уран бүтээлчдийг шагналд дэвшүүлэх тухай яриа болов. Телевизэд шагналгүй, одон медальгүй хүн олон. Мэргэн маань тэдний нэг байлаа. Түүнийг Алтан гадас одонд тодорхойлтол ухрах гэж бас оролдсон. Ийм л хүний дээд байсан юм. Тэр жилдээ одонгоор энгэрээ мялааж бид хамтдаа баярласан. Өөрийнхээ төлөө явдаггүй хэрнээ бусдын төлөө бол явна. Монголын Үндэсний Телевизийн даргаар намайг ажиллаж байхад тэр ганцхан удаа л дэмжлэг хүссэн. Оросын сэтгүүлч Шинкарёв гуайг дагуулан орж ирээд, Телевизийн архиваас Цэдэнбал, Филатова нарын холбогдол бүхий дүрс олоход тусламж дэмжлэг үзүүлэхийг л хүссэн. Шинкарёвт бид хоёр тусалж, түүнээс хойш Шинкарёв гуайтай сайн нөхрийн харилцаатай болж байж билээ. Цэдэнбал даргын амьдрал, эмгэнэлт төгсгөлийн тухай "Эрх мэдэл ба эмгэнэл" гэдэг баримтат роман туурвиж, түүнийгээ Х.Мэргэнээр монгол хэлнээ орчуулуулж, хэвлүүлсэн номынхоо дээжээс надад гарын үсгээ зуран өгсөн нь одоо хүртэл миний номын санд бий. Гайхалтай бичсэн роман. Гайхалтай ч орчуулсан. Яг л монгол хэлээр бичиж туурвисан юм шиг л орчуулсан байдаг. Энэ номыг нь би Казахстанд хуралд оролцохдоо гурван шөнө нүд салгалгүй уншиж дуусгаж, түүнээс нэг л гэрэл гэгээг олж нээсэн. Тэр бол Анастасия буюу Цэдэнбал даргын ач охин Ася байсан.

Түүнээс хойш 2 жилийн дараа намар цагт Москваг зорьж, Шинкарёв гуайтай уулзаж, Ася руу хэлүүлж байж, Элчин сайдынхаа Яаманд Асятай уулзаж, ярилцлага авч байсан. Тэр үед би МҮОНТ-ээс халагдаж, ТВ9-д ирсэн цаг үе байсан. ТВ9 телевиз Асяг Монголд урьж авчирсан. Саяхан 20 жилийнхээ ойг нижгэр тэмдэглэсэн Айр Транс компанийн захирал Чулуунхүү Асягийн Монголд ирэх буцах онгоцны зардлыг бүрэн даасныг энэ ялдамд дурдая. Энэ бүхэн бол Мэргэний минь орчуулсан уран бүтээлээс улбаатай байсан юм. Нөхөр маань харахад салан залгай мэт харагддаг ч, маш нямбай нэгэн байсан. Тэр нь ч түүний орчуулгын бүтээлд анзаарагддаг. Түүний орчуулгын бүтээл бол маш энгийн буюу төгс орчуулга байж чаддаг. Нөхөр минь улсад 37 жил хөдөлмөрлөөд, тэтгэвэртээ гарч, гавьяаныхаа амралтыг нэг сар ч эдэлж чадаагүй гунигтай. Хамгийн гол нь Мэргэнтэй хамт Монгол хэлнээ хөрвүүлэгдэн буух учиртай олон арван сонгодог бүтээл буулгүй орхигдсон нь туйлын гунигтай.

Ц.ЭНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
21
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж