News агентлагийн сэтгүүлчдийн бэлтгэсэн онцлох ярилцлагуудыг дахин хүргэж байна.
————————————————————————-
Л.ГАНТӨМӨР: С.ЭРДЭНИЙГ ХҮРЭЭЛЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ МЭДНЭ
УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр
-УИХ-ын сонгууль, Ардчилсан намын даргын сонгууль гэх мэт дараалсан сонгууль дуусч улстөрчид тус тусын ажилдаа орлоо. Та яг одоо ямар ажил дээр төвлөрч байна вэ?
-Судалгааны ажил хийж байна. Боловсролын байгууллагуудад зөвлөгөө өгч, шинжлэх ухааны тодорхой бүтээлүүд дээр ажиллаж байна. Эмийн ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг хэрхэн экспортод гаргах, олон улсад хүргэх вэ гэх мэт ажилд төвлөрч байна даа.
-Боловсролын салбарт ганцхан жилийн дотор зургаан дарга солигдлоо. Энэ салбарыг тэргүүлж байсан хүний хувьд нөхцөл байдалд ямар дүгнэлт хийх вэ?
-Боловсролын салбарт хийх ажил их бий. Хийсэн зүйл ч байгаа. Үүнийг бататгаж дараагийн ажлаа хийх ёстой. Би өөрөө сайд болохдоо ч өмнө нь хийсэн ажлыг үгүйсгэж байгаагүй. Жишээ нь, Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байсан орон нутгийн сургуулийг номын сантай болгох төслийг үргэлжлүүлсэн. Богино хугацаанд олон сайд солигдох нь нэг талаар хортой. Гэхдээ тэдний ажлыг харахад зөрүүтэй бодлого харагдахгүй байна. Нөгөө талдаа боловсрол өөрөө том цар хүрээтэй, олон хүнийг хамарсан салбар юм. Урам зоригоор ажил явдаг. Тиймээс өнгөрсөн хугацаанд олон дарга солигдлоо гэж сөргөөр харахгүйгээр, нэгэн зүгт чиглэж, эрч хүчтэй ажиллаасай гэж хүсч байна. Нэг онцолж хэлэх зүйл бол залуучуудад олгох тэтгэлгээ түр завсарлаад байгаа юм байна лээ. Үүнийг цааш үргэлжлүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл Монголчууд дэлхийн шилдэг сургуульд суралцаж, шилдгүүдтэй хамт сурч байж хөгжинө.
-Ардчилсан намыг “Шонхор” фракцын нам боллоо, ганц хүний дарангуйлал тогтлоо гэсэн шүүмжлэл сүүлийн үед багагүй гарах болсон. Танай нам үнэхээр С.Эрдэнийн нам болсон уу?
-Ардчилсан намын шинэчлэл Монголын улс төрд шинэ хандлага бий болгож чадсан гэж би харж байна. Нийт гишүүдээр асуудлаа шийдвэрлүүлдэг байдал бол шинэлэг. Ардчилсан намын хамгийн том шийдвэр гаргах эрхтэй байгууллага нь Их хурал. Дараагийн шийдвэр гаргах эрх мэдэлтэй байгууллага нь Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо. Ингээд Ардчилсан намын Улс төрийн зөвлөл. Тэгэхээр дээрх байгууллага бол хэн нэгэн улс төрчийн халаасанд хэзээ ч орохгүй.
————————————————————————-
Б.БЯМБАСАЙХАН: БИЗНЕСИЙНХЭН ТОГОО РУУ ГАА НУЛИМДАГГҮЙ
Эдийн засагч,"Nova terra" ХХК-ийн захирал Б.Бямбасайхан
-Эдийн засгийн өсөлт 5,3 хувьд хүрлээ гэж үзэж байна. Энэ нь бодит өсөлт мөн үү. Эдийн засгийн нөхцөл байдал бизнесийн орчинд хэрхэн нөлөөлж байна вэ. Энэ талаар та саналаа хуваалцаач?
-Юуны өмнө www.news.mn сайтын уншигчдад шинэ оны мэндийг хүргэе. Татвар нэмэгдэж байгаа боловч бизнес эрхэлж байгаа хүмүүс 2018 оныг өөдрөгөөр төсөөлж л ажлаа эхэлж байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал, эдийн засаг энэ онд өсөх төлөвтэй байгаа. Харин өнгөрсөн оны хувьд хүнд жил байсан. Үүнийг олон зүйлээр тодорхойлж болно. Эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлаас үүдэлтэй ойлгомжгүй цаг үе байлаа. Гэхдээ Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр макро төвшинд зарим ахиц гарч байна. Хэдийгээр татвар нэмсэнд татвар төлөгчид бид дургүйцэж байгаа ч нэгэнт шийдвэр жилийн өмнө гарчихсан шүү дээ. Одоо эдийн засаг тогтвортой болж, бизнесийн орчин сайжрах хүлээлт нэгэнт бий болсон байна. Үүнийг дагаад бодит орлого ч өснө гэсэн найдлага бий. Мэдээж манай эдийн засгийн суурь эрсдэлүүд хэвээр байгаа. Энэ нь гадаад зах зээл, хатуу дэд бүтэцийн хѳгжилтэй холбоотой юм.
-Эдийн засгийг өөдрөгөөр төсөөллөө гэхэд та жишээ нь хэдэн хувиар өсөх боломжтой гэж харж байна вэ?
-Олон улсын байгууллагуудын прогнозыг харахад 3-5 хувиар өсөх хандлага харагдаж байна.
Бид хүнд нөхцөл байдалд байсан болохоор үүнээс дор байдалд орно гэж байхгүй болов уу. Дээшлэхийг эрмэлзэнэ. Тэр утгаараа эдийн засаг өсөх хүлээлт бий болсон байна.
Эдийн засагт сөргөөр нөлөөлдөг хүчин зүйл бол тухайн салбарт бизнес эрхэлж байгаа хүмүүсээс санал авахгүйгээр татвар нэмэх шийдвэр юм. Энэ нь амьдрал дээр эдийн засгийн өсөлтийг хазаарлах аюултай. Шинэ Засгийн газар энэ талаар тууштай ажиллах байх гэж найдаж байна.
-МАН-ынхан өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулж, шинэ Засгийн газар байгуулсан. Шинэ сайд нар сайн ажиллаж чадах болов уу? Та хувьдаа энэ Засгийн газарт хэр итгэл хүлээлгэж байгаа вэ?
-Монгол Улсын иргэн, Монголд бизнес эрхэлж, татвар төлж буй хүний хувиар энэ асуултад хариулья. Ямар ч хүн Засгийн газрын үйл ажиллагааг муу байгаасай гэж хүсэхгүй. Яагаад гэвэл, аливаа Засгийн газрын гаргаж байгаа шийдвэр хүн бүрийн амьдралд нөлөөлж байдаг. Муу шийдвэр гаргаасай гэж хэн ч хүсэхгүй. Гол нь юун дээр анхаарах ёстой вэ гэхээр тооцоо, судалгаагаа сайн хийж, бодлогын шийдвэр гаргах хэрэгтэй. Татвар төлж, ажлын байр бий болгож байгаа компаниудын саналыг бодитоор сонсох хэрэгтэй. Зүгээр нэг дүр эсгэсэн байдлаар сонсох гэж байгаа бол шаардлагагүй. Олон талын нөхцөл байдлыг тооцсон шийдвэр гарах ёстой. Бизнес эрхлэгчид Засгийн газраас бодлогын шийдвэрээ тууштай хэрэгжүүлэх, төр нь хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх, татварын шударга орчинтой байхыг л хүснэ. Нөгөө талаас зарим нийтийн үйлчилгээний үнийн бодлогын талаар анхаарах ёстой санагддаг. Зарим бүтээгдэхүүний үнэ зах зээлийн жам ёсоор явдаггүй. Жишээ нь, эрчим хүчний салбарын үнийг чөлөөлж өгөхгүй болохоор энэ салбарт шинэ хөрөнгө оруулалт хийгдэхгүй, шинэ хүчин чадал бий болохгүй байна. Мөн ус цэвэрлэх байгууламжийг нэрлэж болно. Хэрэглэгч үйлчилгээний зардлаа төлөөд явах нь зах зээлийн зарчим юм. Засгийн газар үнийг зохиомлоор барих нь эдийн засгийн суурь дэд бүтцийн хөгжилд шууд сөргөөр нөлөөлдөг.
————————————————————————-
Шинэ нэр: Залуу түүхч Ч.Содбилэг
“Монголын их Юань улсын түүх” хэмээх боть номыг Ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхдаа бичиж, Монголынхоо түүхч, эрдэмтэн, судлаачдад сайшаагдсан бүтээл туурвиж чадсан залуу түүхч Ч.Содбилэгийг "ШИНЭ НЭР" булан онцолж байна. Тэрбээр өдгөө 26 настай бөгөөд 2017 онд өөрийн гурав дахь ном болох “Сэнтий түшсэн хатад” номыг гаргасан билээ. Залуу түүхч маань ярилцлагадаа “Үнэндээ би элдэв ном эрээчин бичиж хэвлүүлснээ ямар нэгэн амжилт гэж огт бодож байсангүй. Сонирхол маань намайг бүрэн эзэмдэн эрхшээсэн тул хийснээ чамлан голж, эрээчин бичих, эрж хайхын хүсэлд улам их шунах нь зовлонтой юм шиг боловч энэ бүхний утга учир, баяр жаргал нь эндээ л оршдог байх” хэмээн өгүүлсэн юм.
АНХНЫ АМЖИЛТ
-Би 2010 онд анх “Монголын их Юань гүрний түүх” гэдэг ном гаргаж байсан. Уг номондоо 1271-1368 он хүртэл оршин тогтнож байсан Монголын Юань гүрний түүхийг товчхон бичсэн. Тэр үеэс л Юань улсын улс төрийн түүхийг илүү их сонирхон, судалж эхэлсэн. Энэ бол дэлхий дахинд харьцангуй сайн судлагдсан сэдэв. Юань улс тархай бутархай байдалтай хэдэн зуун жил олон ханлиг байсан Хятадыг нэгтгэж, зуугаад жил захирснаар өнөөгийн Хятад Улс, Хань үндэстэн, Хятад соёл гэдэг нэгдмэл цогц ойлголтыг хүчээр бий болгосон. Сүн, Тангуд, Алтан, Баруун Ляо зэрэг улсын захиргаанд улам ондоошсоор байсан Хятад үндэстэн зөвхөн Юань улсын үед антропологийн хувьд бараг ижилсэж, хэл соёл, эдийн засаг, хөгжлийн зааг ялгаа арилсан. Хятад соёлын айд багтаж байсан Азийн суурин иргэншилт төрийн загварын хэдэн мянганы түүхэнд хамгийн гүнзгий ул мөр үлдээж, түүхийн эргэлт хийж чадсан цорын ганц гүрэн бол Монголчуудын цогцлоосон Их Юань гүрэн юм шүү дээ.
Хубилай хааныг Хятад газар төвлөн суусан гэх зэргээр орчин үежүүлж шүүмжилдэг ч тэр үед Бээжин хот бол Хятадын үндсэн нутагт биш, харин Тоба, Хятан, Жүрчин зэрэг умардын нүүдэлчдийн хэдэн зууны турш эзэгнэсэн газар нутагт оршиж байсан хот юм.
Тухайн үед би 11 дүгээр ангийн сурагч байлаа. Би өөрөө түүх маш их сонирхдог учраас надад ном гаргахад хэцүү бэрх ч юм уу ямар нэгэн мэдрэмж төрөөгүй. Харин ч өөрийнхөө сонирхож буй зүйлээ хийх нь амьдралаас мэдрэх аз жаргалын амт мэт байдаг. Үнэндээ би элдэв ном эрээчин бичиж хэвлүүлснээ ямар нэгэн амжилт гэж огт бодож байсангүй. Сонирхол маань намайг бүрэн эзэмдэн эрхшээсэн тул хийснээ чамлан голж, эрээчин бичих, эрж хайхын хүсэлд улам их шунах нь зовлонтой юм шиг боловч энэ бүхний утга учир, баяр жаргал нь эндээ л оршдог байх.
————————————————————
ТАНЫ ЗААВАЛ ҮЗЭХ ХАЙРЫН ТҮҮХ
Төрөхийн өвдөлтөөс 4-5 дахин илүү зовиурыг 9 жил мэдэрнэ гэдэг таны санаанд ч багтахгүй байх. Х.Мөнхбаяр “Adhesive Arachnoiditis” буюу Нугасны үрэвсэлт хатингаршил гэх өвчний улмаас энэ хэмжээний өвдөлтийг өдөр бүр мэдэрч, шаналдаг. Өвчнөө дарахын тулд өвдөлт намдаах эм, тариа их хэмжээгээр хэрэглэх шаардлагатай. Одоогоос нэг жилийн өмнө тэрбээр өдөрт нэг морфин тарьж өвчнөө мартдаг байсан бол өнөөдөр нэг таблет морфиныг өдөртөө дуусгадаг болжээ. Гэхдээ тэр түшиг болсон хань, гэр бүл, найз нөхдийн хамт бууж өгөлгүй шүд зууж явна.
Эмчилгээгүй гэх энэ өвчнийг Австри Улсад хянах боломжтой байдаг талаар тэр хэлсэн юм. Үүний тулд 30 гаруй сая төгрөг шаардлагатай болжээ.